Ардаа ацагтай чуулган

Хуучирсан мэдээ: 2012.03.10-нд нийтлэгдсэн

Ардаа ацагтай чуулган

УИХ-ын ээлжит бус чуулган ажлын дөрвөн өдөр чуулав. Ээлжит чуулгануудын үеэр хийсэн бүтээсэн гойд юмгүй өнгөрөөдөг сар, хоногуудыг бодвол гайгүй бүтээлч дөрвөн өдрийн хуралдаан болов. Төсөвтөө тодотгол хийгээд жагсаал цуглаанаар айлгаад байсан төрийн байгууллагын ажилтнуудын цалинг нэмчихлээ. Ахмадуудын тэтгэврийг өсгөчихлөө. АН-ын бүлгийнхэн зүтгэж байгаад 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан ахмадуудын тэтгэврийн зөрүүг тэгшитгэлээ. Хоёрдугаар сарын 1-нээс цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлнэ гэсэн амлалтдаа хүрч өнгөрсөн сарын нэмэгдлийг нөхөн олгохоор болов. Тавдугаар сарын 1-нээс цалин, тэтгэврийг дахин нэмнэ гэдгээ баталгаажууллаа.

Эдгээрт зориулж улсын төсөвт 161,5 тэрбум төгрөг нэмж тусгав. “Төсөв тэллээ” гэсэн шүүмжлэлд өртөж, гадаадын санхүүгийн байгуллагуудаас сануулга авч  байсан ч татвар төлөгчдийн халааснаас дахин ийм хэмжээний мөнгө сугалж чадлаа. Хэрэгжээд хоёрхон сарын нүүр үзэж байсан Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 177,9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж зургаан их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 158,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 6,5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нийт тэнцэл 464 тэрбум төгрөг болсныг УИХ-ын дарга ээлжит бус чуулганы төгсгөлд дуулгав. Ямар боловч хагас их наяд орчим төгрөгийн цоорхойтой төсвөөр 2012 онд Монгол Улс амьдрахаар болов.

Аргагүй сонгууль хаяанд ирсэн болохоор цалин хөлстэй холбоотой амлалтуудаа биелүүлэхээр УИХ-ынгишүүд  ээлжит бус чуулганы хэдэн өдөр ийнхүү мэрийж ажиллав. Ажил хаяхаараа айлгаж байгаад авдаг хэдийгээ нэмүүлж дөнгөдөг төсвийн байгууллагынхан санасандаа хүрч чадав. Шанд нь хүнс, барааны үнэ овоо хөөрхөн нэмэгдэж хайхрах төргүй хувийн хэвшлийнхний халаас, түрийвч нимгэрэхэд нэмэр болох шинжтэй. Цалин, тэтгэвэр нэмсэн сургаар өчигдөр орой үхрийн ястай мах кг нь 8800 төгрөг, хониных 7800 төгрөг болж “гялайлгасан” харагдсан. Харин үхрийн шулсан мах 10000 буюу нэгэн түмэн төгрөгт хүрч хэтэвч дундруулах “сайхан боломж” олгосон байна лээ. Талхан дээр 50 төгрөг нэмчихсэн. Нэг иймэрхүүгээр цалин, тэтгэврийн нэмэгдлийн эхний үр дүн гарч эхэллээ.

МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар цалин хөлс нэмэгдсэнд гялайж буйгаа илэрхийлэхээр Ерөнхий сайдад бараалхахдаа “Татварын ихэнхийг төлж төсөв бүрдүүлдэг хувийн хэвшлийнхнийг харж үзэж, цалингийн доод хэмжээг нэмж үзээрэй” хэмээн захиж харагдав. Энэ захиас хэрэгжиж гэмээнэ арай ядан цөөхөн ажлын байр гаргаж, хэдэн айлын талхны мөнгө залгуулдаг жижиг үйлдвэрийнхэнд бол ганц нэгийгээ халахаас өөрөөр гийгүүлэхгүй л байх.

Нийтэд хэрэгтэй нэг шийдвэрийг энэ дөрөв хоногт УИХ гаргасан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулиас гурвыг нь баталсан явдал юм. Ямар боловч ардчиллын салхи хамгийн бага нэвтэрсэн энэ салбарт нарны гэрэл тусах эхлэлийг түүгээр тавилаа.

Сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуулийг эрхэм гишүүд өнгөрсөн  нэгдүгээр сард батлахдаа 2012 оны долдугаар сарын 15-наас, өөрсдийнхөө бүрэн эрхийг дууссан хойно хэрэгжүүлж эхлэхээр “хөөрхөн” аргалсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч түүнд хориг тавьж тавдугаар сарын 1-нээс үйлчлэх ёстой гэснийг УИХ хүлээн авлаа. Өөрсдийн баталсан хуулиар сонирхлын зөрчлөө хэмжүүлэх боломж энэ УИХ-ын эрхэм гишүүдэд түүгээр тохиов.

УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулахаар эрхэм гишүүн Э.Бат-үүл, Р.Гончигдорж нараас өргөн мэдүүлсэн асуудлыг хаврын чуулган руу ухраахаар гэдийсэн ч АН-ын бүлгийн шахалтаар ээлжит бус чуулганаар хэлэлцэж, залуу сайдаа эсэн мэнд авч үлдэв. Жаргалын удаан, зовлонгийн түргэн гэгчээр эртхэн ингэж ярилцаж авсан нь ч болж дээ. Залуу сайд болчимгүй, хаана юу хэлэхээ анзаардаггүй, хий ихтэй байгааг ойрын өдрүүдийн үйл явдал харуулж өглөө. Төрийн том алба авсан хүн түргэн намба суух болтугай.

Орон нутгийн сонгуулийг хэзээ хийх асуудлаар АН, МАН-ын бүлгийнхэн санал нэгдэж чадалгүй ээлжит бус чуулганыг ардаа ацагтай өндөрлүүлэв. УИХ, орон нутгийн сонгуулийг хамт хийх байр сууриасаа АН-ын бүлэг бага зэрэг буулт хийж нийслэл, аймгийн Хурлын сонгуулийг УИХ-ынхтай хамт, сум, дүүргийнхийг намар хийе гэсэн ч МАН-ын бүлэг хүлээж авсангүй. Хоёр талаас тав, таван хүнтэй ажлын хэсэг гаргаад ч саналаа нэгтгэж дийлсэнгүй. Ингэснээр одоо үйлчилж буй хууль хүчин төгөлдөр үлдлээ. Одоогийн хуулиар УИХ, Орон нутгийн сонгуулийг зургадугаар сард хамт хийх ёстой. Ингээд Орон нутгийн сонгуулийн хууль хийгээд иргэний цахим үнэмлэхийн асуудал ирэх хаврын чуулганд ацаглагдан хоцорлоо. Болохгүй бол дахин ээлжит бус чуулган зарлаж ч болно гэсэн үг чуулганы танхимд дуулдсанаар ээлжит бус чуулган өндөрлөв.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж