Архинд хордсон дуудлага эрс нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Архинд хордсон дуудлага эрс нэмэгджээ

Олон улсын сувилагчдын өдрийг угтан Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Мэргэжлээ сольсон” нь арга хэмжээг зохион байгууллаа. Манай сурвалжлах хэсэг Яаралтай түргэн тусламжийн төв 103-д шөнийн ээлжинд ажиллалаа.
Бидний ажил 18 цагаас эхэлсэн. Шөнө дуудлага их байдаг, өдийд зүгээр л сууж байгаа болов уу гэж бодсоор очиход дуудлага  хүлээн авах өрөөнд зургаан операторын утас зосгоо зайгүй хангинаж, “Байна  уу. 103 сонсч байна” хэмээн өвчтөний хаяг, утас, нэрийг  минут хүрэхгүй хугацаанд бичиж эмч нар руугаа хэлж байлаа. Тус төвд өдөртөө нэг ээлжинд 60 орчим хүн нийслэлийн хүн амын эрүүл мэндийн манаанд тасралтгүй ажилладаг. Өнгөрөгч шөнө III ээлжийхэн ажиллаж байв. Ээлжийн ахлагч н.Цэрэнлхам “Дуудлага өдөртөө гайгүй байдаг ч оройн 18 цагаас  шөнийн 02 цагийн хооронд ачаалал эрс нэмэгддэг. Дээр нь гэр хорооллын хаяг тодорхой бус байдаг нь хүндрэл учруулдаг.Гэтэл иргэд 103 шуурхай ирдэггүй гэж их шүүмжилдэг. Үнэндээ хэр их ачаалалтай байдгийг өөрөө яваад мэднээ” гэж байлаа.  Бид анхны тусламжаа Сүхбаатар дүүргээс  жижүүр эмч В.Туяа, жолооч Г.Галбаажамц нарын хамт  эхэллээ. Спортын төв ордны баруун талд байрлах “Бууз” цайны газар очиход жирэмсэн эмэгтэй сууж байлаа. Тэрбээр найман сартай жи­рэмсэн бөгөөд хичээлээ тараад харих замд бие нь тавгүйтэн ийн түр­гэн дуудсан аж. Эмэгтэй зулбах магадлалтай гэж үзсэн учир  Эх нял­хасын эрдэм шинжилгээний төвд хүргэхээр боллоо. Хотын там бол­сон   замаар сэгсчүүүлэх, замын бөглөрөлд саатах  бүрийд эмэгтэйн амьсгал олширч, тавгүй байгаа нь мэдрэгдэж байв.Тэр үед  гэнэт өвдөөд төрөх вий гэсэн айдастай байх үед  жолооч:
“Жолооч нар  түргэний тэргэнд зам тавьж өгөхийг мэддэггүй. Уг нь гадны оронд бол түргэн, цагдаа, гал команд явах тусгай урсгалтай бай­даг юм билээ. Тэр зам нь чөлөөтэй, дээр нь  маш тэгшхэн зам байдаг тул өвчтөн авч явахад аюулгүй”  гэж байв.
Эмэгтэйг эмнэлэгт хүргэсний дараа  Баянхошууны зүгт хөдөллөө.  Баянхошууны модны захын хойно байрлах гуу жалга дамжсаар нэгэн айлд ирлээ. Энэ өвчтөн тархины хорт хавдартай гэдгээ өнгөрсөн гуравдугаар сард мэдсэн бөгөөд гэртээ ганцаараа амьдардаг өндөр настан байлаа.  Эмээгийн  хүүхдүүд ээжийнхээ бие тавгүй байгааг дуулаад хөдөөнөөс  ирсэн бөгөөд ээжийгээ эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэх хүсэлтэйгээ хэлж байв.  Гэвч   тэр эмээг эмнэлэгт хүргэж өгөх боломжгүй гэдгээ эмч хэллээ. Учир нь нэгэнт хорт хавдартай гэсэн онош нь батлагдсан бол дүүргийн болон улсын эмнэлэг өвчтөнг хүлээн авдаггүй юм байна. Харин Хавдарын эмнэлэг л  өвчтөнөө авдаг аж. Гэтэл тус эмнэлэг түргэний дуудлагаар очсон өвчтөнг хүлээн авдаггүй аж. Тийм болохоор өөрсдөө Хавдарын эмнэлэгт очиж үзүүлэхийг эмч зөвлөлөө. Ная шахаж байгаа хорт хавдартай эмээ шаналсаар шөнийг өнгөрөөхөөс өөр арга байсангүй. Хүн амын дунд хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, нас баралтын шалтгааны нилээдгүй хувийг эзлэх болсон өнөө үед Эрүүл мэндийн яам энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй мэт санагдлаа.
Дараагийн дуудлага  Сонгино­хайрхан дүүргийн Баянхошуу дахь цагдаагийн тасагт байсан юм. Тэнд очин хаалгаар дөнгөж оронгуут архины эхүүн үнэр хамар цоргив.  Үүдэнд цагдаагийн  ажилтнуудын хамт арваад согтуу хүмүүс байв. Тус тасгийн цагдаагийн ажилтнууд “70 мянган төгрөг өгснөөс хойш архидалт эрс нэмэгдлээ. Энд байгаа хүмүүс бүгд тэр мөнгөөрөө архи ууж нийгмийн хэв журам зөрчсөн”  гэж байв.  Түргэний эмч нар үүнийг мөн баталж сүүлийн үед архинд  хордсон дуудлага нэмэгдэж байгааг хэлж байв. Далан мянга нийслэлчүүдийг архинд живүүлж байгаа бололтой.
Энэ мэт дуудлага огт тасардаггүй юм билээ. Хаяг, гудамж, хаалганы  дугаар байхгүйн дээр гэрэлтүүлэг огт байхгүй учир түргэнийхэн өвчтөнд хүрэх гэж багагүй цаг гарздах юм. Түргэний тэрэг  20 жил барьсан туршлагатай нэгэн жолооч байсан учир тухайн газрынхаа нүх бүрийг мэдэж, станцаар бусад жолооч нартаа зам заах юм.
Харанхуй гудамжинд айлын нохойд уруулах нь холгүй өвчтөнөө үзэхээр явж байгаа эмч нарт ядахдаа гар чийдэн ч болтугай өгөхгүй бол ажлын нөхцөл их хүнд юм. В.Туяа эмч хэд хоногийн өмнө аж­лаа хийж яваад нөгөө л харанхуй гуд­манд бүдэрч хөлөө гэмтээсэн ч ажлаа хийсээр явна.  Бидний ан­­­заа­рснаар Сонгино­хайрханд хам­гийн их дуудлагатай байдаг бололтой. шөнөжин тус дүүргийн өвчтөнүүдэд үйлчилсээр өнгөрлөө. Тус дүүрэгт   хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд их. Хотын захад амьдарч байгаа хүмүүс ямар хүнд нөхцөлд бор өдрийг өнгөрөөж байгааг хараад сэтгэл эмзэглэхгүй байхыг аргагүй. Дээрээс нь өвчин нь ужгирч, хүн ойртохын аргагүй болсон  ч байх юм. Тэд ихэвчлэн өнөө маргаашаа арай ядан өнгөрүүлж, өлөн зэлмүүн амьдардаг тул биеэ үзүүлэх мөнгө байдаггүй аж. Хотын нэг шөнө Түргэн тусламжийн төвд даралт ихсэх, зүрх өвдөх, хоолны болон архины хордлогод орлоо гэсэн нийтдээ 434 дуудлага ирсэнээс ахмад настай арваад хүн өвчний улмаас нас барлаа.

П.Нарандэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж