Та бид энэ өдрийг хялбаршуулан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэж нэрлэдэг. Угтаа эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээ хүндэлж сурах ёстой тухай сануулдаг, анхааруулдаг өдөр гэж нэрлэвэл буруудахгүй.
Ер нь хүн гэж амьтан хүндлүүлэх дуртай. Ялангуяа эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээр дандаа, харин эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээр үе үе хүндлүүлэх дуртай байдаг. Хүндлэхийг нэг нэгнээсээ шаардана, хангалттай хүндлэхгүй бол нэг нэгэндээ гомдоно, нэг нэгэнгүйгээ байж чадахгүй мөртлөө байж чадах юм шиг ааш араншин гаргана. Яагаад ийм ааш араншин гаргадаг тухай хүмүүс янз янзаар ярина. Ер нь хүмүүс нэг нэгнийхээ дийлэх, ялах гэж зүтгэдэгт хамаг учир байна гэж үздэгийг буруутгахад хэцүү. Харамсалтай нь эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд хоорондоо нэг нэгнийхээ ялах гэж зүтгэснээс болж зөрчил их гарна. Уг нь хүмүүс хоорондоо, ялангуяа эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүд хоорондоо нэг нэгнийхээ ялах, дийлэх гэж зүтгэх нь хэзээ ч бүтэхгүй хоосон зорилго юм.
Америкийн алдарт сэтгүүлч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Глориа Штайнэм нэгэнтээ хэлсэн байдаг: “Эмэгтэй хүн эхлээд өөрийгөө ялвал эрэгтэй хүнийг ялна” гэж. Энэ үгийг үргэлжлүүлэн эргэцүүлвэл “Эрэгтэй хүн эхлээд өөрийгөө ялвал эмэгтэй хүнийг байлдан дагуулж чадна” гэж хэлж болно.
Тэгэхээр бид эхлээд өөрсдийгөө ялж чадвал нөгөө талаа “ялах” нь байна. Ялна гэдэг нь эрхэндээ оруулна гэсэн үг огт биш. Харин ойголцдог болно, хүндэлдэг болно, хүндлүүлдэг болно гэсэн үг. Ялна гэдэг нь нэг нэгэндээ тулгаж тохсон үүрэг ролийг нөгөөгөөсөө биелүүлэхийг шаардах биш, харин өөрсдөө сонгосон үүрэг ролио дуртайяа биелүүлнэ гэсэн үг.
Үүрэг роль биелүүлэх гэж ярьж байгаа нь хоёр утгатай. Нэг нь эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүддээ, эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүддээ та нар ийм л үүрэг роль тоглоно шүү гэж өөрсдөөс нь санал асуулгүй шууд тулгадаг тухай ярьж байгаа юм. Тэр тулгасан үүрэг ролийг нь “тоглохгүй” бол уурлаж унтууцна, дургүйцэж эсэргүүцнэ. Тухайлбал, эмэгтэй хүн дандаа зарагдах, эрэгтэй хүн дандаа даргалах, эмэгтэй хүн дандаа тогооч, эрэгтэй хүн дандаа жолооч байх ёстой гэх мэтчилэн нэг нэгэндээ тулгасан үүрэг ролийн тухай ярьж байна.
Бусдын тулгасан үүрэг роль нь голдуу тэнцвэртэй бус байдлыг үүсгэдэг, тухайн хүний авъяас чадвар, эрдэм болосвролыг бүрэн дүүрэн нээж, ашиглаж чаддаггүй, тухайн хүний хөгжлийг боомилдог учир ийнхүү нэг нэгэндээ үүрэг роль хүчээр тулгахгүй байх тухай ярьж, шийдэхийн тулд Мартын 8-ны баярыг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нэртэйгээр үүсгэсэн.
Нөгөө талаар үүрэг ролийн тухай яриа нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс огт үүрэг рольгүй байна гэсэн үг биш. Эрэгтэй хүн эрэгтэй хүн шиг, эмэгтэй хүн эмэгтэй хүн шиг байх тухай хэзээ ч мартаж болохгүй. Гэтэл өнөөдөр олон эрэгтэй хүн эмэгтэй хүн шиг болчихсон, олон эмэгтэй хүн эрэгтэй хүн шиг болчихсон байна шүү дээ. Өрх толгойлсон эмэгтэй, Нарантуул зах дээр “би гэрийнхээ таван хүнийг хооллоно” гээд памперс өмсчихөөд өдөр шөнөгүй зогсч байгаа эмэгтэйчүүд эрэгтэй болчихсон байна. Эмэгтэй хүнээр тэжээлгээд гэртээ гараа хумхиад сууж байгаа эрэгтэй хүн аль хэдийн эмэгтэй хүн болчихсон байна шүү дээ.
Тэгэхлээр нэг нэгэндээ хиймэл үүрэг роль тулгаж зовоохоо больцгооё, мөн эрэгтэй хүн эрэгтэй хүн шиг, эмэгтэй хүн эмэгтэй хүн шиг байцгаая. Тэгсэн цагт бид нэг нэгнийгээ ялан дийлэх биш, харин нэг нэгэндээ дуртайяа “ялагддаг” болно, өөрөөр хэлбэл нэг нэгнийгээ хүндэлдэг болно гэсэн үг.
Гэхдээ нэг нэгнийгээ хүндлэнэ гэдэг бол юуны түрүүн нэг нэгнийгээ үнэлдэг болно гэж хэлэх хэрэгтэй.
Ер нь Монголд хамгийн үнэтэй зүйл юу вэ? гэж нэг нэгнээсээ асууя. Энэ асуултанд хариулахын тулд Францын алдарт зохиолч Мишель Монтэнийн “Эссэ” хэмээх номонд байдаг нэгэн богино өгүүллэгийг саная.
Дундад зуунд Францад нэгэн жанжин цэргүүдийн хамт нэг хотыг байлдан түрэмгийлжээ. Тэгээд тэр хотыг эзэлж авсныхаа дараа тус хотын эмэгтэйчүүдэд хандаж хэлсэн нь: “Би эмэгтэйчүүдтэй дайтдаггүй тул энэ хотын бүх эмэгтэйчүүүдийг суллаж байна. Та нар хамгийн үнэтэй юмаа аваад энэ хотоос явж болно” гэжээ. Тэр жанжин эмэгтэйчүүд алт мөнгөө аваад явна гэж бодсон аж. Гэтэл тэр хотын эмэгтэйчүүд бүх эрэгтэйчүүдийгээ үүрээд хотоосоо явахаар болсон байна. Ийм сонин юм харсан жанжин тэр хотын эмэгтэйчүүдийн уужим ухаан, үнэнч сэтгэлийг нь биширч хэлсэн нь: “Би энэ хотын эмэгтэйчүүдийг биширч байна. Та нарыг алт мөнгөө аваад явна гэж бодсон. Гэтэл эр нөхрүүдээ алтнаас илүү үнэлэн хүндэлж авч явахаар болсныг чинь хараад би өөрийн эрхгүй бууж өгөхөөр шийдлээ. Гэхдээ танай хотын эрчүүдийн хурц зэвсгэнд биш, харин эмэгтэйчүүдийн үнэнч сэтгэлд бууж өгөе гэж бодлоо. Та нар бүгдээрээ хотдоо үлдэцгээ. Харин би цэргүүдээ дагуулаад энэ хотоос явъя”.
Тэгэхлээр дахин асууя. Өнөөгийн Монголд юу, эсхүл хэн хамгийн их үнэтэй вэ?
Хүн хүн янз янзаар хариулах бизээ. Гэхдээ өнөөгийн эрх баригчдын хувьд юу гэж хариулахыг та бид сайн мэдэж байгаа. Тэдний хувьд өнөөгийн Монголд хамгийн үнэтэй зүйл бол алт, мөнгө, зэс, нүүрс, төмөр байгаа. Эд нар алттай, зэстэй болохын төлөө өдөр шөнөгүй, ёстой л “орондоо орох завгүй” “үзэлцэж”, үгсэн хуйвалдаж байна. Энэ дүгнэлтийн нотолгоо олон. Өнөөгийн Монголд маань баян, хоосны ялгаа гаарсан, хээл хахууль тэнгэрт хадсан, ажилгүйдэл хавтгайрсан, ядуурал нэмэгдсэнээс илүү нотолгоо байх уу? Ингэж монгол хүнээ биш, харин алт мөнгө үнэлдэг, ард түмнээ мартдаг үзэгдлийн нэр бол МАН-АН.
Харин энд цугларсан та бидний хувьд хамгийн үнэтэй нь хүн. Гэхдээ монгол хүн шүү. Өөрөөр хэлвэл та бид МАН-АН-гаас юу үнэлдэг, эс үнэлдэгээрээ үнэхээр ялгаатай. Та бид хүнийг, монгол хүнээ үнэлж байгаа тул байгалийн баялгаа монгол хүн бүрт хүртээлтэй, хүртээмжтэй байлгахыг зорьж, тэмцэж байна. Зарим нь Сүхбаатарын талбайд, ихэнх нь зүрх сэтгэл дотроо. Хамгийн том тэмцэл талбайд биш, харин хүний сэтгэлд, зүрхэнд нь өрнөдөг. Та бид зүрхэндээ аль хэдийн “талбайд гарсан байгаа”, шудрага бус байдалтай эвлэрэхгүй байгаа, МАН-АН-г шахан зайлуулахын тулд тэмцэж байгаа. Тийм ч учир Таван толгойн ордыг таван гэр бүлд биш харин нийт 2 сая 700 мянган монгол хүнд дундын баялаг болгон өгье гэж бидний хэлснийг та бүхэн дэмжиж, дотроо МАН-АН-гийн олигархуудын эсрэг тэмцэж байгааг бид мэдэж байгаа.
Монгол оронд монгол хүн хамгийн үнэтэй нь үнэн юм бол монгол хүнийг төрүүлдэг монгол эх бүхнээс үнэтэй гэдэг нь маргашгүй үнэн.
Одоогоос хэдэн сарын өмнө НҮБ-ын эрдэмтэд дэлхийн демографийн буюу хүн ам зүйн нэгэн сонирхолтой судалгаа хийж нийтлүүлсэн билээ. Тэр судалгаагаар ямар ямар үндэстэн хэд наслах вэ? гэдгийг таамаглах гэж оролдсон байдаг. Эрдэмдтийн хийсэн судалгаагаар оросууд 800 жилийн дараа алга болно гэсэн таамаглал гарчээ. Судлаачид тухайн үндэстэн мөхөх эсэхийг хамгийн сүүлийн эмэгтэй хүн насан өөд болохтой холбон таамагладаг ажээ. Ийм аргачлалаар судлаад үзэхэд одоогоос 800 жилийн дараа хамгийн сүүлчийн орос эмэгтэй нас барж, орос үндэстэн мөхнө гэсэн байна.
Харин монголчууд хэзээ ч мөхөхгүй үндэстнүүдийн тоонд оржээ. Учир нь монгол эмэгтэйчүүд дандаа байна гэсэн судалгаа гарчээ. Тийм учир олон хүүхэд, ялангуяа эмэгтэй хүүхэд төрүүлэх нь монгол үндэстэн мөнх оршихын үндэс болж байна. Монголын үрс, ялангуяа монголын охид, эмэгтэйчүүд маш олон болох болтугай гэж ерөөе.
Монгол хүн байвал монгол үндэстэн байна, монгол үндэстэн байвал Монгол эх орон байна. Гэхдээ энэ бүхний эхлэл нь монгол эмэгтэй, монгол ээж юм. Тийм учир хаана ч эх орноо голдуу эмэгтэй хүний дүрээр төсөөлдөг биз ээ. Тийм ээ, эцэг орон биш, эх орон гэдэг.
Монгол хүнийг биш, харин алт мөнгө шүтэж, монгол хүнийг ядууруулж байгаа, харалган бодлогоороо монгол хүнийг нэг ёсны 21-хэн мянган төгрөгийн гуйлгачин болгож буй өнөөгийн эрх баригчдыг яаралтай сольё. Хүнийг үнэлдэг, хүнд хүн болоход нь тусалдаг, монгол хүн эх орондоо эзэн болж суухад нь тусалдаг, монгол хүнд үйлчилдэг шинэ төр, засгийг өөрсдөө эмхлэн байгуулцгаая.
Хүнийг хүн болгохын тулд, монгол хүн эх орныхоо баялгаас өнчин хүүхэд шиг хэн нэгнээс царайчилж хүртдэггүй байхын тулд, монгол хүн болж төрснөөрөө амьдрал нь баталгаатай болдог болгохын тулд юуны түрүүн Таван толгойг 2,7 сая монголчууддаа бүгдэд нь дундын баялаг болгож өгье. Энэ жишгээр монгол хүн байгалийн баялагтаа эзэн суух цаг хэдийнээ болсон гэдгийг тэмдэглэн сануулая.
Өнөөгийн эрх баригчид луйврын сонгуулиар гарч ирснээрээ, худал амалснаараа иргэдээсээ сонголтоо өөрсдөө хийх, амьдралаа өөрсдөө өөд нь татах, авч явах эрхийг нь булаан авч, боломж бололцоог нь хаагдуулж боогдуулсан. Эрх, боломжийг нь булаан авахтайгаа хамт дундын баялаг байх ёстой хууль ёсны өмчийг нь бас булаан авч, нэг нэгэндээ найр тавин өгч, харин нөгөө талд нь ард түмэн нийтээрээ ядуурч байна. Цөөн хүн хэт баяжиж, шудрага ёс алдагдаж байна.
Одоо та бидний зорилго бол монголчууддаа, монгол эхчүүд, эмэгтэйчүүддээ өөрсдөө шудрага сонголтоо хийх эрхийг нь, өөрсдөө амьдралаа өөд нь татах боломж бололцоог нь олгох, дундын баялаг болох өмчийг нь иргэддээ эгүүлэн өгөх явдал юм. Чингэхийн тулд юуны түрүүн өнөөгийн МАН-АН-гаас салая. Монголоо цөөн эрхтэн дархтны гараас буцаан авч нийт ард түмнийхээ мэдэлд эгүүлэн өгөе. Монголын баялгийг цөөн олигархийн гараас салгаж, нийт ард түмэндээ өгье.
Гэхдээ чингэхийн тулд зөвхөн ярих нь хангалттай биш. Ярьдаг цаг дууссан. “Үг олдож үхэр холдлоо” гэдэг. Монголд хосон яриа ихэдсэн болохоос биш багадаагүй, ярьдаг хүн ч цөөдөөгүй. Харин хийж бүтээх нь багадаж, хийж бүтээдэг нь цөөдөж байна. Одоо хийж бүтээдэг цаг ирсэн гэдгийг тунхаглацгаая.
Алдарт Маргарет Тэтчер нэгэнтээ хэлсэн байдаг: “Улс төрд гоё юм сонсоё гэвэл эрэгтэйчүүдэд ханд, харин их юм хийж бүтээе гэвэл эмэгтэйчүүдэд ханд” гэж.
Өнөөгийн ярихаас цаашгүй, хошгоруулахаас хэтрэхгүй, хэлсэн амандаа хүрдэггүй, голдуу худалч эрэгтэйчүүд хэт давамгайлж ноёлсон хариуцлагагүй тогтолцооноос салж, эрэгтэй эмэгтэй аль алиных нь зохистой төлөөлөл бүхий, хамгийн гол нь ярьснаасаа дутуугүй их юм хийж бүтээдэг хариуцлагатай, шудрага тогтолцоог буй болгоцгооё.
Гэхдээ нэгэн ажигч хүн хэлсэн байдаг: “Заримдаа эмэгтэй хүний зүгээр санаа алдах нь эрэгтэй хүний хэдэн цагийн турш бүхэл бүтэн номлол айлдахаас илүү хүчтэй сэнхрүүлдэг” гэж. Нээрээн эрэгтэйчүүд бид эмэгтэй хүний хэлсэн үгнээс нь илүү хэлээгүйг нь сонсож, ухаарч сурах хэрэгтэй. Гэхдээ тэглээ гээд бас эмэгтэй хүн дандаа санаа алдана гэсэн үг биш шүү дээ.
Худалч эрэгтэйчүүдээс бүрдсэн өнөөгийн муу төр, засгийг сольё, хэлснээ хийж, бүтээдэг сайн төр, засгийг эмэгтэйчүүдийнхээ төлөөллийг ахиухан оруулан хамтран байгуулцгаая.
Бид хамгийн үнэтэй нь хүн мөн тухай ярилаа. Гэхдээ хүнийг хүн болгох том ажил байдаг. Хүн хэзээ хүн болох вэ? Хамгийн товч хариулт: хүн юм бүтээж байж, хийж бүтээснийг нь бусад хүн харж, үнэлсний дараа хүн болно. “Мод тарих, хүүхэд төрүүлэх, байшин барих” гэдэг биз дээ? Дандаа ямар нэгэн чухал үйл хэрэг бүтээх тухай байгаа биз?
Гэхдээ хүн болох нь бас дотроо ялгаатай. Эмэгтэй, эрэгтэй хүн аль аль нь хүн болох ёстой нь үнэн. Гэхдээ эмэгтэй хүн эмэгтэй хүн, эрэгтэй хүн эрэгтэй хүн болох ёстой. Эмэгтэй хүн эмэгтэй хүн, эрэгтэй хүн эрэгтэй хүн зүгээр төрснөөрөө болохгүй.
Харин эмэгтэй хүн хүссэнээрээ эмэгтэй хүн болдог. Эрэгтэй хүн бол тэмцсэнээрээ эрэгтэй хүн болно. Ийм жижиг мэт том ялгаатай. Дутуу хүсвэл эмэгтэй хүн эмэгтэй хүн болохгүй, дутуу тэмцвэл эрэгтэй хүн эрэгтэй хүн болохгүй. Эмэгтэй хүн эмэгтэй хүн болох хүслийнх нь галыг унтраахгүй байх, эрэгтэй хүн эрэгтэй хүн болох тэмцлийнх нь галыг унтраахгүй байх нь чухал.
Өнөөдөр та бид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай ярьж байгаа учраас эмэгтэйчүүдийн эрхийг эрэгтэйчүүдийн эрхтэй, ер нь эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй харьцуулахаас залсхийх аргагүй. Энэ тухай цөөн хэдэн үг хэлэе.
Шуудхан хэлэхэд эмэгтэй хүн эрэгтэй хүнээс олон талаараа давуу бөгөөд илүү. Нэгэн ухаантан хэлсэн байдаг: “Эмэгтэйчүүд нэг юмыг ерөөсөө ойлгодоггүй. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдэд дандаа атаархдаг” гэж.
Гэхдээ нэг л зүйл дээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дутуу юм шиг санагддаг. Эрэгтэйчүүд голдуу өөрийнхөө чадахаас илүүг хүсч, мөрөөддөг. Эрэгтэйчүүдийн мөрөөдөл нь хязгааргүй. Ямар сайндаа их найрагч Д.Нацагдорж “Од” шүлэгтээ: “Марс гариг аа, чам дээр амьдрал байна уу? Нийгэм журмын ёс тогтсон уу?” гэж асууж байхав дээ.
Харин эмэгтэйчүүд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, гэр орноо авч явах өдөр тутмын хэзээ ч дуусдаггүй ажилдаа дарагдаад даруухан мөрөөддөг. Тийм ч учир монголчууд “Эрэгтэй хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг” гэдэг. Зүгээр морь биш шүү. Эмээлтэй, бас хазаартай морь. Мордоод л явах гээд байна гэсэн үг шүү дээ. Харин хаашаа явах гээд байгааг нь хэлээгүй байгаа биз?
Тийм учир эмэгтэйчүүддээ хандан “Хэзээ ч мөрөөдөж байгаагүйгээ мөрөөд, мөрөөдөж сур, мөрөөдөөд зогсохгүй бүтээдэг бол. Чи хэр ихийг мөрөөдөж байна, тэр хэрээр үйл хэрэг чинь бүтнэ” гэж хэлье.
Гэхдээ эрэгтэй хүн зохиосон уу, эсвэл эмэгтэй хүн бодсон уу, бас ийм үг байдаг: ”Эмэгтэй хүний дотор эрэгтэй хүн эмээлтэй хазаартай морьтойгоо хамт багтана”. Энэ бол үнэн үг. Манай эмэгтэйчүүд гэртээ байхдаа үнэхээр эрэгтэй хүнийг эмээлтэй хазаартай морьтой нь хамт сэтгэлдээ багтаана. Би та нарт хандан хэлэе: “Гэрээсээ гарахдаа ч ингэж том мөрөөд, том бод”.
В.Вульф гэдэг алдартай зохиолч эмэгтэй бий. Түүний хэлсэн үг байдаг: “Эмэгтэй хүний нүд сонин шүү. Эрэгтэй хүн рүү дандаа томруулдаг шилээр харж байгаа юм шиг харна. Байж байгаагаас нь дор хаяхад хоёр дахин илүү том болгож харна” гэж.
В.Вульфын хэлснийг цааш нь үргэлжлүүлэн бодвол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг харахдаа томруулж хардаг бол эмэгтэйчүүдийгээ харахдаа дурангаа эргүүлж хараад жижигрүүлдэг. Байгаагаас нь дор хаяхад хоёр дахин жижиг болгож хардаг.
Цааш нь эрэгтэйчүүдэд хэлэлгүй ашиглаарай гэж захиад нэг нууц зөвлөгөө өгье: Эрэгтэйчүүдийг байгаагаар нь буюу жижигрүүлж харж сур, харин эмэгтэйчүүдийгээ бас л байгаагаар нь буюу томруулж харж сур. Тэгвэл бүх юм байх ёстой байрандаа очно.
Өнөөгийн эрх баригчид өөрсдийгөө хоёр дахин томруулж харж байна. Тэгсэн хэрнээ ард түмнийг хоёр дахин жижигрүүлж харж байна. Эмэгтэйчүүд та нартаа, ер нь нийт түмэн олондоо хандаж зөвлөе: МАН-АН-г томруулж биш, байгаагаар нь жижигрүүлж хар. Өнөөгийн ард түмнээ байгаагаар нь буюу хоёр дахин томруулж хар.
Тэгвэл эмэгтэйчүүд, нийт олон түмэн маань сонгуульд саналаа өгөхдөө зөвхөн эрэгтэйчүүдийг биш, бас эмэгтэйчүүдийг сонгодог болно, хосвдуулчихсан юм шиг МАН-АН-г дахин дахин сонгохоо больно, харин МАН-АН-гийн эсрэг байгаа МАХН, МҮАН зэрэг улс төрийн хариуцлагатай хүчнийг, байгаа юмыг байгаагаар нь олж харж чаддаг эрүүл саруул нам, эвслийг сонгоно. Тэгвэл хариуцлагатай, шудрага төрийн тогтолцоо тогтоно, монгол хүн улс орондоо, баялагтаа эзэн сууна.
Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд нэг нэгэнтэйгээ өрсөлдөх биш, харин хамтрах цаг үе эхэлнэ. Зарим хүн хэтрүүлж эрэгтэйчүүдийн эринийг эмэгтэйчүүдийн эринээр сольё гэж ярьдаг. Буруу гэж бодож байна. Дан ганц эмэгтэйчүүдийн эрин биш, харин эмэгтэйчүүдтэй эрин цаг ирнэ гэдэгт итгэж байна. Хамтдаа зүтгэцгээе.