Умард Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө түр зогсоож, хариуд нь АНУ-аас хүнсний тусламж авах хэлэлцээ нэг алхам урагшилсан талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өчигдөр мэдээлжээ. Хиллари Клинтон хэлэлцээ зөв замдаа орсон гэж онцолжээ. Хэдийгээр хэлэлцээ амжилттай болж буй авч Умард Солонгосын эрх баригчдыг анхааралтай ажиглаж байх болно гэж тэрбээр хэлсэн байна. Умард Солонгосын эрх баригчид долоо хоногийн өмнө ураны баяжуулалт, цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө зогсоож , НҮБ-ын цөмийн шинжээчдийг цөмийн байгууламжууддаа оруулахыг зөвшөөрч үүний хариуд АНУ-аас 240,000 тонн хүнсний тусламж авах болсноо мэдэгдсэн. Умард Солонгост сүүлийн хорин жил олон улсын хориг тавьж, эдийн засаг нь доройтсоноос олон сая хүн өлсгөлөн гуйланчлалд амьдарч байгаа билээ. 2009 онд Пхеньяний цөмийн хөтөлбөрийн асуудлаас болж АНУ тус улсад илгээж байсан хүнсний тусламжаа зогсоосон юм. Нөгөө талаар олон улсын байгууллагаас тус улсад явуулдаг хүнсний тусламж цэргийнхэн болон элитүүдэд очдог тухай мэдээлэл гарах болсон билээ. Умард Солонгосын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийсэн АНУ-ын хүмүүнлэгийн тусгай төлөөлөгч Роберт Кингийн хэлснээр хэлэлцээ шийдвэр гаргах төвшинд асуудалгүй боловч бусад хэлэлцэх жижиг асуудлууд байгаа гэнэ.
Н.Энх