Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад энэ сарын 11-15-нд албан ёсны айлчлал хийх юм. Ерөнхий сайд айлчлалаа эхлүүлэхээр өнөөдөр Японыг зорилоо. Уг айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд Японы Ерөнхий сайд Ё.Нодатай хэлэлцээ хийх аж. Мөн Японы Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомичи, Парламентын зөвлөхүүдийн танхимын дарга К.Хирата нарт бараалхаж Гадаад хэргийн сайд К.Гэнба, Эдийн засаг, үйлдвэрийн сайд Ю.Эдано нартай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөжээ.
Бас Токио хотноо болох Монгол, Японы бизнес уулзалтад оролцож үг хэлэх юм байна. Ерөнхий сайд С.Батболд Японы зүүн бүсэд болсон байгалийн гамшгаас хойш яг нэг жил өнгөрч байгаатай холбогдуулан энэ сарын 11-ний өдөр Токио хотноо болох Гамшигт амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цуглаанд оролцохоор болжээ. Осака мужид зочилж Осака хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын нээлтийн ёслолд оролцон Японд ажиллаж, амьдарч байгаа монголчуудтай уулзалт хийх ажээ.
Д.ОЮУН