Хүүг зээлдэгчид үүрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Хүүг зээлдэгчид үүрүүлнэ

Монголын Ипотекийн кор­порацийг
хөлд оруулж, бага, дунд орлоготой иргэдийг орон сууц­жуулах зорилго дор
Засгийн газар баталгаа гарган, ХБНГУ-ын Сэргээн босголтын банкнаас 4.8
сая еврогийн зээл авахаар болжээ. Энэхүү 4.8 сая еврогийн 892 мянган
евро нь буцалтгүй тусламж хэлбэрээр манайд орж ирэх ч буцаагаад Германы
экспертүүдийн цалинд 50 хувийг зарцуулах аж. Хоржоонтой нь, сарын 50-60
сая төгрөгийн цалинтай ажиллах тэдгээр “тасарчихсан”  экс­пертүүд
Монголын ипотекийн кор­порацийнханд ердөө дөрөвхөн удаа сургалт зохион
байгуулна. Хоёр дахь барьцтай ажил гэвэл Монгол Улсад хөрөнгийн зах
зээлийг хөгжүүлэх ямар боломж байгаа талаар судалгаа хийх юмдаг уу.
Харин үлдэж буй 4.7 сая гаруй еврог бага дунд орлоготой иргэдийг орон
сууц худалдан ав­ах, амины сууцаа сайжруулахад зориу­лан Монголын
ипотекийн корпораци зээл олгоно гэжээ. Үүнийгээ арил­жааны банкуудаар
дамжуулан зээл­дүүлнэ.
Зээлийн нөхцлийн хувьд,  Гер­манаас Засгийн
газарт ирэхдээ эргэн төлөгдөх хугацаа 40 жил, хүүгийн тухайд нэг жилийн
0.75 хувь. Гэвч дамжуулан зээлдүүлэх явцад энэхүү зээлийн хүүг манайхан
жилийн 11 хувь болж өсгөхөөр төлөвлөжээ. Нэг иргэнд 3-30 хүртэлх сая
төгрөгийг 3-10  жилийн хугацаатай олгоно. Гурван сая төгрөгийн зээлийг
амины орон сууцаа сайжруулахад, 30 хүртэлх сая төгрөгийн зээлийг орон
сууц худалдан авах нөхцөлд олгоно. Ингэхдээ 30 хүртэлх сая  төгрөгийн
зээл авах нөхцөлд тухайн зээлдэгч зээ­лээ 10 жилийн дотор эргүүлэн төлж
дуусгах,  гурван сая хүртэлх зээл авсан бол нэг жилийн хугацаанд
баг­тааж дуусгах хатуу нөхцөл хүлээнэ.
Харин зээлийн хүүг өсгөсөн
процедурыг нь сонирхвол, Сангийн яам энэхүү 0.75 хувийн хүүтэй зээ­лийг
Монголын Ипотекийн кор­порацид 3.8 хувийн хүүтэй өгч, ул­маар тус
корпораци экспертүүд ажил­луулсан хийгээд бусад зардлаа нөхөхийн тулд
эцсийн хэрэглэгчид очих хүүг 11 хувьд хүргэх ухаан сийл­жээ. Ингэж
өсгөхгүй бол эрс­длийг нь төр үүрч болзошгүй гэх тайлбарыг Сангийн сайд
С.Баярцогт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор
энэхүү зээлийн хэлэлцээрийг хэлэл­цүүлэхдээ мэдэгдлээ. Өнгөрсөн түү­хийг
харвал монголын зах зээлд төгрөгийн ханш суларч, гадаад валют өсч
ирсэн. Тиймээс зээлдүүлж байгаа байгууллага бүр дээр зээлийн хүүг өсгөж,
энэ эрсдлийг дам­жуулан зээлдүүлэх процедур бүрээ­сээ нөхөхөөс өөр
аргагүй байгаа гэх нэмэлт тайлбарыг хийсэн.  УИХ-ын гишүүдийн хэлс­нээр
бол Оюутолгойн ордыг ашиглахтай холбоотойгоор одооноос эхлэн Монгол
Улсад гадаадаас их хэмжээний хөрөнгө орж ирж, тэр хэрээр валютын ханш
унаж, монгол төгрөгийн ханш чангарах дүр зураг ажиглагдах болсон. Энэ
бол уул уурхайн хөгжлийг дагаад бий болдог зах зээлийн нэгэн үзэгдэл
бөгөөд ирээдүйд монгол төгрөгийн ханш улам чангарахын дохио аж. Тиймээс
гишүүд “Монгол төгрөгийн ханш чангархад зээлийн дарамт хэрэглэгчийн
нуруун дээр хэр хүнд буух вэ гэдгийг урьдчилан тооцоолсон судалгаа байна
уу” гэсэн асуулт тавибал,  Монголбанк, Сангийн яам, Монголын ипотекийн
корпорацийнхнаас хэн нь ч тодорхой хариулт өгч чадсангүй, судалгаа
хийхээс аргагүй гэсэн тайлбар хийв.
Харин УИХ-ын гишүүн Х.Жекейгийн
тооцоолсноор нэг иргэнд 30 хүртэлх сая төгрөгийн зээл олгоход 450 өрх
хамрагдах боломжтой, 470 гаруй сая еврог хуваавал шүү дээ. Нэг сарын 300
мянган төгрөгийн цалинтай иргэн 10 жилийн хугацаатай энэхүү зээлд
хамрагдлаа гэхэд заасан хугацаанд нь зээлээ төлж гүйцэхгүй. Тиймээс
“Бага дунд орлогтой иргэдийг орон сууцжуулах зорилготой” гэх цаасан
малгай өмсгөсөн мөрөөдлийн зорилгоо ажил хэрэг болгож,  яаж иргэдэд
дарамт багатай хүргэх вэ гэдэг дээр хаа хаанаа ажиллах ёстойг сануулав. 
Үүний дараа гишүүд эцсийн хэрэглэгчид очих зээлийн дарамтыг ямар аргаар
бууруулах вэ, мөн энэхүү зээлийг яаж ашигтай болгох вэ гэдэг дээр
горимын санал гаргасан юм. УИХ-ын гишүүн Я.Батсуурь”Нэг сарын 50-60 сая
төгрөгийн цалинтай ажиллах экспертүүдийн мөнгийг хасч, ядаж, дөрөвхөн
удаа зохион байгуулах сургалтынх нь тоог нэмэх тал дээр Монголын
ипотекийн корпораци болон Засгийн газар ажиллах ёстой” гэлээ. Байнгын
хорооны дарга З.Энхболд “Иргэдэд олгох зээлийн хугацааг 20-30 жил хүртэл
сунгах, дамжуулан зээлдүүлэх явцад 11 хувьд хүргэхээр төлөвлөсөн хүүг
есөн хувь руу буулгах боломжийг Сангийн яам Монголын ипотекийн
корпорацитай яриад зохицуулах шаардлагатай. Энэхүү хүүг буулгах процедур
Герман улсаас хамааралгүй тул боломж бүрэн байгаа” гэсэн юм.  Мөн
УИХ-ын гишүүн О.Чулуунбат уг санхүүжилтийн хэлэлцээрийг анхны
хэлэлцүүлгээр нь батлах санал гаргав. Дээрх томъёоллоор санал
хураалгахад гишүүдийн олонхийн дэмжлэг авч, Монгол Улсын Засгийн газар,
ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Монголын ипотекийн зах зээлийг хөхүүлэн
дэмжих төслийн зээлийн болон санхүүжилтийн зээлийн хэлэлцээр соёрхон
батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд
оруулахаар шийдвэрлэв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж