Хүүхдээ байнга авах нь сайн

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Хүүхдээ байнга авах нь сайн

“Хүүхдээ сав л хийвэл ухасхийн тэвэрч авсаар муу зан сургачихлаа”, “Тэврүүлээд сурчихна, дараа нь өөрсдөө авахгүй байж битгий” гэх мэт үгийг бид багаасаа л томчууд, ахмадуудаас сонссоор, бас тэврэнгүүт уйлахаа байчихдаг, эрүүл саруул атлаа авахуулаад сурчихсан, “хэцүү” хүүхдүүдийг хараад дээрх үгийн юутай үнэн бэ гэж бодож байсан уу? Гэвч хүүхдийг тэвэрсний муу гэж байдаггүй ажээ.
Ихэнхдээ л орон дээр эсвэл тэргэн дотроо хэвтэж байдаг хүүхдэд тэнгэр, тааз ч юмуу унь, хэдэн тоглоом, эсвэл хайчилсан үнэг, хааяа ээжийнх нь дээрээс тонгойх царай л харагдана. Гэтэл хүүхдийн сэтгэхүйн хөгжил ямар болох вэ гэдэг нь тааз ширтэж өнгөрөөх энэ эхний нэг жилээс л хамгийн их шалтгаалдаг аж.

Харин тэврүүлдэг хүүхдийн нүдэнд юу юу өртөж болохыг, бас хүүхдээ авсан чигээр бусад ажлаа амжуулах тухай бодоод үз. Хүүхдээ мөрөндөө наалдуулан, тэврэн, өвдгөн дээрээ тавиад эсвэл ганц гараараа авч нөгөө гараараа юм хийх боломж бий. Нэг гараараа авч, тэвэрчихээд, нөгөө гараараа хүүхдийн хоол бэлтгэж, пийшинд түлээ хийж, ном эргүүлж байхад хүүхдэд мэдээж тавгүй байх боловч ээж, аав нь дэргэд байгаа учраас тайван, толгойгоо эргүүлж энэ тэрийг сонирхон хардаг байна.

Түүний нүдэнд цонх, сав суулга, эрээн мяраан даавуу, дэлгээстэй ном, сонин гээд олон зүйл тусна. Бас хүүхэдтэйгээ ярьж “одоо халбага, аяга, талхаа авна” гэх зэргээр барьж байгаа зүйлээ нэрлэж танилцуулж байгаарай. Ингэж авахуулсан хүүхдүүд үзсэн харсан зүйлдээ сэтгэл ханаж, ихэвчлэн орондоо орж хэвтэх дуртай болдог тул авахуулаад сурчихвий гэж айсны хэрэггүй. Тэгээд ч бид хүүхдээ тэгж удаан авахгүй. Тэд маань хэдэн cap өнгөрөхөд л мөлхдөг, явдаг болчихоод тэгж их авахуулах гээд байхгүй, өөрсдөө олон шинэ зүйлийг нээдэг болчихно.

Зарим хүүхдэд сонирхохгүй зүйл гэж байхгүй байхад эргэн тойрны зүйлээс тусгаарлагдсан, ор тэргэн дотор өсч байгаа хүүхдийн харц залхуутай тоомсоргүй, ийш тийш юм сонирхож хардаггүй, юуг ч гайхдаггүй, баяр хөөр болдоггүй, хүүхдийн сониуч зангүй, хөдөлгөөн багатай байдаг. Магадгүй уншигчдын маань дунд дээр өгүүлсэн зүйлтэй бүрэн дүүрэн санаа нийлэхгүй хүн байж болох юм. Тэгвэл дараах нэгэн судалгааг сонирхуулья. Африк ээж нар хүүхдээ ерөөсөө хаа ч явсан үүрч явдаг байжээ.

Өдөр шөнөгүй, баяр ёслолоор ч үргэлж л ээжийнхээ дэргэд байгаа тэд ээжийнхээ үзсэн харсан бүхнийг харна гэсэн үг. Тэгэхээр маш их зүйлтэй танилцаж  байдаг гэсэн үг.. 2 настай ийм африк хүүхдүүдийн сэтгэхгүй үе тэнгийн европ хүүхдийнхээс илүү байсныг судалгаагаар тогтоож байжээ. Гэхдээ нийгмийн хөгжлийн түвшин тэднийг ялгааг эсрэгээр өөрчилдөг аж. Эхний нэг сард хүүхэд орчноо ажиглан маш их зүйл мэдэж авдгийг сэтгэлзүйчид баталжээ. Хүүхдийг хажуулж тавих, гэдсээр нь хэвтүүлэх нь орчин тойрноо ажиглах боломж олгож, хүүхэд толгойгоо эрт дааж, чийрэг болоход нөлөөлдөг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж