Нөгөөтэйгүүр долдугаар сарын нэгэнд юу болж өнгөрсөн тухай өөр өөрийн өнцгөөс, улс төржүүлсэн мэдэгдлийн улс төрчид гаргаж, тухайн үед хохирсон хэлмэгдсэн хүмүүс, хохироож хэлмэгдүүлсэн хүмүүс болон үндсэндээ хоёр талцан нэг нэгнээ буруутгаж байна. 2012 оны УИХ-ын сонгууль дөхөх тусам хэргийг үнэн зөвөөр шийдэх, шүүхээс гарсан шийдвэрийг үнэн зөв гарна гэдэгт итгэх хүмүүсийн тоо улам цөөрч, харин асуудлыг улс төржүүлэн замхруулах сонирхолтой байна гэж үзэж байгаа хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.
Иймд долдугаар сарын нэгний өдөр бий болсон эмх замбараагүй байдал бий болгосон үйлдэл, шалтгаан, тийм байдал буй болгож өдөөн дэмжсэн хүмүүс, нөхцөл байдлыг даамжруулан хариуцлага алдсан албан тушаалтнууд, үймээний хөлд үрэгдэн хохирсон иргэд, байгууллагын төлөөллийг тухайн үед идэвхитэй оролцож шийдвэр гаргаж, удирдаж байсан бүхий л этгээдүүдийг оролцуулан нээлттэй шүүх хуралдааныг хийх нь шударга ёсыг сахиулах, ардчилал, хууль ёсыг дээдлэх явдалд үнэтэй хувь нэмэр болох юм.
Төрийн нууцын тухай Монгол Улсын хуулийн гуравдугаар зүйлийн 1-т “Төрийн нууц гэж ……. задруулбал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулхуйц мэдээллийг …. өөртөө агуулж байгаа мэдээ, бичиг баримтыг хэлнэ” гэжээ. Гэтэл долдугаар сарын 1-ний тухай мэдээ мэдээллийг задруулбал үндэсний аюулгүй байдалд хор учирна гэхээс илүү харин ч задруулахгүй нууцлах тусам үндэсний аюулгүй байдалд хор учруулахаар байна. Нөгөөтэйгүүр Төрийн нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг тогтоохдоо хууль тогтоомжид нийцсэн, цаг үеэ олсон байх зарчим баримтална” гэсэн зарчимд нийцүүлэн шийдвэрлэх нь чухал байна.
Иймд Төрийн нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1.1/б –д заасан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын саналыг үндэслэн төрийн нууцын зэрэглэлийг баталж, төрийн нууцын хугацааг тогтоох, сунгах болон төрийн нууцыг ил болгох асуудлыг шийдвэрлэх” УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд долдугаар сарын 1-тэй холбоотой мэдээ баримт, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хийсэн хуралдаануудын тэмдэглэл, ҮАБЗ-өөс байгуулсан Онц байдлын шуурхай штабын шийдвэрүүд, ажлын төлөвлөгөө, хуралдааны тэмдэглэл зэрэг “нууц”-ын зэрэглэлтэй баримт бичгүүдийг ил болгох асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Тус албан бичгийн хувийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын газар, Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн гэнэ.