Бүсгүй хүний өр нинжин сэтгэл, мяндсан ухаан, бүүвэйн дуу энэ ертөнцийг аргадаж ирсэн. Домогт Ану хатан, суут Сэцэн Мандухайгаас авахуулаад харьшгүй зориг, хатан ухаантай Монгол эмэгтэйчүүд эр нөхөр, эх орондоо түшиг болж ирснийг түүх өгүүлдэг. Тэгвэл тэд 21-р зуунд нийгмийн бүх салбарт манлайлж, хөгжлийн түүчээ болж байна. Чухам тэдгээр агуу удирдагч бүсгүйчүүдийг олон нийтийн санал асуулгаар шалгаруулах “Grand Lady” ёслолын ажиллагааг “Гранд” сэтгүүл өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нд зохион байгуулж, таван эмэгтэйг “Гранд лэди”-гээр зарлаж байсан. Тэгвэл энэ жилийн “Grand Lady-2011” ёслол энэ сарын 10-нд буюу маргааш “Чингис” зочид буудлын таван давхарт шилдгүүдээ тодруулах гэж байна. Оны шилдэг лидер эмэгтэйг хамгийн шударга, ардчилсан зарчмаар шалгаруулдаг Урлаг, Спорт, Улс төр, Бизнес, Нийгэм соёл, Хүмүүнлэг гэсэн зургаан салбар тус бүрд 4-5, нийт 28 шилдэг эмэгтэйн нэрийг ёслолын ажиллагааг зохион байгуулах комисс нэр дэвшүүлсэн бөгөөд шалгаруулалтыг уламжлалт ёсоороо онлайн хэлбэрээр явуулсан байна.
М.Урин