Хэрэв сансарын хог хиймэл дагуул болон сансарын хөлөгтэй мөргөлдвөл тэдгээрийг сүйрэлд хүргэх хэмжээний гэмтэл үүсгэх эрсдэлтэй юм. Сансарын хог хаягдалын учруулж болох аюул зөвхөн онолын төдий зүйл биш болоод байна. 2009 оны 2 сард Америкийн Iridium-33 хиймэл дагуул оросын Cosmos-2251 станцын үлдэгдэлтэй мөргөлдсөн тохиолдол гарсан. Тухайн үед мөргөлдөлтийн үр дагавар тийм ч их биш байсан боловч энэ нь даатгалын зардлыг ихэсгэж дараагийн хиймэл дагуул хөөргөх өртөгийг нэмэгдүүлэх нөхцөл болж байгаа юм.
Мөн өнгөрөгч онд гэхэд л Олон улсын сансарын станцад ойртож ирсэн объектийн учруулж болох аюулаас зайлсхийх зорилгоор сансарын нисгэгчдийг буух хөлөгт түр хугацаагаар шилжүүлэн байршуулж байсан билээ. Харин шведчүүдийн төлөвлөж байгаа 11 сая долларын өртөг бүхий CleanSpace One хиймэл дагуул хог хаягдлын учруулах эрсдэлийг бууруулахад туслах ажээ. Уг хиймэл дагуулын хог цэвэрлэх ажиллагаа гурван үндсэн хэсгээс бүрдэж байна.
Эхлээд хөөргөсний дараа хиймэл дагуул сансарын объектийн байрлалд дөхөж очихын тулд EPFL лабораторт бүтээгдсэн цомхон хөдөлгүүрийн тусламжтайгаар өөрийн чиглэл болон хурдыг тохируулна. Хиймэл дагуул сансарын хог хаягдал ихээр орших 630-750м-ийн өндөрт байрлаж 28000 км/ц хурдаар хөдлөх чадвартай юм. Дараагийн ээлжинд хог хаягдлыг зориулалтын баригч төхөөрөмжийн тусламжтайгаар барьж авна. Харин объект эргэлдэж байвал энэ нь нэлээд төвөгтэй үйлдэл байх болно. Эцэст нь объектийг дэлхийн агаар мандалд оруулж хаях учир тэдгээр нь агаарын эсэргүүцлийн нөлөөгөөр шатаж устах байх.