Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц ”Монгол улсын бурхан шашны тэргүүн, шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч, аврал итгэл хамгийг айлдагч, оройн дээд Очирдарь Богд гэгээн Жэвзүндамба хутгагт олон ерөөлт өдрүүдийг сонгон, Монгол орондоо эргэн төрж, шашин, амьтны тусыг бүтээх ерөөлийг талбин тавьсаар дээд төрлөхтний шинжийг гарган нирваан дүрийг үзүүлсэн нь шавь бидний сүсэг бишрэлийг улам бататгасан сонин гайхамшигт үйл явдал болсон.
Богд гэгээн таалал төгсөхийн өмнө нийт шавь нартаа “Би эргэн Монгол орондоо төрнө, түүний төлөө хүч хатуу ерөөлийг үйлдэж байгаа. Миний дараагийн дүр улс төрөөс ангид байж, зөвхөн шашны үйлийг хийх болно” хэмээн гэрээслэсэн. Богд гэгээнтэнг таалал төгсөхийн өмнө үүрээр солонгын гэрэл цацарч ер бусын шинжийг гаргасан бөгөөд таалал төгссөнөөс хойш тав хоногийн турш дотоод сэтгэлийн бясалгалд оршиж шинийн 12-нд буюу гуравдугаар сарын 5-ны орой 20.30 цагт дотоод бясалгалаа тайлсан. Үүний учир бид Богд гэгээний таалал төгссөнд зориулсан хойдын буяны ёслолыг үйлдэж байгаа бөлгөө. Богд гэгээнтний хойдын үйлд нийт сүсэгтнүүд зул хүжийг барин, маань мэгзэмийг олонтаа уншин, хотол буяныг хурахыг эрхэмлээрэй. Богд гэгээнтний лагшин буюу шарилыг занданшуулан чимэгшүүлж, өглөг номын дагуу үйлдэж байгааг мэдэгдье. Үүнд багагүй хугацаа шаардагдах бөгөөд төгс гүйцэт шүтээн болсныг төгс гүйцэт мэдэгдэх болно” хэмээн айлдлаа.
Дөрвөн зуун шахам жилийн өмнөөс Монголын авралт богд Өндөр гэгээн Занабазараас хойш удаа дараалан заларч байсан Жэвзүндамба хутагтууд Монголын шашин соёлд үлэмж их ач тус үзүүлж байсны адилаар IX дүрийн Жэвзүндамба хутагт таны дараагийн дүр Монгол орондоо түргэн хувилан төрж шашны наран Замбутивийг гийгүүлэх болтугай.