Шантаажчидын хэлж ярьснаар багш нар шиг дорд амьдралтай хүн Монголоос хайгаад олохгүй юм гэсэн. Энэ тухай тэд “Бид өр зээлэндээ баригдаж дууслаа. 240 мянган төгрөгийн цалингаар яаж амьдар гээв. Хүний хүүхдүүдийг сургах гэж үйлээ үзэж байна” гэхчлэн элдэв зовлон тоочсон. Цалингийн цэсийг нь харахаар хэлснээс нь өөр. Зөвхөн залуу багш нарын гар дээрээ авдаг цалин 240 мянган төгрөг болохоос биш олон жил ажилласан багш нарын хувьд 400 мянган төгрөгөөс буухгүй, татварыг нь оруулахгүйгээр шүү дээ. Цаашид төр багш нарын ажил хаялт бүрт бууж өгч, цалинг нь нэмсээр байвал нэг л өдөр толгой дээр гараад суучихсан “Одоо зөвхөн багш нарыг татвараас чөлөөл” гэдэг шаардлагыг тавьж ч мэднэ. Уг нь багш нарын авдаг цалинг хувийн хэвшлийнхэнтэй харьцуулахад хол хаяна уу гэхээс дор нь орохгүй. Хөдөлсөн болгоноо үнэлүүлээд зогсохгүй элдэв урамшууллыг олонтаа авч ирсэн байгаа юм. Тухайлбал, сурагчийн дэвтэр зассаны, анги удирдсаны, давтлага өгсний, дугуйлан секц хичээллүүлсний гээд тэр бүгдээ үнэлүүлнэ. Дээр нь илүү цаг ажилласны хөлс мөнгө нэхэж захирлыгаа шантаажилна. “Ямар таны халааснаас авах гээ юу, улсаас авна шүү” хэмээн тас загнаж санасандаа хүрнэ. Бас болоогүй ээ, улирал тутамд цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал авна. Хөдөөгийн багш нар бол бүр луухгар, таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авна. Тэтгэвэртээ гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авна. Зөвхөн таван жилийн зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал нь 3 сая төгрөг болж байгаа юм. Гэвч шунал нь барагдахгүй, баяр бүрээр сурагчдаасаа бэлэг сэлт, мөнгө авна. Багш нарын баяр, Мартын-8, Цэргийн баяр, хавар болоход анги төгсгөсөн, өвөл нь үсэглэлийн баяр, шинэ жил гээд л явж өгнө. Төгсөлтийн баяраар бол доод тал нь сая төгрөг эсвэл энэхүү мөнгөтэй тэнцэх хэмжээний цахилгаан бараа, хивс гээд юм юм бэлгэнд авна. Гар утас бол наад захын төрсөн өдрийн бэлэг. Хэн хамгийн олон гар утас сольж байна вэ гээд эцэг, эхчүүд хүүхдээсээ асуугаад нэг үзээрэй. “Манай ангийн багш л” гэж хариулна шүү. Хэрвээ та хувийн хэвшилд ажилладаг бол ийм олон урамшуулал хүртдэг үү, тийм олон баяр байдаг билүү гэдгээ эргээд нэг санаарай.
Агуулгаараа бол цалин нэмэгдэх бүрийд ажлын гүйцэтгэл сайжрах учиртай. Харамсалтай нь, жил бүрийн хаварт Норовын намтарууд хэдэн зуугаараа анги дэвшинэ. Улмаар элсэлтийн ерөнхий шалгалт өгч, их, дээд сургуульд элсэх болно. Яаж ийж байгаад их, дээд сургуульд элсэнэ, орсон хойно багш нарынх нь хараалыг барна. Таван үг бичихдээ алдаагүй биччихэж чадахгүй. Үүнээс болж өнөөдрийг хүртэл ерөнхий боловсролын дунд сургуулийн багш, их, дээд сургуулийн багш нарын дунд “Чи ерөнхий эрдмийн хичээлийг зааж чадаагүй” гэх зарлаагүй дайн үргэлжилсээр байгаа билээ. Харин төр засгаас бага дунд боловсролын тогтолцоог боловсронгуй шинэ шатанд гаргахын тулд Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлэхээр зүтгэж байна. Гэвч авлига авдаг багштай, авдаг цалинг нь төрөөс өсгөж байгаа ч ажил нь сайжрахгүй, өнөө жил уншсан лекцээ ирэх жил нь дахиад л уншдаг өөрийгөө хөгжүүлэх талд ажилладаггүй, зөвхөн сурагчаасаа яаж хэдэн төгрөг сааж, амьдралаа дээшлүүлэх вэ гэдгийг гагцхүү тархиндаа бодсоор өнөөдрийг өнгөрүүлж буй багш байгаа цагт Монголын боловсрол дэлхий төвшинд хүрэх үү. 100 жил хүлээсэн ч чадахгүй гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Тиймээс өнөөдрөөс эхлээд шантаажчингуудад эцэг, эхчүүд хяналт тавъя. Төрөөс цалинг нь нэмээд өглөө, тэдний цалин тавдугаар сарын 1-нээс эхлээд дундаж нь 600 мянган төгрөгт хүрнэ. Энэ хэмжээний цалинг тэд хэний хөлсөө дуслуулж олсон мөнгөнөөс авч байгаа билээ, татвар төлөгч та бидний төрд тушаасан мөнгө тул хувийн хэвшилд ажиллагсад шаардах эрхтэй, бас шахах үүрэгтэй. Одооноос эхлээд багш нарт авлига өгөхөө зогсооё, нэхсэн нэгнийг нь Авлигатай тэмцэх газарт өгье. 1000, 2000 төгрөг ч бүү өг. Энэ бол авлига. Одоо тэднээс хариуцлага нэхэх цаг болж…