УИХ-ын гишүүн Л.Болд: -Огцруулахгүй байх гэдэг бол өөрөө жижиг асуудал. Харин энэ асуудлын хүрээнд Монголын парламент түүхэндээ маш ач холбогдолтой хэлэлцүүлгийг өрнүүллээ. Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Батлан хамгаалах үзэл баримтлалыг УИХ-д өргөн барина. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийхэд Монгол Улсын Зэвсэгт хүчин ямар эрх зүйн зохицуулалт дор ажиллах вэ гэдгийг олон талаас нь бодож, хэлэлцэн зөв шийдвэр гаргах бололцоотой хэлэлцүүлэг боллоо гэж бодож байна. Тэр дундаа Монгол шиг улсад Зэвсэгт хүчин нь ард иргэдийнхээ эсрэг буу барьж зогсох уу, үгүй юу гэдэг нь өнөөдрийн хэлэлцүүлгээс бүрэн гарлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Зэвсэгт хүчин хэзээ ч ард иргэдийнхээ эсрэг зэвсэг барин сөрж зогсохгүй юм байна гэдэг ойлголтыг олон нийтэд өгсөн болов уу. Хоёрдугаарт, сайд Ц.Нямдорж миний биеийг гэмт хэрэгт гүтгэлээ. Энэ танхимд 1990 оноос хойш хувийн компани үүсгээгүй хүн үгүй. Миний бие хэдийгээр Батлан хамгаалахын сайдын алба хашиж байсан ч гэлээ бизнесийг улстөртэй хутгаж байсан зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тендэртэй юмыг тендэр зарлалгүйгээр авчихсан юм шиг, түүнд нь нөлөөлсөн юм шиг зүйлийг энэ танхимд сайд Ц.Нямдорж ярьсан тул энэ асуудалд мэдэгдэл хийх ёстой гэж үзэж байна” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Н.Энхболд: -Нэр бүхий хоёр гишүүний өргөн мэдүүлсэн огцруулах үндэслэлд “Иргэдийнхээ эсрэг байлдааны үйл ажиллагаа зохион байгуулж байгаа учраас” гэж бичсэн байсан. Гэхдээ би иргэдийн эсрэг хэрэглэхээр мэргэн буучдыг бэлтгэж зориуд энэ чиглэлээр бодлогод өөрчлөлт оруулах гэж байна гэсэн зүйлийг харахгүй байна. Тийм учраас үндэслэлүүдийн хувьд Ж.Энхбаярыг огцруулах үндэслэл болохгүй гэж хэлэх байна. Сонин хэвлэлд гарсан ярилцлагыг нь хооронд нь холбоод яриад байвал яриа гарч сэрдэж болно. Албан ёсны өөрийнх нь ярьсан зүйлээс харахад энэ нь огцруулах үндэслэл болохгүй.
Сайд Ц.Нямдорж: -Онцгой нөхцөл байдал үүслээ гэхэд хоёр зарчим байдаг. Ерөнхийлөгч онц байдал зарлаж, Ерөнхийлөгчийн шийдвэрийг хэвээр байлгах уу үгүй юу гэдгийг УИХ хуралдаж шийдэх эрхтэй. Дараа нь цэрэг, цагдаа хөдөлгөх талаар шийдвэр гарна. Батлан хамгаалах сайдад энэ талын ямар ч эрх байхгүй. Эрхгүй хүнтэй зууралдаад байгаа харагдах юм.
УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг: -Нүдээ олоогүй чухал томилгоо ямар балаг тарьдгийн нотолгоо энэ боллоо. Улс орны чухал албыг дадлага туршлага суух дамжаа болгомооргүй байна. Бүхэл бүтэн бие даасан тусгаар улсын Батлан хамгаалах салбарыг хариуцаж байгаа хүн өөр байх ёстой. Сураг сонссоноор энэ албанд олон хүний нэр дэвшсэн, бүлэг дээрээ оноо тэнцэж өрсөлдөөнтэй болсон гэдэг. Гэтэл явж явж туршлага суугаагүй залууг сонгож эвгүй байдалд орууллаа. Эрх ашгийн сонирхлоор томилгоо хийдэг алдааг хэзээ засах вэ. Олон жилийн тэрш энэ асуудал УИХ, Засгийн газрыг дамжлаа. Тийм учраас өнөөдрийн хэлэлцүүлэг нь хий хоосон цаг үрсэн яриа биш. Уг нь өөрөө өргөдлөө өгөөд огцорчихсон бол их үнэтэй байлаа. Л.Одончимэд гэж хүний сургамж бий, тэр хүнээс яагаад суралцсангүй вэ. Улсын нууц задруулсан гэх хэргээр шүүхэд очих хэрэг гарч ч мэдэхээр байна. Тийм учраас энэ асуудлыг өнөөдөр УИХ-аас шийдээд явбал залуу хүний ирээдүйд нь хэрэгтэй юм болов уу гэсэн юм.
Гэхдээ УИХ-ын гишүүдийн 64.2 хувь нь сайд Ж.Энхбаярыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн билээ.