Монголд хамтарсан бэлтгэл хийхээр ирсэн Француудаас хоёр, Монголоос хоёр баг гарч, нөхөрсөг тэмцээнд барилдлаа. Монголын II баг Францын I багтай эхэлж өрсөлдөхөд 60 кг-д Азийн аварга Г.Болдбаатар Европын аварга Софиан Милоуг, 66 кг-д Б.Хишигбаяр Давид Ларосыг хожсоноор монголчууд 2-0-ээр хошуучилж эхэлсэн ч дараагийн дөрвөн бөх маань бүгд ялагдав. 73 кг-д Г.Пүрэвдорж Жиль Бонхёмд, 81 кг-д Н.Дагвасүрэн Аксель Клергед, -100 кг-д Э.Энхбат Сириль Маред, +100 кг-д Б.Сугаржаргал Мэтью Торелд тус тус дийлдсэн.
Дараа нь Монголын I баг Францын II багийг 4-2-оор хожлоо. Францын зарим тамирчин энэ барилдаанд оролцох боломжгүй болсон учраас I багийнхан нь нөхөж хүч үзсэн. Монгол-Францын халз барилдааны хоёр дахь тулаанд 60 кг-д Д.Төмөрхүлэг Иссам Нурыг, 66 кг-д С.Мияарагчаа Пьер Дупраг ялж, Г.Одбаяр Жиль Бонхёмд, Г.Түвшинжаргал Аксель Клергед дийлдсэнээр дөрвөн барилдааны дараа ялалтын харьцаа 2-2 болон тэнцсэн. Харин Б.Тэмүүлэн С.Марег цаг сунгаж, Н.Батсуурь М.Торелийг торгуулиар хожин Монголын багт ялалт авчирсан.
Ялсан хоёр баг тэргүүн байрын төлөө өрсөлдөх байсан ч Францын дасгалжуулагчийн хүсэлтээр зөвхөн 60 кг-ын тамирчдын барилдаанаар ялагчийг тодруулахаар болсон юм. Ингээд Д.Төмөрхүлэг Софиан Милоуг вазаригаар илүүрхэн Монголын багт ялалт авчирсан юм.
Гуравдугаар сарын 15-нд Францын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид Монголын бүсгүйчүүдтэй халз барилдаан хийнэ. Өнгөрсөн багийн дэлхийн аварга болсон француудаас дэлхийн гурван удаагийн аварга Люси Декос, дэлхийн аварга Одри Чеумео, ДАШТ-ий олон медаль Фредерик Жоссине нарын шилдгүүд Монголд иржээ. Түүнчлэн Тунис, Хятад, Шведийн жүдочид энэхүү хамтарсан бэлтгэлд хүч нэмэн оролцох тухай Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.