Өрөмдлөгийн шинэ технологи-“занарын тэсрэлт”

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Өрөмдлөгийн шинэ технологи-“занарын тэсрэлт”

О.Хосцэцэг

Занараас байгалийн хий болон нефть гаргаж авах шинэ технологи дэлхий
дахины анхаарлыг татаж эхлээд байна. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр
ойрын 5-7 жилд АНУ-ын Умард Дакотагаас Техас хүртэлх өргөн уудам нутагт
орших Баккений ордоос өдөрт 1.5-2 сая баррель нефть олборлох боломжтой
юм байна. Одоогийн байдлаар өдөрт 300 мянган баррель нефть олборлож
байгаа бөгөөд хоёр жилийн дотор энэ үзүүлэлт 700 мянга болж нэмэгдэх юм.

Өмнө нь Баккений нефтийн нийт боломжит
нөөц ердөө 150 сая баррель гэж тогтоогдсон бол өрөмдлөгийн шинэ
технологийн ачаар олборлож болох нефтийн хэмжээ толгой эргэмээр их
тоотой гарч байна. Мэргэжилтнүүдийн тогтоосноор 11 тэрбум баррель нефть
Баккений хөрсөн доор байгаа аж. Тодруулбал, АНУ-ын гурван мужийг дамнан
орших 65 мянган шоо километр газарт 3 километрийн гүнд, 40 метр орчим
зузаантай нефть агуулсан занарын давхарга бий гэнэ. 

Занараас байгалийн хий гаргаж авснаар
АНУ цэнхэр түлшнийхээ олборлолтоор дэлхийд тэргүүлж эхэлсэн юм. 2009 онд
АНУ 624 тэрбум кубметр байгалийн хий олборлож, энэ салбартаа манлайлагч
ОХУ-ыг ардаа орхив. 2010 онд АНУ нийт байгалийн хийн олборлолтын 40
хувийг занараас гарган авч байсан бол 2020 онд олборлолт хурдацтай өсч
60 хувьд хүрэх тооцоо гарчээ.

Шинэ технологийн ачаар байгалийн хий
олборлож болох томоохон занарын орд зөвхөн Америкт ч байгаа юм биш. Олон
Улсын Эрчим Хүчний Агентлагийн мэдэгдсэнээр Европт 16 их наяд куб метр,
хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн орнуудад 18 их наяд куб метр занарын хийн
нөөц байгаа юм. Занараас хий гаргаж авах технологийг европчууд, цаашлаад
Хятад болон Азийн бусад орон эрчимтэй судалж эхлээд байна. Жишээ нь,
германчууд шинэ технологийг маш шаргуу судалж, эрдэмтэн судлаачдын
тусгай баг гаргасан бөгөөд 2012 онд судалгааны багийн эхний тайлан
гарна.

Америкчууд өөрсдөө ч Баккенийн туршлагыг Европт хэрэгжүүлээд
эхэлжээ. Америкийн “Exxon Mobil” Германы Өмнөд Саксоны нутагт
өрөмдлөгийн ажлаа хэдийнэ эхлүүлээд амжиж. Мөн Британи, Нидерландын
хамтарсан компаниуд Польш, Швед, Германд занарын хий хайх, олборлох
лиценз авчээ. Ийнхүү улс орнууд шинэ технологийг яаран судалж, занарын
ордуудыг улайран сонирхож байгааг мэргэжилтнүүд “занарын тэсрэлт”,
“занарын хийн вирус” гэж нэрлэсэн юм. Энэ “вирус” Америкаас эхлэн
тархаж, Европ, Хятад болон Австрали хүртэл “халдварлаад” байна.

“Fracking” буюу өрөмдлөгийн шинэ технологи гэж юү вэ?

“Занарын тэсрэлт”-ийг бий болгосон шинэ өрөмдлөгийн технологи нь
уламжлалт босоо өрөмдлөг ба шинэ хөндлөн өрөмдлөгийн хослол юм. Газрын
гүнд байгаа нефть болон хийн ордод нэвтрэхийн тулд олон босоо нүх
өрөмддөг байсан бол шинэ технологиор нэг босоо нүх өрөмдөөд, түүнээсээ
нефть хийн судлаа дагаж хөндлөн өрөмддөг байна. Занарын давхаргад хэвтээ
цооногоор ус, элс болон тусгай химийн бодисын хольцыг шахна. Гидро
цохилт нь судал хоорондын ханыг нурааж, хийн нөөцийг олон тооны босоо
цооног өрөмдөхгүйгээр шахаж гаргах боломжтой болгодог аж. Шинэ
технологийг энгийн үгээр тайлбарлавал “дуслыг хураавал далай” гэсэн
зарчмаар явагдана гэсэн үг. Занарын хийн судал бүхнээс хийг гаргаж
авснаар олборлолтын бүтээмж үлэмж нэмэгдэж байгаа юм.

Уламжлалт
технологиор зөвхөн их хэмжээгээр хуримтлагдсан сав газраас л хөндлөн
өрөмдөж олборлолт хийдэг байсан бол шинэ өрөмдлөгөөр судал бүхнийг
ашиглах боломжтой. Энэхүү өрөмдлөгийн технологи цоо шинэ зүйл үү гэвэл
үгүй. Бүр 1940-өөд оноос Америкт “fracking” өрөмдлөгийг туршиж байсан
боловч өндөр өртөг, аюулгүй байдлын улмаас төдийлөн хэрэгжүүлээгүй
байна. Ялангуяа тухайн үеийн улс төрчид өрөмдлөгийн шинэ технологийн хор
хөнөөлийг сурталчлан сонгуулийн шоу хийж байснаас энэ технологи
ашиглагдахгүй олон жил болжээ. Харин 2007 оноос уг технологийг АНУ-ын
Умард Дакотад хэрэглэж эхэлсэн юм. Тэнд нефть хийн олборлолт нэмэгдэж,
ажлын байр ихээр бий болсноор Дакотаг зорих иргэдийн цуваа тасрахаа
байжээ.

Умард Дакотагийн нефтийн зөвлөлийн
Ерөнхийлөгч Рон Нессийн хэлснээр Баккены ордын асар их нөөцийн зөвхөн 5
хувийг л хуучин технологиор авч болох байсан бол шинэ технологиор 95
хүртэлх хувийг нь соруулан авах боломж нээгджээ. Америкчууд ийн шинэ
технологио гайхуулж, байгалийн хий, нефтийг зардал багатай аргаар, их
хэмжээгээр олборлох боломжтой боллоо хэмээн сайрхаж буйд оросууд ихэд
эгдүүцэж байна. Өрөмдлөгийн шинэ технологийн талаар нийтлэл бичсэн
Оросын судлаачийн хэвлэлд нийтлэгдсэн бүтээлийг олон нийтэд цацахыг
хориглож, “томчууд”-ын зүгээс дарамт үзүүлж байжээ.

Оросын зарим
мэргэжилтнүүд “fracking” технологийн өртөг дэндүү өндөр, ийм өндөр
өртөгтэй цооног ашиг авчирч чадна гэдэг нь эргэлзээтэй гэж үзэж буйгаа
илэрхийлсэн. Америкчууд өрөмдлөгийн өртөг өндөр гэдгийг няцаасангүй.
Харин өндөр өртгөөр өрөмдсөн цооногоос авах бүтээмж уламжлалт аргаас
үлэмж ихээр нэмэгдэнэ. Өрөмдлөгийн зардлыг богино хугацаанд нөхөж чадна
гэж тайлбарлаж байгаа юм.

Шинэ технологийн сул тал ба боломжууд

Эрсдэл

Шинэ технологийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд тавигдах асуудал бол байгаль экологид нөлөөлөх байдал юм. Занарын хийг олборлоход асар их хэмжээний усыг элс, химийн бодистой хольж хэрэглэдэг. Америкийн нефтийн томоохон орд
байрладаг Вайоминг мужид мэргэжилтнүүд судалгаа хийхэд химийн бодисууд
хөрсөн доорх усанд хүрэх боломжтой гэдгийг тогтоожээ. Хэрвээ хүмүүсийн ундны ус химийн хороор бохирдвол ямар аюул үүсэх нь тодорхой.

АНУ-ын Хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн коллежийн Байгалийн нөөцийг хамгаалах тэнхимийн профессор Гэри Роббинс хэлэхдээ: “Шинэ өрөмдлөгийн технологи бол хоёр талтай асуудал юм. Нэг талаас эдийн засгийн ач холбогдолтой боловч нөгөө талаас экологид үзүүлэх хор нөлөө их. Шинэ технологи нефть, хийн олборлолтыг ихэсгэх нь эргэлзээгүй. Ингэснээр эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. Гэвч хөрсний, газрын гүний усыг бохирдуулах, усны судлыг эвдэх аюултай. Мөн хий авах гэж тэсэлгээ хийхэд гал гарах эрсдэл өндөр гэдгийг мартаж болохгүй. Ер нь алтан дунджийг барих хэрэгтэй. Ажлын туршлагатай геологич хүний хувьд зөвлөхөд алтан дундаж гэдэг бол байгаль экологи юм шүү” хэмээжээ.

АНУ-ын Умард Дакота шиг өргөн уудам нутагтай, хүн амын суурьшил багатай газарт олон тооны цооног өрөмдөхөд төдийлөн асуудал үүсэхгүй. Харин Нью Йорк шиг олон хүн амтай хотын ойролцоох ордууд дээр өрөмдлөг явуулах нь эрсдэлтэй. Мөн Европын орнуудад хүн ам нягт суурьшсан учраас занарын орд байгаад олборлох боломж хомс гэдэг нь тодорхой байгаа юм. Зарим судлаачид өрөмдлөгийн шинэ технологийн байгальд үзүүлэх нөлөөллийг судалж үзэхэд хуучин технологитой ижил нөлөөтэй гэдэг нь тогтоогдсон. Тиймээс сэтгэл амар байж болно гэж ч тайвшруулж буй.

Боломж

“Fracking” технологийг ашиглаж эхэлснээр АНУ-д төдийгүй дэлхий дахинд томоохон боломж нээгдсэн. Дэлхийн газрын тосны нөөц 80 жилийн дараа бүрэн дуусна гэсэн судалгаа гарч, дэлхий нийтийг айдаст автуулаад байсан юм. Харин занараас нефть олборлох болсноор дэлхийн нефтийн “цус багадалт”-аас сэргийлэх боломж нээгдэв.

Занарын хийн олборлолт өссөнөөр байгальд ээлтэй, хямд түлшний эрин эхэлж байна гэж хэлж болно. Байгалийн хий, нүүрс хоёроос ижил хэмжээний эрчим хүчийг гаргаж авахад байгалийн хий нүүрснээс хоёр дахин бага нүүрсхүчлийн
хий ялгаруулдаг. Мөн байгалийн хийг олборлоход асар их хэмжээний хөрс хуулалт хийх шаардлагагүй. Химийн бодисоор хөрсний ус бохирдохоос сэргийлж чадвал байгалийн хий нь олборлогдохдоо ч, бүтээгдэхүүн болоод хэрэглэгдэхдээ ч байгальд ээлтэй түлш юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар дэлхий дээрх хамгийн их занарын хийтэй орнууд нь АНУ, Орос, Ойрхи Дорнод, Австрали, Хятад, Канад, Герман, ӨАБНУ, Украин, Казахстан юм.  Дэлхийн занарын хийн нийт нөөц 500 их наяд кубметр бол энгийн байгалийн хийн нөөц 177- 213 их наяд кубметр байдаг. Занараас хийг соруулж авах шинэ технологийн ачаар дэлхий нийт нэлээд урт хугацаанд цэнхэр түлшний хомсдолд орохгүй байх боломжтой боллоо. Мөн шинэ технологийн дэвшил байгалийн хий, нефтийн үнийг бууруулдаггүй юмаа гэхэд өсөлтийг нь сааруулна гэж эдийн засагчид үзэж байна.

“Занарын тэсрэлт”-ийн улс орнуудад үзүүлэх нөлөө

Орост өрөмдлөгийн шинэ технологийн талаар нийтлэл бичсэн судлаачийн бүтээлийг олон нийтэд цацахыг хориглож, “томчууд”-ын зүгээс дарамт үзүүлж байсныг дээр дурдсан. Оросын “Газпром” занарын хийг олборлох шинэ тенхологид болгоомжтой хандаж байгаа нь тодорхой. АНУ дотоодын байгалийн хийн хэрэгцээгээ өөрсдөө хангаад эхлэхээр өмнөх нийлүүлэгч байсан Норвеги, Катар Европ руу хийгээ нийлүүлж, нийлүүлэлт нэмэгдсэнээр үнийн уналт бий болж, оросууд алдагдал амсахад хүрээд байгаа юм. Оросууд 2009 онд 582 тэрбум кубметр, 2010 онд 650,3 кубметр, харин өнгөрсөн жил 670,5 тэрбум кубметр байгалийн хий олборложээ. Оросын хийн олборлолт ийнхүү тогтмол өссөөр байгаа боловч бүтээгдэхүүнийг нь авах эрэлт аажмаар буурах хандлага бий болж байна.

Европчууд ганц улсын байгалийн хийн монополиос гарахын тулд шинэ технологийг шаргуу судалж, дотооддоо хий олборлохыг эрмэлзэж байгаа нь оросуудыг сандаргаж байна. АНУ занараас нефть гаргаж авах болсноор Ирак, Афганистанаас цэргээ татаж байна гэсэн яриа бий. АНУ-ын занарын хийн нефтийн нөөц Саудын Арабын нефтийн зарлагдсан нийт нөөцөөс 5 дахин их боловч энэ их нефтээ шууд гаргаж аваад бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй. “Exxson Mobil”-ийн мэдэгдсэнээр АНУ-ын нефтийн импорт 2040 он гэхэд хоногт 7 сая баррель болтлоо буурах юм байна. Энэ хэрэгцээг Канад, Мексик гэх мэт хөрш орноосоо хангана. Харин Саудын Арабаас авах нефть тэг болно гэжээ. Иймээс
АНУ наад зах нь 2035 он хүртэл Ойрх Дорнодоос нефть авсаар байх юм.

Тэгэхээр өнөө маргаашгүй Ойрх Дорнод Америкаас “ангижирна” гэдэг нь ташаа мэдээлэл юм. Хятад улс занараас хий, нефть гаргаж авах аргыг шаргуу судлагчдын нэг. Тус улс 2020 он гэхэд эрчим хүчнийхээ 10 хувийг занарын хийгээр хангана гэж тооцоолжээ. Ер нь байгалийн хийгээр эрчим хүчээ хангаад ирэхээр улс орнууд нүүрснээс татгалзаж эхэлнэ гэдэг нь ойлгомжтой байгаа. Тэгэхээр Монгол, Австрали гэх мэт нүүрс экспортлогч орнууд худалдан авагчгүй болох уу гэсэн асуулт гарч ирнэ. Энэ асуултад дэлхийн мэргэжилтэн судлаачид
“үгүй” гэж хариулж байна. Тэдний тайлбарлаж байгаагаар байгалийн хийн олборлолт эрчимтэй нэмэгдэх боловч бусад эрчим хүчний үүсвэрийг шахаж чадахгүй, харин үнийн хувьд хямд байж чадна. Харьцангуй хямд хийн нийлүүлэлтийг дагаад хэрэглээ өснө.Улмаар зах зээлийн баланс нь яваандаа тогтворжино гэж үзжээ. Нүүрс хийд зайгаа тавьж өгөхгүй гэдгийг цөөнгүй судлаач хэлж байна.

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж