Японы хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгнө

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Японы хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгнө

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс /МҮК/, Холбоот сургуулиудын үндэсний сүлжээнээс өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нд Япон улсад болсон аймшигт газар хөдлөлт, цунамид нэрвэгдсэн ард түмэн, тэр дундаа багш сурагч, хүүхэд багачуудад сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх ажил зохион байгуулахаар болсон билээ. Энэ санаачилгыг ЮНЕСКО-гийн Ази, номхон далайн бүсийн Боловсролын төвөөс гаргасан байна. Ингэхдээ Монголын ард түмэн, боловсролын салбарт ажиллагсад, багш сурагчдын хамтаар тодорхой ажлуудыг хийх ажээ. Энэ хүрээнд ЮНЕСКО-гийн МҮК Японы гамшигт нэрвэгдсэн хүүхдүүдэд сэтгэлийн дэм үзүүлэхээр нийт 13 холбоот сургуулийн сурагчдын чин сэтгэлийн үгийг илэрхийлсэн зурагт номыг бүтээх санааг гарган, гүйцэтгэжээ. “Монголын багачуудын сэтгэлийн үг” хэмээх энэхүү номонд үе тэнгийн найзууддаа илгээх сэтгэлийн үгээ захидал, зохион бичлэг, эссэ, зургаар илэрхийлсэн гэнэ.

Номын нээлтийн ажиллагаа өнөөдөр 15.00 цагт Монголын Хүүхдийн ордны бага танхимд болох ажээ. Номын нээлтийн ажиллагаанд Гадаад харилцааны яам, Японы ЭСЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ЮНЕСКО-гийн Монгол дахь холбоот сургууль, ерөнхий боловсролын сургуулиудын япон хэлний багш нар оролцох юм байна.

Монгол Улс 1983 онд “Холбоот сургуулиудын олон улсын сүлжээ”-нд нэгдсэн бөгөөд одоогийн байдлаар хот хөдөөгийн нийт 13 сургууль ЮНЕСКО-гийн холбоот сургууль болсон юм байна. Эдгээр сургуулиудын гол зорилго нь ЮНЕСКО-гийн бодлого, үзэл санааг олон нийтэд сурталчлах, Дэлхийн өвийн боловсролыг хүүхэд залуучуудад олгох, энхийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүнлэг ёс зүй, хүний эрхийн боловсролыг хүндэтгэн дэмжих, соёлын ба байгалийн олон төрөл зүйлийг хамгаалахад туслах, тогтвортой хөгжлийн боловсролыг эрхэмлэхэд чиглэдэг ажээ.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж