“Sweetymotion”-той Мартын 8

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

“Sweetymotion”-той Мартын 8

Гуравдугаар сарын 8. Энэ өдөр олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр. Гартаа баглаа цэцэг барьсан бүсгүйчүүд, ээжүүд Тусгаар тогтнолын ордныг зорин алхална. Учир нь энэ өдөр “Sweetymotion” хамтлагийнхан 15 насны ойгоо угтан бүсгүйчүүд, ээжүүддээ зориулан “Male Stars and Unplugged” нэртэй тоглолтоор бэлэг барьсан юм. Тэдний бэлэг “Мартын 8”-ны хамгийн гоё бэлэг байсан. Тэд энэ тоглолтоороо олон бүсгүйчүүд, ээжүүд, эмэгтэйчүүдийг баярлуулсан.

Тоглолтын уур амьсгал бүхэлдээ “халуун, доргио” байсан. Үзэгчид дунд “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа гэр бүлийн хамт, охидын “Anemone” хамтлаг, “Харанга”-ын дуучин Х.Лхагвасүрэн гэргийн хамт, Б.Сарантуяагийн шавь Л.Насанбуян, “New Star” студийн захирал Л.Мандах хүүгийн хамт, залуу дуучин Э.Номинзул гээд л олны танил эрхмүүд хүрэлцэн ирсэн байв. Эмэгтэй хамтлаг дуучид дундаа хамгийн чансаатай, чадалтай гэгддэг “Sweetymotion” хамтлагийн жазз, сонгодог, поп хэмнэл үзэгчдийг догдлуулсан. Тэд бүх дуугаа шинэчлэн найруулжээ. Мэдээж найруулгыг хамтлагийн продюсер Б.Чинбат хийсэн. Харамсалтай нь, Б.Чинбат охидынхоо тоглолтод оролцож чадсангүй. Тэрбээр Чикагод ажилтай байгаа учир цэнхэр дэлгэцээр дамжуулан хамтлагийнхаа бүсгүйчүүдтэй хамт “Дэгжин нүдэн” дуугаар мэндчилсэн. Мэдээж Гавьяат жүжигчин Б.Дашдондогтой хамт “Охин”, “Инээмсэглэл” хамтлагийн дуучин Н.Ганхуягтай хамтран “Хослон дуулъя” дуугаар үзэгчдийн сэтгэлийн хөөргөсөн тэдний тоглолтын сонгодог хэмнэл одоо л эхлэх гэж байна.

Хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурч, хийлч мэргэжлээр төгссөн гурван бүсгүй өдгөө рок попын шилдэг хамтлаг болсон ч, тэд хөгжмөө тоглосоор байна. Энэ үдэш “Sweetymotion”-ийн бүсгүйчүүд дэлхийн алдартай бүтээлүүдээс тоглосон нь хөөрсөн сэтгэлийг нь тайтгаруулах шиг. Морин хуурч Д.Шинэцогтой хамтран “Ботгон дуу”-гаа дуулж, анх дуулж байсан дуунуудаасаа хөгжимгүйгээр хоолой салган попури болгон дуулахад нь үзэгчид тэднээр бахархсан. Тоглолтын оргил хэсэгт Гавьяат жүжигчин, дуучин, эстрад урлагийн төлөөлөгч  Х.Төмөрбаатар тайзнаа гүйн гарч ирснээр үзэгчид үзэгчдийг баясгасан. Х.Төмөрбаатартай хамтран бүсгүйчүүд “Бүсгүй минь чи” дуугаар үзэгчдэд инээмсэглэл бэлэглэж, “Харанга”-ын Х.Лхавасүрэнтэй “Бүсгүйн заяа”-г хоршин дуулж уяраагаад л… “Sweetymotion”-той Мартын найман гоё байлаа.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж