Парис хотын Помпидугийн төвд ХХ зууны хамгийн гайхамшигт зураачдын нэг Хэнри Матиссийн уран бүтээлийн үзэсгэлэн гараад байна. Онцлог нь гэвэл энэхүү үзэсгэлэнгээс Матисс нэг зохиомжийг хэрхэн өөр өөр өнгөөр, өөр өөр техникээр дахин дахин зурдаг байсныг харж болох ажээ. Сэтгэлдээ хүрсэн хувилбарыг олох хүртлээ тэрбээр ийнхүү хэчнээн олон удаа ч хамаагүй зурдаг байсан гэнэ.
Хэнри Матисс 1906 онд зурсан “Амьдралын баясгалан” бүтээлээрээ уран зургийн ертөнцөд өнгөний шинэчлэл хийсэн гэдэг.
Энэхүү үзэсгэлэн өнөө жилийн Парисын соёлын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг юм. Ирэх зургадугаар сарын наймныг хүртэл Парист гараад үзэсгэлэн дараа нь Копенгаген, улмаар Нью-Йорк руу аялна.