“Улстөрийн соёлтой оронд өөрөө огцрох байсан”

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

“Улстөрийн соёлтой оронд өөрөө огцрох байсан”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах тухай УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Э.Бат-Үүл нараас өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд тэр дундаа дээрх төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Батлан хамгаалахын сайдын өөрийнх нь хэвлэлд өгсөн ярилцлага бол маш ноцтой зүйлүүд яригдсан. Тийм учраас бид хууль зүйн хүрээнд асуудлыг оруулсан. Шаардлагатай гэвэл яриаг нь чуулганы танхимд сонсгож болж байна. Онц байдлын үед Дотоодын цэрэг цагдаад хүч нэмэгдүүлэх бол байлдааны бэлэн байдалтайгаар оролцож болохгүй гэдгийг бид хуульдаа тов тодорхой заачихсан. Энэ бол бидний хамгийн том ололт. Харин үүнээс илтэд хазайсан асуудлыг сайд Ж.Энхбаяр тавьсан учраас огцруулах асуудлыг тавихаас аргагүй байдалд хүрсэн. Хэрвээ улстөрийн соёл хөгжсөн оронд бол бид сайд Ж.Энхбаярыг огцруулах асуудлыг тавих бус сайд Ж.Энхбаяр өөрөө огцрох саналаа гаргах байсан юм” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “Сайд Ж.Энхбаярт хандаж хэлэхэд ам нээх болгондоо алдаж байгаа. Тэр байтугай байнгын хорооны хуралдаанд өөрийнхөө гарын үсэгтэй бичиг тараахдаа улсын нууцтай холбоотой мэдээллийг оруулсан байгаа. Энэ бүхэн нь асуудал үүсгэж байгаа” гэлээ.

Харин сайд Ж.Энхбаяр “Хэд хэдэн асуултад хариулт өгөхгүй бол болохгүй нь. Сайдын зөвлөлөөр хэлэлцсэн асуудлын талаар Ардчилсан намын бүлэгт танилцуулах гэж нэг өдрийн турш үүдэнд нь сахиж суусан, Дараа нь Ч.Сайханбилэг даргын өрөөнд хүртэл орж уулзсан. Улмаар  хоёр долоо хоногийн турш хэвлэлээр дайралт явсны дараа арга буюу өөрөө хариу тайлбар хийсэн. Мэргэн буучидтай холбоотой асуудал нууцын зэрэглэлд орохгүй” гэсэн юм. Асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж