Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар сайд Ж.Энхбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед улсын нууцтай холбоотой асуудал хөндөгдөөгүй. Тэгээд ч сайд Ж.Энхбаяр өөрөө улсын нууцтай холбогдох асуудлыг бүлгийн хуралдаан дээр гишүүддээ тараасан байсан. Тэр нь өдөр тутмын сонинд хэвлэгдсэн. Нууцлаад байх асуудал байхгүй. Хэрвээ асуудлыг хаалттай хэлэлцэнэ гэх юм бол Ардчилсан намын бүлгийн хувьд чуулганд оролцох боломжгүй болно” гэсэн юм.
Ингээд дээрх хоёр горимын саналаар гишүүдээр санал хураалгах болсон ч, хоёр тал байр сууриа хамгаалан мэтгэлцэв. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Хаалттай юм хардлага дагуулдаг, нээлттэй тусмаа хардлага бага дагуулна. Тийм учраас чуулганыг нээлттэй явуулах шаардлагатай” гэж үзсэн бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Би хуулийн хүрээнд горимын санал гаргасан. Саналаа татахгүй” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Нууж хаагаад байх юм үгүй, нуух асуудлыг сонинд гаргасан байсан, бүлэг болоод байнгын хорооны гишүүдэд тарчихсан. Сайд өөрөө түүнийгээ тараачихсан байсан. Хуулиа сайн ойлгоогүй, өөр зорилгоор ойлгочихсон байсан нь байнгын хорооны хуралдааны үеэр тодорхой болсон. Хуулиа ойлгоогүй, нэн ялангуяа энэ бол парламентын гишүүд ойлгоогүйтэй холбоотой.
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу “Хуралдааныг нээлттэй хийх ёстой” гэлээ. Эцэст нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт саналаа татсанаар хуралдаан нээлттэй явахаар боллоо. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Танхимынх нь сайдыг огцруулах асуудал яригдах болж байгаа учраас сайд нь чуулганы хуралдаанд оролцох ёстой. Ялангуяа Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн биеэр хуралдаанд оролцох ёстой” гэж үзэн, гүйцэтгэх засаглалын тэргүүний ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд хүрэлцэн ирэхийг хүссэн юм.
Одоо сайдыг огцруулах асуудлыг өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулга хийж байна.