Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дөнгөж сая Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар тэргүүтэй Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч, уулзлаа.

УИХ-аас энэ сарын 7-нд цалин, тэтгэврийг хоёрдугаар сарын 1, мөн тавдугаар сарын 1-нээс тус бүр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Ингэснээр төрийн албан хаагчдын цалин эхний ээлжинд 80 мянган төгрөгөөр шууд нэмэгдэх болж байгаагийн зэрэгцээ дараа нь 23 хувиар дахин өсөх болж буй юм. Харин Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд өнгөрсөн онд 2012 оны нэгдсэн төсвийг УИХ-д мэдүүлэх үеэрээ “Төрийн албан хаагчдын цалин болоод ахмад настны тэтгэврийг 2012 онд 53 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл, цалин, тэтгэврийг нэмэх санаачилга ийнхүү ажил хэрэг болж буй учраас Монгол Улсын Ерөнхий сайд энэ удаад багш нарын төлөөллийг хүлээн авч уулзан, гурван талт хэлэлцээрийн дүнд ярьсан асуудлуудыг ажил хэрэг болгох талд багш нар санаачилгатай ажиллах ёстойг сануулж, хариуцлагаа өндөржүүлэхийг хүслээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлсэн үгэндээ “Гурван талт хэлэлцээрийн дүнд ярьсан асуудал ажил хэрэг болж байна, цаашид хийх ажил улам ихэсч байна гэж ойлгож болно. Та бүхнийг асуудал тавьсны дараахан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсон ч гэлээ бид төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлж, ярьсан ажил маань бодитой болох боломжтой боллоо. Энэ дагуу салбар хариуцсан сайд нарт үүрэг даалгавар өгсөн. Гол нь та бүхэн хуулиас хоцорсон ч юм уу, хуулиас гадуур зүйлийг асуудал болгон тавих нь зохимжгүй, төр ч бас болгоно гээд зүтгэх нь бүтэхгүй. Тийм учраас асуудлыг цаг хугацаанд нь бодитой үндэслэлтэйгээр тавих ёстой. Цаашид үүнийг зарчим болгон ажиллах ёстой” гэсэн юм.

Харин Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар “Зөвхөн боловсролын салбарт ажиллагсдаар хязгаарлахгүй эрүүл мэнд, онцгой байдлын алба, нийт төрийн албан хаагчдынхаа өмнөөс талархал илэрхийлж байна. Гурван сар боловсролын салбарын ажилтнууд толгойлж тэмцэл хийсэн, хоёр талаасаа дүлий дүмбэ болчихсон байсан тэр үед Монгол Улсын Ерөнхий сайд асуудлыг хүлээн авч уулзан нааштайгаар шийдвэрлэсэн нь чухал ололт болсон. Одоо Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны хувьд хувийн хэвшилд ажиллагсдын цалин өсөх ёстой гэдэг зорилго тавьж байгаа. Энэ хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж