Кофи Аннан Сирийг зорив

Хуучирсан мэдээ: 2012.03.10-нд нийтлэгдсэн

Кофи Аннан Сирийг зорив

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан дэлхийн хамгийн халуун цэг болоод буй Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадтай өнөөдөр хэлэлцээ хийхээр Дамаска хотыг зорьсон талаар хэвлэлийн төлөөлөгч нь өчигдөр мэдээлжээ. Сирид нэг жилийн өмнө Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөнөөр эхэлсэн цуст мөргөлдөөн, аллага хүчирхийллийг зогсоож, энхтайвныг сахиулах арга зам хайж буй Кофи Аннаны энэ оролдлого сүүлчийнх ч байж болох юм. Тэрбээр өнөөдөр эрх мэдлээ шилжүүлэхээс татгалзаж, өөрийг нь эсэргүүцсэн босогчдын эсрэг цуст ажиллагаа явуулж буй Ерөнхийлөгч Башар аль-Ассад болон сөрөг хүчнийхэн, босогчдын төлөөлөлтэй ч мөн уулзах юм байна. НҮБ-ын туршлагатай, ахмад дипломатчыг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дэлхийн хамгийн халуун цэг болоод буй Сири рүү илгээсэн гэнэ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өчигдөр Кофи Аннанд утсаар даалгавар өгч, Сирид өрнөж буй сөргөлдөөний галыг зогсоож, улс төрийн хурцадмал нөхцөл байдлыг намжаах арга зам бий эсэхийг нүдээр үзэхийг хүсчээ. Олон улсын хамтын нийгэмлэгүүд Сирид Ливийн дарангуйлагчийг унагасан шиг хатуу арга хэмжээ авахаар хэлэлцэж буй авч мухардалд орсон билээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орноос ОХУ, Хятад Сирийн асуудалд хөндлөнгөөс оролцож, хүчээр шийдэхийг эсэргүүцсэн хэвээр байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж