УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Энхтүвшин хэлэхдээ “Өнгөрсөн даваа гаригт манай намын бүлэг хуралдаад Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн аймаг, нийслэлийн орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт зургадугаар сард хамт зохион байгуулъя гэсэн саналыг хэлэлцээд “Хүлээн авах боломжгүй” гэж үзсэн. Улмаар хоёр намын бүлгээс тав, таван хүний бүрэлдэхүүнтэй гишүүд гарч ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хуралдаад “Хамт явуулах уу, салгаж явуулах гэдэг асуудлыг хэлэлцээд “Хугацаа гэдгээсээ илүүтэй, орон нутгийн сонгууль зохион байгуулахтай холбоотойгоор боловсронгуй болгох шаардлага байна. Тиймээс ард иргэдийнхээ дунд “УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамт зохион байгуулах уу” гэдгийг ард түмнийхээ дунд санал асуулга явуулж шийдье” гэсэн. Энэ саналыг манай намын бүлэг хүлээж авсан. Ардчилсан намын бүлэг харин саналыг хүлээж авсан уу, үгүй юу гэдэг талаар хариу өгөх ёстой” гэв.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “УИХ-ын сонгуулийн үеэр орон нутгийн удирдлагын асуудлыг томоор шийдье, хугацаа нь зургаан сарын дотор гэдэг үйлчлэл дотроо орчихсон учраас УИХ шийдэж чадахгүй. Тиймээс ард түмний дунд санал асуулга явуулах ёстой. Улаанбаатар хотод орон нутгийн удирдлагуудаа оролцуулаад хуралдаад “УИХ дахь хоёр намын бүлэг зөвшилцлөө үргэлжлүүлэх ёстой. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 2007 оны тохиролцоогоор асуудал явах ёстой. Сонгууль дөхөж ирэх үед техник, бусад асуудлыг ярих нь учир дутагдалтай байна. Тиймээс хуулийн дагуу явах. Тэр дундаа ойлголцолд хүрч чадахгүй байгаа нөхцөлд хууль хэрэгжээд явахад анхаарах цаг болсон. Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, Үндсэн хуулийг хэрэгжүүлэх бодлого баримтална гэсэн заалт байдаг, Үндсэн хуулийн 6,1-д. Тийм учраас сонгодог парламентын зарчимдаа орох цаг болж. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиа Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэх талд хариуцаж ажиллах ёстой. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх ажилдаа шуурхайлан орох ёстой гэж үзэж байгаа бүлгийн хувьд. Тиймээс 2007 оны сүүлээр гаргасан хуулиа хэрэгжүүлэх талд ажиллахыг Засгийн газрын тэргүүнээс хүсч байна” гэсэн юм.
Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаас Орон нутгийн сонгуулийн тухай хууль үлдээд байна. УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд зарласан ээлжит бус чуулганы хугацаа дуусч байна. Тийм учраас энэ удаагийн чуулган өндөрлөх болж байна” гэсэн юм.
Мөн УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Хоёр намын бүлэг Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл дээр ойлголцолд хүрч чадаагүй тул энэ асуудлыг хойшлуулахад хүргэж байна” гэлээ.
Ингэснээр ээлжит бус чуулган хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн таван асуудлынхаа нэгийг хаврын чуулган руу шилжүүлж, ирэх дөрөвдүгээр сарын 5 хүртэл тойрогтоо ажиллах үүрэг хүлээн үлдлээ.