Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Ялагчид


Агуу эх орны дайнд боолчууд ба системийн эрэг шураг ялаагүй. Харин эрэлхэг, эр зоригтон ухаантнууд ялсан юм. Өнөөгийн иргэншлийн хувьд Дэлхийн II дайныг ялалтаар дуусгахад Зөвлөлт холбоот улс түүнд ямар гол үүрэг гүйцэтгэсний хариултыг олоход хэцүү. Нэн ялангуяа өнөөгийн “пепсийн үеийнхэнд” бол бүр ойлголт байхгүй.

Ер нь бол өнөөгийн нэртэй эрдэмтэн түүхчид ч хорих лагерууд, сөрөг тагнуул, “дайсныг барьж байх” зориулалттай отрядууд, торгуулийн сумангууд, олон нийтийг хоморголсон их харгислал зэрэгцэн оршихын хажуугаар шинжлэх ухаан, техникийн байгаагүй их үсрэлт гарсныг тэр болгон тайлбарлаж чаддаггүй. Ялагдсан Германы рейхстаг дээр Америк, Их Британийн цагаан, хөх, улаан биш харин Зөвлөлтийн улаан туг мандсаныг ойлгох хүн бас цөөн. Оросууд дайсны хүүрээр зам засаад ялсан биш, илүү сайн байлдаж, ажиллаж байснаараа тэр ялалтыг авчирсан билээ. Орос ухаан, тэвчээр, зориг германчуудын бүрэнхий суутнуудыг ялсан түүх юм.

Эх орны дайн эхлэхэд Зөвлөлтийн баруун хязгаарт 152 мм-ээс дээш том калибрийн олон тооны их буунууд хуримтлагдсан байлаа. Тэд хүнд жинтэй, өөрсдийн шуурхай биш чанараараа хамгаалалтад бараг нэрмээс болж байлаа. Тэднийг хаяж болох л байв. Том буунуудыг үйлдвэрлэхэд хурдан ч алдсан тоогоо нөхөж чадахгүй ба дараа нь дотолгоонд ороход уг зэвсэг хэрэг болно. Тэр үед яах вэ?
Их бууны ерөнхий газрын дарга их бууны хурандаа генерал Николай Дмитриевич Яковлев том буунуудыг нэн даруй гүн ар тал руу зөөх тушаал өгсөн байна. Энэ бол зоригтой бөгөөд амь дүйсэн шийдвэр байсан юм. Байгаа бүх хүчээ баруун фронтод хаяж байлаа. Гэтэл их буу ачсан цуваа гүн ар тал руу хөдөлж байдаг нь тийм тушаал өгсөн хүнийг дайсны гар хөл гэхээр байсан билээ. Бүх хүнд их буунуудыг 1941 оны зун фронтын шугамаас ар талд Дээд ерөнхий командлалын нөөцөнд авчирсан байлаа. Довтолгоонд орох цаг ирэхэд тэр том их буунуудын сум дайсны хамгаалалтыг  бут ниргэн Улаан армид зам засч байсан юм. Дайны эхний жил ар тийш хүнд их буунуудаас гадна олон тооны үйлдвэр заводыг нүүлгэсэн. Тогтмол дайсны агаарын довтолгоонд өртөж байсан төмөр замаар л тэр их шилжүүлэлтийг хийсэн билээ. Төмөр замыг хурандаа Иван Владимирович Ковалев удирдаж байсан ба генералд хүчирхэг их буунуудаа зөөхөд нь тус болжээ.

Мартагдсан хэдхэн тоо. Нүүлгэн зөөх тээвэрлэлт дайны эхэн үед нэг сая 600 мянган вагон болж байсны нэг сая 200 мянга нь цэвэр цэргийн ачаа байсан юм. Москвагийн тулалдааны үеэр Сибириэс зөөсөн нөөц хүчин хоногт 1000 километрын хурдтайгаар ирж байлаа!

Дайны эхний хоёр долоо хоногийн дотор Зөвлөлтийн баруун хэсгийн төмөр замууд бараг бүрэн жагсаалаас гарсан байв. Немцүүд зангилаа станцуудыг бөмбөгдөж, армийн дарга нь баруунд илгээсэн зэр зэвсэгтэй бүх вагонуудаа хаана байгааг мэдэхээ больсон байлаа. Хаант Орост ч, Зөвлөлтөд ч цэргийн ачаатай вагон бүрийг дугаарлан хаана явааг нь зургаан цаг бүрт бүртгэн мэдээлдэг байжээ. Дайн эхлэхийн өмнөхан Зам холбооны ардын комиссар Лазарь Каганович тэндээс хоцрогдлыг олж хараад галт тэрэгний цувааг тэр чигт нь литержүүлэн тэдний хөдөлгөөний хяналтын цагийг уртасгажээ. 1941 оны зургадугаар сард тэр нь сүйрлийн үр дагавар авчирсан юм. Дайны эхний сард цэргийн ачаатай вагоныг ямар ч хамаагүй цуваанд зүүн тийш илгээж байснаас Улаан армийн арын албаны хангамжид жинхэнэ хөл толгойгүй холион бантан үүссэн юм. Гэмт хэрэгтнүүдийг хайн тэднийг цээрлүүлж эхлэхдээ үүнийг анхлан гаргасан Кагановичийн талаар санасангүй өнгөрчээ. Тэр цагаар Иван Ковалев тус оронд байсан бүх вагоны жагсаалтыг гарган ачааг нь шалгуулж, хуучин системийн бүртгэлдээ орохын төлөө хатуу зогсон хэв журмыг тогтоож чадсан билээ. Ковалев бөмбөгдөлтөөс цуваануудыг гаргах арга замыг олсон хүн. Германчууд төмөр замыг өөрсдөдөө хэрэг болно гээд бөмбөгдөлгүй, харин зангилаа станцуудыг бөмбөгдөж байсан учир тэрээр цувааг төмөр замаар цувруулан тавих буюу салаа замуудад авчирдаг байв. Цагийг яг таг барьдаг немцүүд бөмбөгдөлтөө оройн 21:00-д яг эхэлдэг байсан нь Ковеловт түүнээс өмнө цувааг аюулгүй газар аваачих боломжийг өгчээ. Германчууд хэдэн арван км-ээр цувран зогссон цуваануудын дээгүүр тайван нисэн өнгөрч хоосорсон зангилаан дээр бөмбөгөө “асгадаг” байсан гэнэ. Бөмбөгдөлтийн дараа буудлын замыг тэр даруйд нь засан сэргээж хөдөлгөөн өмнөх хурдаараа үргэлжилдэг байсан аж.

Эцсийн эцэст немцүүд оросуудад хууртаж байснаа мэдсэн ч өөрсдийгөө
өөрчилж чадаагүй ажээ

Фашистууд Москвад дөхөж ирэхэд Жанжин штаб төмөр замын цэргийг татан буулгаж бие бүрэлдэхүүнийг нь фронтод илгээх санал гаргасан байна. Татан буулгах комиссийг хэт “улаан коммунист” Лев Мехлисээр толгойлуулсан юм. Гэвч комиссийн сүүлчийн хуралдаан дээр уг асуудлаар санал хураахад Иван Ковалев эрс хатуугаар бүх төмөр замын мэргэжилтнүүдийг Москвагийн төлөө тулалдаанд тахил өргөхөд ухаан шаардагдах зүйл биш. Харин манайх ухарч дуусаад арми баруун тийш хөдлөхөд хэн төмөр замыг сэргээн засварлах болж байна? гэж эсэргүүцсэн юм. Хурандаа Ковалев, дэгслэгч генерал Мехлис, армийн генерал Шапошниковын эсрэг байсан болж таарлаа. Мэдээж, энэ талаар Сталинд илтгэж, хурандаа Дээд ерөнхий командлагчийн шийдвэрийг эсэргүүцлээ гэжээ. Сталин түүнийг дуудан нэлээд бүдүүлгээр тайлбар хийхийг шаардсан байна. Иван Владимирович түүнээс сүрдсэн юмгүйгээр өөрийн тайлбарыг хийж, Иосиф Виссарионович дээд боловсролгүй ч гэсэн түүнийг ойлгосон байна. Ингээд татан буулгах комиссийг тарааж, Мехлис, Шапошников гэсэн армийн удирдлага буруутлаа. Энэ нь ирээдүйн ялалтад асар  их үүрэг гүйцэтгэсэн гэж болно.

Зөвлөлтийн зэвсгийн зохион бүтээгчдийн талаар хангалттай их баримт бий. Харин Николай Федорович Шашмурины тухай тэр болгон мэдэхгүй. Тэр Курскийн тулалдаанд ялахад нь их тус болсон юм. Ер нь түүний танк бүтээх  салбарт хийсэн гавьяа нь бүрэн үнэлэгдээгүй

Кировын үйлдвэрт тэрээр 27 настайдаа ирээд шууд л зохион бүтээх товчоонд нь ажилласан байна. Ленинградад үйлдвэрлэсэн хүнд танкуудад тэрээр зөвхөн торсионы гэх бэхэлгээг хийлгэж авсан байв. Торсион танкийн жинг даахгүй гэж байсан юм. Гучаад онд тэрээр  танк бүтээгчдийн дунд асар их нэр хүндтэй болсон байлаа.

Жозеф Котны бүтээсэн КВ-1 танк тухайн цагтаа хамгийн шилдэг хүнд танк байлаа. Гэхдээ түүний нэг дутагдал нь явалт муутай байсан юм. Хурдын хайрцаг муу байснаас танк хэдхэн км яваад гацаад зогсдог зуршилтай. Кировын заводыг Челябинскт нүүлгэн ирсний дараа ч тэр дутагдалтай танкаа үйлдвэрлэсээр байсан юм. 1942 оны зун Т-34 бөөний үйлдвэрлэлд ороогүй зэргээс Улаан арми танкаас 1941 оны зунаас муу хангагдсан байлаа. Тэр үеэр Николай Шашмуринд гажигтай хурдын хайрцгийг шинэчлэх үүрэг өгсөн байна. Тэрээр огт шинэ механизм бүтээсэн нь КВ танканд шинэ найдвар, шинэ хурдыг өгөв. Шинэ танкийг КВ-1с гэж нэрлэжээ. С гэдэг нь хурдтай гэсэн үг юм л даа. Тэр танкууд л Курскийн тулалдааны гол хүч байлаа. Курскийн цүлхэрт Танкийн тавдугаар арми шинэ байрлалд ирэх үеэр хэдэн зуун КВ 400 км замыг ганц удаа зогсолгүйгээр туулж байлаа. Николай Федорович машин бүтээх үйлдлийн технологийн шинэчлэлийг хийж чадсан ба хүнд ИС-2 танкны үйлдвэрийн бүтээмж нь дунд танк Т-34-тэй адилхан байв. Бүх баримтад ИС-2 танкийг Николай Духов зохиосон гэж байсан нь үнэнд төдийлөн нийцэхгүй. Тэр Челябинскийн үйлдвэрийн ерөнхий зохион бүтээгч байсан нь үнэн. Духов ИС-3 танкаа бүтээнэ гээд ИС-2 танк хийх асуудлыг  Шашмуринд гардуулсан байлаа. Эцэст нь болхидуу гэмээр ИС-2 маш догшин төмөр дайчин болсон ба харин сайхан харагдах ИС-3 нь хөшөөнд л  байрлах болжээ. ИС-2 танк Германы “Хаан барс” танкаас 11 тонноор хөнгөн ба хуягийнхаа хамгаалалтаар түүнээс бүтэн хагас дахин илүү байлаа.
1944 онд хэдэн зуун ИС -3 ба  ИС-4 танкийг үйлдвэрлэн фронтод авчирсан боловч үр дүнгүй болсон юм. Харин ИС-2 танк дайны сүүл үед фронтод хамгийн хэрэгтэй танк болсон байв. Сталин түүнийг “ялалтын танк” гэж нэрлэсэн нь санамсаргүй зүйл биш.

Том калибрийн пулемет ДШК – Дегтярев, Шпагин, Колесниковыг зэвсэглэлд 1938 онд нийлүүлсэн ба дэлхийн шилдэг болж чадсан юм.
Өнөөгийн Оросын тэнгисийн явган цэрэг одоо ч тэр пулеметаар зэвсэглэсэн байгаа. Саяхан “Агуу Петр” гэх Оросын атомын крейсер  Адены буланд далайн дээрэмчдийн эсрэг эргүүлд гарахад усан цэргүүд нь тэр буугаар бай буудан сургууль хийж байсныг телевизээр үзүүлнэ билээ.
Алдартай, дивизионы их буу ЗИС-3 нэртэй гоё дэгжин их бууг Василий Гаврилович Грабин (гэрэл зурагт) зохион бүтээжээ. Өнөөг хүртэл энэ их буу олон орны армид албаа гүйцэтгэсээр байна. Зөвлөлтийн үед өгөгдсөн лицинзээр тэр бууг хийж байгаа аж. Сталиныг үзэн яддаг байсан Польшийн амь үрэгдсэн ерөнхийлөгч Качинскийн шарилыг ЗИС-3 (Завод имени Сталина) их бууны суурин дээр байрлуун авч явсныг бид харсан билээ. Энэ их буу Польшийн армийн их буучдын хамгийн дуртай буу ажээ.
Зөвлөлтөд нүсэр, гайхмаар бүтэлгүй зүйл хийдгээс гадна дайны хүнд цагаар ажиллаж, бүтээж, төгсжүүлж чаддаг байсны хэдхэн жишээ энэ юм. Оросууд муу байлдаж гадаадын техникээс чанаргүй техниктэй байсан гэж ярих нь түүхийг мэдэхгүйтэй холбоотой.
1931 онд ЗХУ бараг хүнд үйлдвэргүй, арми нь явган цэрэг ба морин цэргээс бүрдэж байлаа. Арван жилийн дараа ЗХУ орчин үеийн их буу, танк, нисэх хүчин, флоттой болсон байв. Улаан арми Москва хүртэл ухарч дайнд асар их хохирол амссан билээ. Гэхдээ холбоотны биш Улаан арми л Берлиныг эзэлж, Европын дайныг цэглэсэн юм. Албан ёсоор холбоотнууд яллаа гэдэг ч үнэн хэрэгтээ бол дайнд 28 сая хүнээ алдсан Зөвлөлт-Орос ялсан юм.

Агуу их ялалтын 65 жилийн ойгоор тэр баатарлаг хүмүүсийг дурсъя! Агуу эх орны дайнд боолчууд ба системийн эрэг шураг ялаагүй. Харин эрэлхэг, эр зоригтон ухаантнууд ялсан юм. Тэдний алдар мөнхрөг!

Ерөнхийлөгч ялалтын баярт оролцоно

Ялалтын
баярын 65 жилийн ойн баярын арга хэмжээнд оросууд Тусгаар тогтносон
орнуудын холбооны удирдлагаас гадна тэдний цэргийнхнийг албан ёсоор
урьсан байлаа. Баярын парадад төлөвлөсний дагуу хуучин Зөвлөлтийн
орнуудын цэргийнхэн Улаан талбайгаар Гитлерийн эсрэг эвслийн орнуудын
цэргийн төлөөлөгчдийн хамт жагсан өнгөрөх юм. ТТОХ-ны ихэнх орнууд уг
урилгыг хүлээн авсан байв. Одоо уг холбоо 11 гишүүнтэй.  Дөрөвдүгээр
сарын 27-ны өдөр гэхэд парадад оролцох саналаа Узбекистан Туркменистан
хоёр л ирүүлээгүй байжээ.  Өмнө нь туркменүүд даргаа  морьтой явуулах
хүсэлт гаргасныг Оросын тал зөвшөөрсөн гэж байв. Молдавын
ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч парламентын спикер өөрс­дийн
цэргүүдийг Улаан талбайн чулуун дэвсгэр дээгүүр алхаж чадахгүй ичгэвтэр
хэрэг болно гээд дуулиан гаргасан юм. Бас парадад оролцох 35 мянган
ам.долларын төсвийг гаргаагүй байсан гэж тэд үзэв. Гэсэн ч Молдавын
парадад оролцох анги Москвад иржээ. Спикер өөрөө “Тэнд ялагчид очно.
Ялагдагсдад тэнд хийх юм байхгүй” гэж хэлсэн нь өмнөх үеийн Сталины 
харгислалыг санасных болов уу.
Гитлерийн эсрэг эвслийн холбоотон
байсан АНУ, Англи, Францын цэргийнхэн ялалтын парадад өөрсдийн 75
цэргийг тус бүр ирүүлж байна. Польшийн цэргийнхэн ч парадад жагсана.
ТТОХ-ны гишүүн орон бүрээс нэг нэг суман цэрэг Улаан талбайгаар алхах
юм. Нийтдээ ялалтын парадад 159 нэгж цэргийн техник ба 10 мянга гаруй
цэргийн албан хаагчид мөн 127 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцоно.
Хөтөлбөрт тусгаснаар парад нь түүхэн ба орчин үеийн гэсэн хоёр сэдвээр
хийнэ.
Ер нь урилгаас татгалзах нь нэг их сүйд болох зүйл биш аж.
Москвад Виктор Янукович, Александр Лукашенко хоёр ирэхгүй. Учир нь
Украин, Белорусьт Ялалтын баярын өргөн арга хэмжээ зохиож байгаа гэнэ.
Оросын удирдлага ч үүнийг ойлгон хандаж бай­гаа аж. Харин АНУ-ын
Ерөнхийлөгч ирэхгүй талаар ямар нэг тайлбарыг оросууд хийгээгүй. Их
Брита­нийн ерөнхий сайд Гордон Браун сонгуультай учир уг ёслолд
ирэхгүй. Тавдугаар сарын 9-ны баярт орол­цоно гэдгээ Армен,
Азербайджан, Казахстан , Тад­жикистан, Латви, Серби, Словаки, Словени,
Франц, Герман, Вьетнам, Итали, Грек, Израиль, Хятад, Вьетнам, Болгар,
Македони, Монгол, Эстони, Чех, Канад ба Европын зөвлөл мэдэгдсэн ажээ.
Ялалтын баярын үйл ажиллагаа нийт 42 улс оронд болох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж