Азийн Оюутны Аварга Шалгаруулах эмэгтэй волейболын хоёрдугаар тэмцээн Улаанбаатар хотноо 2012 оны 4 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд зохиогдоно. Тус тэмцээнийг Монгол Улсад зохион явуулахыг Азийн оюутны спортын холбооны Ерөнхий Ассамблейн хурлаас шийдвэрлэж, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 07 сарын 27-ны өдрийн 242 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 435 тоот тушаал гарчээ.
Бэлтгэл ажил 65 хувьтай байна гэж дүгнэлээ
Азийн оюутны эмэгтэй волейболын аварга шалгаруулах II тэмцээний анхдугаар хэвлэлийн хурал боллоо. Уг хуралд Азийн оюутны спортын холбооны төлөөлөгч, БНХАУ-ын иргэн Шүй Хуй, тэмцээний техникийн төлөөлөгч, Азийн волейболын холбооны шүүгчдийн комиссын гишүүн Япон улсын иргэн Ёшихарү Нишиваки, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар болон волейболын холбооны шүүгчид оролцов. Энэ удаад анхдугаар тэмцээний аварга Тайланд, мөн зохион байгуулагч Монголоос гадна Хонконг, Казахстан, Киргизстан, Малайз гэсэн зургаан орон оролцохоор эцсийн байдлаар мэдүүлэгээ өгчээ. Хэвлэлийн хурлын үеэр Д.Жаргалсайхан дарга хэлэхдээ “Тэмцээний бэлтгэл ажил үндсэндээ 65 хувьтай явж байна гэж дүгнэлээ. Тэмцээн Буянт-Ухаан дахь Спортын шинэ ордонд болно. Харин тамирчид Спортын төв ордон болон МУИС-ийн Эдийн засгийн сургуульд тус тус бэлтгэлээ базааж, “Цэцэг” зочид буудалд байрлана. Тэмцээнийг олон улсын стандартад нийцсэн Жефлор шалан дээр явуулна. Шал маань даваа гаригт ирэх юм” гэсэн мэдээллийг өглөө. II тэмцээнд оролцох зургаан баг олон улсын волейболын холбооны дүрмийн дагуу тойргоор тоглох бөгөөд I, II байр эзэлсэн багууд хоорондоо аваргын төлөө, харин III, IV байр эзэлсэн нь хүрэл медалийн төлөө тоглоно. Монголын шигшээ, урьдчисан байдлаар “Энагура”, “Уурхайчин”, “Эрчим”, “Тэнүүн Огоо” багуудын 22 тамирчнаар бүрдүүлсэн. “Хангарьд” дахь нэгдсэн цугларалт дууссаны дараа тэднээс 12-ыг нь эцсийн байдлаар сонгон шалгаруулах ажээ.
Сугалаа явагдлаа
Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболын II тэмцээний сугалаа өнөөдөр явагдлаа. Сугалаа сугалах ёслолыг Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх удирдан явуулсан юм.
- Киргизстан
- Малайз
- Казахстан
- Монгол
- Хонконг
- Тайланд гэсэн дараалалаар сугалаа таарсан бөгөөд олон улсын волейболын холбооны дүрмийн дагуу эхний тоглолт Киргизтан, 2009 оны Азийн аварга Тайландын багуудын хооронд болно. Харин хоёр дахь тоглолт Малайз, Хонконгийн шигшээ багуудын дунд өрнөх юм. Эхний гурван тоглолтын төгсгөлд талбайн эзэн Монгол, Казахстаны хүчтэй багтай өрсөлдөнө.
БТСГ-ын дарга Ч.Наранбаатар төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Тэмцээнийг зохион байгуулах хорооны орлогч дарга, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар бэлтгэл ажилтай танилцахаар ирсэн Азийн оюутны спортын холбооны төлөөлөгч, БНХАУ-ын иргэн Шүй Хуй, тэмцээний техникийн төлөөлөгч, Азийн волейболын холбооны шүүгчдийн комиссын гишүүн Япон улсын иргэн Ёшихарү Нишиваки нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр төлөөлөгчид бэлтгэл ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, МУИС-ийн бэлтгэлийн заалны асуудалд анхаарал хандуулж, тамирчдын эрүүл мэндийг нэгдүгээрт тавихыг анхааруулж, хүссэн юм. Хариуд нь БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хэлэхдээ “Бид тэмцээнийг өндөр зохион байгуулалт дор хийхээр хичээж байна. Зохион байгуулах хорооныхон тамирчдын эрүүл мэнд, зохион байгуулалт гээд бүх тал дээр сайн ажиллаж байгаа. Бидэнд зөвлөгөө өгч, тэмцээнээ амжилттай зохион байгуулъя. Та бүхнийг ирсэнд баяртай байна” гээд Монголд тавтай морилохыг хүслээ.
Тэмцээний ЗБХороо ба удирдлага
Тэмцээний зохион байгуулах хороог Эрүүл мэндийн сайд С.Ламбаа удирдан, ЗБХ-ны орлогч даргаар ЗГХАгентлаг, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, ЗБХ-ны нарийн бичгийн даргаар Монголын оюутны спортын холбооны /МОСХ/ ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, ЗБХ-ны гишүүдэд БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Далайжаргал, Нийслэлийн ЗДТГазрын дарга Ц.Болдсайхан, СЯ-ны газрын дарга Д.Батжаргал, ГХЯамны консулын газрын дарга Д.Ганхуяг, БСШУЯ-ны мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжав, ГИХАлбаны дарга Д.Мөрөн, МУИС-ийн ректор С.Төмөр-очир, МУБИС-ийн ректор Б.Жадамба, МОСХ-ны ерөнхийлөгч, ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д.Баясгалан, МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл, Монголын волейболын холбооны ерөнхий нарий бичгийн дарга Ц.Бат-энх, МИАТ- ХК-ийн маркетинг, борлуулатын хэлтсийн дарга Т. Мэндсайхан, “Боловсрол суваг” телевизийн ерөнхий захирал А.Амундра, “Залуу Монгол” корпорацийн ерөнхийлөгч М.Сономпил нарын хүмүүсийг Эрүүл мэндийн сайдын 2011 оны 435 тоот тушаалаар баталжээ.
Олон улсын баг ажиллана
Тэмцээн олон улсын волейболын холбооны дүрмийн дагуу явагдах ба Азийн оюутны спортын холбоо, Азийн волейболын холбооноос томилогдсон таван хүний бүрэлдэхүүнтэй олон улсын баг ирж удирдан явуулна. Одоогоор Япон, Тайланд, БНХАУ, Казахстан улсуудаас олон улсын багийн гишүүд ажиллахаар тодорчээ.
Тэмцээн ашиглах хэрэглэл, материал
Тэмцээнд ОУВХ-ны стандартыг хангасан Франц улсын Gerfloor брэндийн шал, Японы Микаса бөмбөг, БНХАУ-д үйлдвэрлэсэн шон дагалдах материалыг ашиглана.
Монголын тамирчдын амжилт
Сүүлийн жилүүдэд Монголын оюутны эмэгтэй тамирчдын амжилт тивийн түвшинд хүрч хөгжсөн ба Тайланд улсын Бангкок хотноо 2009 онд зохиогдсон Азийн оюутны аварга шалгаруулах волейболын анхдугаар тэмцээнд манай улсын баг тамирчид Тайланд, БНХАУ-ын дараа орж, хүрэл медаль хүртсэн юм. Мөн ОУХМастер Г.Цэцэгжаргал шилдэг тамирчнаар, П.Буянжаргал шилдэг хамгаалагчаар тус тус шалгарч өндөр амжилт үзүүлж байжээ. Монголын баг тамирчид энэхүү тэмцээнээс дахин медаль авах бүрэн боломжтой.
Манай орны оюутан тамирчид анх 1965 онд Унгар улсын Будапешт хотноо Дэлхийн оюутны зуны спортын Универсиад наадмаас эхлэн оролцож 1973 онд ЗХУ-ын Москва хот, 1977 онд Болгар улсын Софи, 2009 онд Серби улсын Белград хотноо тус тус оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байсан.
Баг тамирчид “Хангарьд” ордонд бэлтгэл хийж байна
Манай улсын эмэгтэй волейболчдын шигшээ бүрэлдэхүүнд багийн даргаар М.Сономпил /МОСХ-ны болон МВХ-ны УЗ-ийн гишүүн/, багийн даргын орлогчоор Жин Жи Хунг /Энагура багийг эзэн/, ахлах дасгалжуулагчаар Жон Юн Ха, дасгалжуулагчаар Б.Хэрлэн, “Сүлд” багийн дасгалжуулагч Р.Тамир, орчуулагч Д.Мөнхцэцэг нар ажиллана. Шигшээ багийн бүрэлдэхүүнд олон улсын хэмжээний мастер Г.Цэцэгжаргал, спортын мастер Г.Өлзийдэлгэр, П.Буянжаргал, Д.Алтансувд, дэд мастер Г.Энхсайхан, Э.Мөнх-Үйлс, А.Пүрэвсүрэн, Ж.Нямсүрэн, Ч.Халиун, У.Гэрэлмаа, Л.Отгонцэцэг, С.Отгонбямба нарын тэргүүтэй 22 тамирчин багтжээ. Монголын волейболчин охид 2012 оны гуравдугаар сарын 5-26 ны өдрүүдэд Эрдэнэт хот дахь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” ордонд 21 хоногийн бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм.
Телевизүүд шууд дамжуулна
Тэмцээний үйл ажиллагааг шууд нэвтрүүлэх телевизүүд саналаа ЗБХороонд ирүүлээд байна. Одоогоор оюутны Азийн аваргын тэмцээнийг “Боловсрол суваг” телевиз, “Sport box” телевиз, Ийгл телевиз шууд дамжуула эрхээ авч, урьдчилсан реклам зар, сурталчилгаагаа хоёрдугаар сарын 20-ноос эхлээд байна. Мөн ТВ5, ТВ 9 телевизүүд шууд дамжуулах сонирхолтой байгаа ажээ. МҮОНРТ нь хэсэгчлэн дамжуулах гэнэ. Олон улсын байгууллагаас тогтоогдсон журмын дагуу эрх авсан телевизүүд ЗБХ-той хамтран эртнээс телевизийн сурталчилгаагаа хийж эхлэн гэрээ байгуулан хамтран ажилладаг ажээ.
Хяналтын хорооныхон ажиллаж байна
Энэхүү тэмцээний бэлтгэл ажлыг шалгах зорилгоор Азийн Оюутны Спортын Холбооны төлөөлөгч, БНХАУ-ын иргэн Шүй Хуй, Азийн волейболын холбооны техникийн төлөөлөгч, Япон улсын иргэн Ёшихарү Нишиваки нар гуравдугаар сарын 9-11-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж байна. Хяналтын хорооны гишүүд тэмцээн зохион байгуулагдах “Буянт-Ухаа” биеийн тамир, спортын ордон, баг тамирчдын тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилт хангах Спортын төв ордон, МУИС, МУБИС зэрэг заалуудаар орж, тамирчидын байрлах зочид буудал, техник хангамж, ажиллах хүч, сайн дурын оюутан-орчуулагч, эмнэлэг, хамгаалалт, соёл урлагийн үйлчилгээ явуулах, нээлт хааалтын ёслолын протокол зэрэгтэй танилцаж үнэлэлт дүгнэлт гаргалаа. Мөн тэмцээний Зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн, Волейболын холбооны хүндэт ерөнхийлөгч С.Ламбаа, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан зэрэг албаны хүмүүстэй уулзан тэмцээний бэлтгэл ажил, зохион байгуулах хорооны үйл ажиллагаатай танилцсан юм.
Гадаадын тамирчдын визийг хөнгөлөлтэй үнээр олгож байна
Гадаад хэргийн яам, ЗБХороо хамтран тэмцээн оролцох гадаадын орны баг тамирчид, төлөөлөгчдийг визний хураамжыг хөнгөлөн олгож эхлэсэн байна. Мөн ГИХАлба визийг хилийн постууд дээр хөнгөн шуурхай олгох, ХЦУГазар нь баг тамирчдыг хил дээр тусгай шугам гарган үйлчилэх болоод байна.
Тэмцээнд ажиллах сайн дурын оюутнууд сонгогдлоо
Азийн оюутны аваргын тэмцээнийг зохион байгуулахад манай орны Их, Дээд сургуулийн сайн дурын 50 гаруй оюутнуудыг ажиллуулах бөгөөд БСШУЯам , Монголын Оюутны Холбоотой хамтран өнгөрсөн оны 12 сард сонгон шалгаруулжээ. МУИС, МУБИС, ХИС, Мон-алтиус, оюутнуудаас орчуулагч хөтөч, “Буянт-ухаа” спортын ордон, хэвлэл мэдээллийн төв, нисэх буудал, дотоод хамгаалалт, зочид буудал, соёлын арга хэмжээ, тэмцээний бэлтгэл ажил болон бусад үйлчилгээнд ажиллах бөгөөд тэднийг дадлагажуулах сургалтанд хамруулах ажээ.