Малчин эмэгтэйчүүд НҮБ-д чууллаа

Хуучирсан мэдээ: 2012.03.10-нд нийтлэгдсэн

Малчин эмэгтэйчүүд НҮБ-д чууллаа

Монголын малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл анх удаа НҮБ-ын чуулганд оролцон байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын санаачилгаар НҮБ 2012 оныг Олон улсын хоршооллын жил болгон зарлаад байгаа юм.

Нью-Йорк хотноо хуралдаж байгаа НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 56 дугаар чуулганы үйл ажиллагаанд монголын хөдөөгийн бүсгүйчүүдийн төлөөлөл болсон 20 эмэгтэй оролцож хөдөөгийн эмэгтэйчүүдэд тулгарч байгаа саад бэрхшээл, түүнийг арилгах талаар Засгийн газар, олон улсын байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ярилцжээ. Монголын хөдөө орон нутгаас ирсэн эмэгтэйчүүд өдөр тутмын амьдралд тулгардаг сорилтууд, тэдгээрийг даван туулахад учирч буй бэрхшээлийн талаар санал бодлоо хуваалцсан нь арга хэмжээнд оролцогчдын анхаарлыг ихээхэн татжээ.

“Хөдөөгийн эмэгтэйчүүдийн асуудлууд: Бид үүрэг амлалтаа биелүүлж чадаж байна уу?” сэдэвт арга хэмжээг Монгол Улсаас  НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан болон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газартай хамтран НҮБ-ын төв байранд амжилттай зохион байгуулах үеэр малчин эмэгтэйчүүд хөдөөгийн иргэдийн ахуй амьдралын талаарх байр сууриа илэрхийлэн ярилцсан байна.

Дэлхийн хэмжээнд 500 сая жижиг фермерийн аж ахуй ажиллаж байгаагийн нийт ажиллагсдын 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг ажээ. Хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөөгийн эмэгтэйчүүдэд зөв зохистой хооллолтын талаарх ойлголтыг бий болгох, хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр НҮБ-ын холбогдох байгууллага Монгол Улстай хамтран ажиллах юм байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж