-Төрийн нууцад хамаарах гэж нэрлэгдээд байгаа материалтай танилцуулахгүй байна. Холбогдох хүмүүст нууц материалтай танилцах хүсэлтээ албан ёсоор тавьсан боловч танилцуулах боломжгүй гэж шүүгч хэлсэн. Энэ талаар бичгээр хариу өгвөл дараагийн шатанд гомдол гаргана. Аливаа нууц нь мөрдөн байцаалтын тактикийн нууц, төрийн нууц гэсэн хоёр янз байдаг. Шүүх хурлыг хаалттай хийх гэж байгаа тохиолдолд төрийн нууцад хамаарна гээд байгаа зүйлийг хохирогчдын талд танилцуулах ёстой. Цагдаагийн байгууллагын алба хаагчдыг Үндэсний аюулгүй байдлаас гаргасан галт зэвсэг хэрэглэж болохгүй гэдэг шийдвэрийг зөрчсөн гэж буруутгаж байгаа. Гэтэл үнэнийг хэлэхэд тэр шийдвэр, тогтоолыг хохирогчийн өмгөөлөгч би хавтаст хэргээс олж хараагүй. Үүний хараагүй байж шүүх хуралд яаж оролцох нь ойлгомжгүй байна. Үүнээс гадна цагдаагийн удирдлагуудын өмгөөлөгч гэрчүүдийг дуудсан. Тэгэхээр төрийн нууцад хамаарах материалтай танилцаж байж гэрчээс юу асуухаа шийднэ биз дээ. Шүүх хурал мэтгэлцээний зарчимд тулгуурлан аль аль талд тэгш эрхтэй явагддаг. Тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байсан хүн тэнд сууж байгаа учраас төрийн нууцад хамаарах материалын талаар мэднэ. Улсын яллагч хэрэгт хяналт тавьсан учир мөн л төрийн нууцад хамаарах материалыг мэдэж байгаа. Харин хохирогчдод мөрдөн байцаалтын нууц гэх үндэслэлээр танилцуулаагүй. Нууц гээд байгаа материалтай хохирогчдыг танилцуулаагүй байж шүүх хурал хийх нь өрөөсгөл гэж бодож байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, болон Засгийн газар, УИХ-ын гишүүдэд хандаж төрийн нууц гээд байгаа зүйлээ ил болгооч ээ гэж ярьсан. Үүнийг би маш их дэмжиж байгаа. Яагаад гэвэл цэргийн гэмт хэргээр зүйлчилж байгаа асуудалд өмгөөлөгчийн хувьд санал нийлдэггүй. Бүх зүйлийг ил тод болгож, зохион байгуулалттай байсан эсэх, иргэдийг буудах бодит санааилага байсан эсэхийг мэдэх нь ард түмний эрх гэж ойлгож байна. Гэтэл иймэрхүү байдлаар ялласан болоод өнгөрвөл бодит үнэн тогтоогдохгүй, хохирогчид сэтгэл хангалуун үлдэхгүй нь тодорхой.
-Таны хувьд Ц.Энхбаярын өмгөөлөгчөөр саяхнаас ажиллаж байгаа. 29 хавтас хэрэгтэй танилцаж дууссан уу?
-Ерөнхийдөө шүүх хурлаас өмнө танилцаад дуусна. Энэ хавтас хэрэгт учир дутагдалтай зүйл их бий. Хэргийг уншиж байгаа хүний хувьд хавтас хэргийн материалд сэтгэл дундуур байгаа. Цагдаа, АТГ, ТЕГ дотроо гүйцэтгэх ажиллагаа явуулдаг албатай. Харин долдугаар сарын 1-ний хэргийг мөрдөн шалгасан УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах газарт гүйцэтгэх ажиллагаа явуулах алба байхгүй. Үүний нэг аюул нь тодорхой нотлох баримтуудыг мөрдөн шалгалтын байдлаар бэхжүүлэн, хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн эсэхийг тогтоох байдал алдагддаг. Хавтас хэрэгтэй танилцахад маш олон материалыг хуурамчаар бүрдүүлсэн байж болзошгүй харагддаг. Шалгах ёстой зүйлийг шалгаагүй гэдгийг баттай хэлэх байна. Энэ сарын 14-нд болох шүүх хурлаар хэргийг мөрдөн байцаалтад буцаах болов уу гэж бодож байна.