Аав аа, битгий намайг хөнөөгөөч

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Аав аа, битгий намайг хөнөөгөөч

Одоогоос гурван жилийн өмнө хүний амь нас хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэг Сүхбаатар дүүргийн 11дүгээр хорооны нутаг дэвсгэрт гарсан юм. Цагдаагийнхан хэргийн газар ажиллаж, хүний амь нас хохирсон  ноцтой гэмт хэрэгт талийгаачийн хойд эцэг С.Баасанжавыг татан саатуулсан билээ.
Тус хорооны Алтайн 27 дугаар гудамжинд “Амь авраарай” гэж хоолой мэдэн орилж байсан  эмэгтэйн дууг сонссон хөршүүд нь үл тоон, түүнд туслахыг хүссэнгүй. Учир нь энэ гэмт хэргийг үйлдэгч С.Баасанжав байнга архи уун, ар гэрээ тараах шахдаг нэгэн байсан гэнэ. Байнга хэрүүл маргаантай, зодолдож байдаг тэднийг хөршүүд нь тоохоо болиод удсан аж.  Тухайн үед хөршүүд нь “Нөгөөх нь архиа уугаад, зодолдож эхэллээ гэж ярилцаж байсан гэдэг.  Аврал эрсэн эмэгтэйн дуу хүн байхыг аргагүй байдалд хүрэхэд хөрш нь хашааны завсраар харжээ. Хөршүүд нь Жагаа гэж дууддаг хохирогч С хуйхалсан мал мэт болчихсон “Ааваа та яаж байгаа юм бэ, битгий л дээ” гэж хэлээд  ухаан алджээ. Хажуу айлынх нь гэр, байшин шатаж байгааг сая мэдсэн хөршүүд нь гал команд дуудаж, эмэгтэйг эмнэлэгт хүргэх гэж байхад нь ээж, эгч нар нь иржээ. С эмнэлгийн машинд явж байхдаа  “Аав намайг яагаад ингэж байгаа юм бол. Над руу бензин асгаад, шүдэнз зурсан” гэж ээждээ хэлээд ухаан алджээ. С-ийг Түлэнхийн үндэсний төвд авчран яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч биеийн 90 хувь нь түлэгдсэнээс гүн хордлогод орж, 2007 оны 10 дугаар сарын 5-нд амь насаа алдсан юм.
Хэрэг гарсан өдөр С.Баасанжав мөн л сурсан зангаараа архи уужээ.Тэр өдөр бямба гариг байсан учир талийгаач С гэртээ өнжжээ. Уг нь тэрбээр нэгэн дэлгүүрт худалдагч хийж ар гэртээ нэмэр тус болдог байсныг ээж нь хэлж байна. Хоол хийх гэж байгааг нь харсан С.Баасанжав “Хоол авчирсаар байтал хоол хийх гэлээ” гээд уурлаж, маргалдсанаас энэ хэрэг гарсан болохыг гэрчүүд мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ. Архи ууж арслан бар мэт авирлаж, орилж бахирч байгааг хөршүүд нь сонссон аж. Хэрүүл маргаан тэгсхийгээд намжсангүй. Чанга дуугаар хэрэлдэж байснаа хэсэг хугацааны дараа амь авраарай гэсэн чимээ гарч эхэлжээ. Тэр мөчид С.Баасанжав савтай бензин гэртээ оруулж ирээд С-ын бие рүү цацаад шүдэнз зуржээ. Хоромхон зуур гал асч, хөөрхий бүсгүй түлэгдэн эцсийн хүчээ шавхан гэрээсээ гарсан гэдэг.Нас биед хүрсэн бүсгүйг өөрийнхөө үгээр байнга байлгахыг тэрээр хүссэн бололтой. Хэрэлдсэний төлөө эцэг, охин болж нэг тогооноос хоол идэж байсан бүсгүйн  амийг хөнөөнө гэдэг байж боломгүй хэрэг.
Өдгөө 52 настай С.Баасанжав талийгаачийн ээж Н.Сүнжидмаатай гэрлээд олон жилийг өнгөрүүлсэн ч байнга архи уун зодож, охидыг нь янхан гэж дууддаг байсан аж. Та нарыг үнс болгоно гэж удаа дараа заналхийлж байсан ч эхнэр, болон охид нь түүнийг ийм жигшүүртэй гэмт хэрэг үйлдэнэ чинээ санаагүй аж. Сар шинийн баяраар архи уучихаад “цагаан сарыг чинь улаан сар болгоно” гэж айлган сүрдүүлж байсныг ар гэрийнхэн нь шүүхэд мэдүүлжээ. С.Баасанжав зөвхөн эмэгтэйн бие рүү бус ойр орчин, хашаа руугаа бензин асгасан нь олон хүний амь нас үрэгдэх нөхцөл бүрдүүлснийг цагдаагийнхан онцолж байна. Харин золоор 11.00 цагийн үед энэ хэрэг болсон  учир хөршүүд  нь дууд­лага хүргэснээр олон хүн аврагдсан юм байна.
Мөрдөн байцаалтын  явцад С.Баасанжав байнга өөрийгөө хамгаалсан мэдүүлэг өгчээ. Анхны мэдүүлэгтээ өөрийгөө хянах чадваргүй байсан гэдгээ хэлдэг ч дараа дараагий мэдүүлэгтээ С өөр рүүгээ бензин асгаад “үхээд өгье” гээд шүдэнз зурсан гэж мэдүүлсээр байжээ. Хэрэг гарсан өдөр тэднийг хэрэлдэж байгааг олон хүн сонссон байдгаас гадна “Аав аа та яаж байгаа юм бэ. Би үхмээргүй байна” гэж орилж байсныг олон хүн сонссоноо мөрдөн байцаагчид мэдүүлжээ. Түүнээс гадна Түлэнхийн үндэсний төвд ирээд ухаан орсон даруйдаа  С эмчдээ “Манай аав намайг шатаасан. Би амьд үлдэх болов уу. Үхмээргүй байна” гэж хэлж байсныг түүний ээж болон эмч нар нь мэдүүлж байгаагаас үүдэн С өөрийгөө шатаагаагүй гэдгийг тогтоожээ.Талийгаачийг ухаангүй хашаандаа хэвтэж байхад нь С.Баасанжав  эд хогшил, гэр, байшин руу бензин асгаж байсныг харсан хүн цөөнгүй бий. Энэ байдал нь гэмт хэрэг үйлдсэн болохыг хангалттай гэрчилж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Хэрвээ түүний мэдүүлж байгаа шиг С өөрийгөө шатаасан юм бол С.Баасанжав яагаад гэр байшингаа шатаах болов.Яагаад охиноо аврахыг оролдсонгүй вэ гэсэн олон асуулт ар араасаа хөвөрнө. Харин мөрдөн байцаагчид  өөрийн үйлдсэн  хэргээ нуух, эс бөгөөс гал гарч С түлэгдсэн мэтээр харагдуулахыг хичээсэн оролдлого байсан гэж үзжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд  хүн өөрийгөө гэм буруутайг  нотлох албагүй, аав ээж ах дүүсийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу архи их уусан учир юу болж байгааг мэдээгүй гэж мэдүүлэн С.Баасанжав гэмт хэргээс мултрахыг хичээсээр байж. Гэсэн  ч энэ хэрэг гэгээн цагаан өдөр болсон учир олон хүн юу болж байсныг харсан, сонссон.
Шүүх эмнэлгийн дүгнэлт гэмт хэрэгтнийг илрүүлэх, мөрдөн байцаах ажилд хамгийн чухал баримт болдог. Талийгаачийн зад­лан шинжилгээний хариуд “С нь их хэмжээний түлэгдлийн улмаас нас барсан. Биеийн 90 хувь нь III, IV зэргийн түлэгдэлтэй, түүнээс улбаатай гүн хордлогод орсон нь амь насыг нь аврах ямар ч боломжгүй байдалд хүргэжээ” гэжээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэр­­гийг шүүх танхим болсон хур­лаар шүүгч С.Оюунчимэг, Э.Золзаяа, С.Базарханд нар шүүн хэлэл­цээд онц ноцтой гэмт хэрэг үйл­дэгч С.Баасанжавт Монгол Ул­сын нэрийн өмнөөс  Эрүүгийн хуулийн 91.2.2, 91.2.12, 91.2.13-д зааснаар цаазаар авах ял оноолоо.

Х.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж