Монголын сагсан бөмбөгийн холбооны Пэпси үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн ээлжит тоглолтууд лхагва гаригт Буянт-Ухаа дахь Спорт цогцолборт боллоо. Эхний тоглолт аваргаа хамгаалагч “Харцага” болон “Баянзүрх Буллс” багийн хооронд өрнөсөн. Өмнөх тойрогт “Харцага” илт илүүрхэн хожсон боловч тухайн үед дасгалжуулагч Ц.Цэвэрбал биеийн байдлаас улмаас багаа удирдаж чадаагүй билээ. Харин энэ удаад тэрээр багаа удирдаж байсан юм. “Харцага” багийн Донелл Магий өмнөх тоглолтод мөрөндөө гэмтэл авч талбайд гараагүй бол “Буллс” багийн төвийн тоглогч О.Сайнбаяр хувийн хүндэтгэх шалтгаанаар багийнхаа бүрэлдэхүүнд байсангүй. Ингээд түүнийг эзгүйд Ц.Мэргэн хүчний довтлогчоор гараанд гарч, дабл-дабл хийжээ. Харин Дин Хэдли бүх тоглогчдыг оноогоор тэргүүлж, улмаар үндсэн цагт “Баянзүрх Буллс” баг 85:70 харьцаатай ялалт байгуулсан юм. Хэдийгээр Павлович, Б.Одбаяр нар өөрсдийн үүргээ самбарт, довтолгоонд сайн гүйцэтгэж байсан ч бусад тоглогчид нь тус болсонгүй ийнхүү “Харцага” дөрөв дэх ялагдлаа хүлээлээ. Дараагийн тоглолт мөн сонирхолтой болсон. ШШГЕГ-ийн харьяа “Сүлд” спорт хорооны “Офицер” баг “TLG-13”-тай тоглосон. Энэ тоглолтод “Офицер”-ын холбогч М.Бадрах торгуулийн улмаас оролцоогүй бол довтлогч Квинтин Паттин гэмтлийн улмаас талбайд гараагүй байна. Мөн эхний тойрогт “TLG-13” илүүрхэж байсан бөгөөд “Офицер”-ын хувьд хүнд учраа гэж үзэгчид таамаглаж байсан ч тийм зүйл болсонгүй. Роберт Пэрри, Лекстер Фергюсон нар хамгаалалт болон довтолгоон дээр багаа тэргүүлснээр үндсэн цагт 86:64 харьцаатайгаар буюу 22 онооны зөрүүтэйгээр “Офицерууд” ялалт байгуулж, тав дахь хожлоо авчээ. Тэд таван хожил, дөрвөн хожигдолтой плей-оффын байрлалаа хадгалж үлдлээ.