Энэ удаагийн үзэсгэлэнд монголын төлөөлөгчдийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар тэргүүлэн оролцож байна. Үзэсгэлэнд Монгол Улсаас 3 авиакомпани, тухайлбал, МИАТ, Изинес, Монголиан айрланз, мөн тур оператор болох Ар Монгол, Жуулчин, Натур тур, Мат, Монголиан адвенчэр турс, Цолмон травел, Селена травел компани оролцож байна.
Сайд Д.Цогтбаатар үзэсгэлэнгийн хүрээнд Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Д.Нийбел, Холбооны Эдийн засаг, технологийн яамны Парламентын ТНБД бөгөөд Холбооны Засгийн газрын Жижиг, дунд үйлдвэр, Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Бүрэн эрхт төлөөлөгч Э.Бургбахер, Мессе-Берлин ХХК-нийн Ерөнхийлөгч Р.Хоош нартай уулзалт хийж, хоёр орны хоорондын аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцоно.
ИТБ 2012 үзэсгэлэнгийн зохион байгуулалтын асуудлыг Монголын аялал жуучлалын холбоо хариуцан ажиллаж буй бөгөөд үзэсгэлэнгийн хүрээнд Берлин хотын "Кудамм" хэмээх худалдааны гудамжинд байрлах Европ Төвд "Дээлтэй Монгол" арга хэмжээг 3 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулав. Арга хэмжээний нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар оролцож үг хэлэв. Энэ үеэр ардын урлагийн "Түмэн Эх" чуулгын цөөхүүл хөгжимчдийн тоглолт, Торго салоны загварын үзүүлбэр зэргийг үзүүлж, Монгол Улсыг сурталчиллаа.
Берлиний ITB үзэсгэлэн нь хамрах хүрээ, хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд дэлхийн аялал жуулчлалын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах бололцоог оролцогч улс орнуудад олгодог гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.