“Facebook сайт гуравдугаар сарын 15-нд хаагдана”. Та лав үүнийг сонссон байх. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн дунд тархсан энэ мэдээллийг “Weekly World News” цацжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд тус сайтад "Хамгийн олон хэрэглэгчтэй, хамгийн алдартай Facebook сүлжээ 2012 оны гуравдугаар сарын 15-нд хаагдаж, түүх болон үлдэх нь" хэмээн бичиж байсан юм. Учир нь “Facebook” ачааллаа даахаа больж, Марк Цукерберг энэ бүхнийг амжуулах гэж зүтгэсээр залхсан гэнэ. Тиймээс хамгийн залуу тэрбумтан “Facebook”-ыг хааж, хэвийн амьдралдаа эргэн орохоор шийдсэн гэсэн мэдээллийг харин “Facebook”-ийн гүйцэтгэх захирал Шерил Сандберг худал цуурхал хэмээн үгүйсгэж, “Facebook хаагдахгүй. Ийм зүйл хэзээ ч болохгүй. Бид дөнгөж эхэлж байна” хэмээн мэдэгдсэн байна.
“Facebook хаагдана” гэдэг худал мэдээллийг анх цацсан сайт өмнө нь АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамаг хөл хүнд болсон, 2011 онд дэлхий рүү харь гаригийнхан довтолно гэх зэрэг цуурхал тарьж байжээ. “Facebook”-ийг үндэслэгч Марк Цукерберг өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр хөрөнгийн зах зээлд өрсөлдөхөөр шийдэж, таван тэрбум ам.долларын IPO гаргах гэж буйгаа мэдэгдсэн юм. 100 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Facebook” IPO босгосноор олон хүнийг тэрбумтан болгохоор төлөвлөж байгаа юм.
Н.Энх