Монголыг монгол хүний толгой хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.10-нд нийтлэгдсэн

Монголыг монгол хүний толгой хөгжүүлнэ

УИХ-аар нэлээд удаан хэлэлцэж буй Инновацийн тухай хуулийг ирэх хаврын чуулганаар үргэлжлүүлэхээр боллоо. Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, эдийн засгийн төрөлжилтийг бий болгон “солонгоруулах”-ын тулд инновацийн үндэсний тогтолцоог хөгжүүлэх хэрэгтэй байгаа тухай гишүүд хэлж байгаа юм. Уул уурхайд түшиглэснийг “хүрэн” эдийн засаг, байгаль экологид ээлтэй үйлдвэрлэлд түшиглэснийг “ногоон” эдийн засаг гэхчлэн нэрлэдэг бол инновацид тулгуурласан олон талт эдийн засгийг хөгжүүлснээр эдгээр өнгө хоршиж “солонгорох” юм байна.

Байгалийн баялаг шавхагддаг тул боловсруулах үйлдвэртэй зэрэгцүүлэн шавхагдашгүй баялаг болох хүний оюун ухаан, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд төрөөс анхаарч байгалийн баялгаас олж байгаа орлогоос шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагааг дэмжихэд зарцуулах хэрэгтэй гэж эрдэмтэн судлаачид хэлэх болсон. Үүнийг хангахад Инновацийн хуулийг баталж, эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй байгаа юм.

Инновацийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллаж байна.  Түүнээс уг хуулийг батлахын ач холбогдлын талаар тодруулахад дараах хариултыг өглөө. Гишүүн С.Бямбацогт “Монгол Улс Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхайн салбар дээр түшиглэх биш, харин монгол хүний толгойд түшиглэж хөгжих ганцхан боломж бий. Монгол Улс өөрийн онцлогт нийцсэн инновацийн тогтолцоог бий болгох, энэ талаар үндэстний хүсэл /National Will/-ийг тодорхойлох шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар ШУА болон бусад шинжилгээ судалгааны газруудын хийж байгаа бүтээл амьдралд хэрэглэгдэж үр ашгаа өгөхгүй, ном, бичиг баримт төдийд хэвлэгдэхээс цааш хэтрэхгүй байна. Гэтэл оюуны өмч, шинэ санаачилга, шинэ бүтээлийг судалгааны үндсэн дээр үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж үр шимийг нь хүртэх тодорхой хэмжээний бодлого хэрэгтэй байгаа юм. Ийм бодлогыг Инновацийн хууль зохицуулж өгөх учиртай. Инноваци бол бүх салбарт яригдах ёстой асуудал. Технологийн хөгжил муу, оюуны мэдлэгийг салбартаа ашиглаж чадахгүй байгаа нь биднийг хөгжлөөс хойш татсаар байна. Цаашид их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд үйлдвэрлэл эрхлэгчид нэг бүтцэд нэгдэж байж шинэ санаачилга, оюуны өмч, шинжлэх ухааны баялаг мэдээллийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Тийм  хэрэгцээ, шаардлага ч байгаа юм. Орчин үед улс орнууд инновацийн хөгжлийг тэргүүлэх чиглэл, алсын бодлогоо болгож байна” гэлээ. 

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж