Батлан хамгаалахын сайдын хувьд тэрбээр зэвсэгт хүчнийг иргэдийн эсрэг ашиглахыг санаархсан хэмээн нэр бүхий гишүүд түүнийг буруутгаж, огцруулах ёстой гэж үзсэн юм. Уг нь “Зэвсэгт хүчнийг иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хэлбэрээр ашиглахыг хориглоно” гэж Монгол Улсын Зэвсэгт хүчний тухай хуульд хатуу заасан нь бий. Гэтэл Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилогдсоныхоо дараахан хуулийн уг заалттай зөрчилдсөн утгатай зүлийг ярьж, улмаар сайдын зөвлөлийн хуралд санал болгох гэж байгаа тухай хэвлэлээр мэдээлэгдсэн юм. Үүний дараахан тэрбээр хэвлэлээр өгсөн ярилцлагадаа дээрх санаагаа үгүйсгээгүй төдийгүй улам баталгаажуулсан байлаа.
Ийм зүйлийг ярьж сэдээд зогсохгүй, МАН-ын мэдэх асуудалд хөндлөнгөөс оролцох хэрэггүй гэж мэдэгдэн хэнэггүйрхэж байсан Ж.Энхбаярыг огцруулах эсэх асуудлыг ямар учраас олон нийтээс нууж хаах гэж байгаа нь тодорхойгүй байна. Батлан хамгаалах, зэвсэгт хүчний нууцын асуудал энэ үеэр хөндөгдөнө гэсэн зүйлээр халхавч хийх гэж байгаа л байх. Гэвч иргэд тийм нууцын асуудлыг огт сонирхоогүй шүү дээ.
Харин иргэд зүй ёсны эрхээ эдэлж, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадахгүй болох вий гэдгээс айж байна. Төр засаг нь иргэдийнхээ эсрэг буу шагайдаг аймшигт үзэгдлийг эрх мэдэлтнүүд цаашид ч далдхан дэмждэг, тушаал шийдвэрээрээ баталгаажуулдаг дарангуйлал руу орох вий гэдгээс айж байгаа. Ийм асуудлыг хаалттай хэлэлцэж, Ж.Энхбаярын зөв, бурууг нь нотлохгүйгээр зөвхөн нэг өнцгөөр буюу улс төрийн шийдвэрээ олонх нь хамгаалсан өнцгөөр асуудлыг шийдэх вий гэдгээс иргэд болгоомжилж байна. Ийм зүйлийг нууж байгаад хэлэлцэх ёстой гэж үү?
Өмнө нь нэг бус сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүдээс гаргаж байсан ч тэдгээр тохиодолд бүрт “гишүүд буруу боджээ” гээд л сайдуудыг өмгөөлөөд үлдэж байсан. Харин энэ удаад бүүр хаалттай хэлэлцэж байгаад авч үлдэхээр санаархаж байна. Өнөөдөр болох хуралдаанаар Батлан хамгаалахын сайдын “аймшигт” мэдэгдэл ямар учиртай болохыг, үүнийхээ төлөө тэр хүн хариуцлага хүлээх эсэхийг олон нийтэд нээлттэй, ил тодоор шийдэж чадах эсэхээс МАН-ын үнэ дүр төрх илчлэгдэхээр байна.