“Таван эрдэнэ” хөтөлбөрийг малчид төдийгүй олон нийт талархан дэмжээд байгаа. Тэгвэл энэхүү “Таван эрдэнэ” хөтөлбөрийн үргэлжлэл болгож ажил үйлсээрээ бусдыгаа тэргүүлэн, шалгарсан 21 шилдэг малчин эмэгтэйг “Мартын-8”-ны өмнөх өдөр буюу өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төрийн ордонд хүлээн авч уулзан, шагналыг нь хүртээсэн юм.
Харин тэдгээр эмэгтэйчүүд шагналаа гардах үедээ нэг өнгийн буюу сарнайн ягаан, бас тэнгэрийн өнгө болох ууссан цэнхэр өнгөтэй дээлээр ижилссэн нь олон хүний анхаарлыг татсан байна.
Төрийн түшээдээс сониуч нэг нь “Энэ бүсгүйчүүд өөрсдөө санаачилж нэг өнгийн дээлээр ижилсээ юу” гэж хүртэл асууж, үзэж. Энэ үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай “Би дээлийн өнгийг сонгосон төдийгүй дизайныг нь хүртэл гаргасан юм шүү” гэж ам алдаад авчээ. Дээрх үгийг сонссон түшээдийн зарим нь “Энэ Жунай юу, их эд ээ. Янагийн ягаан өнгө хүртэл сонгохоо мартсангүй шүү” гэж сэм нудралцаад авсан гэнэ.
Янагийн ягаан ч байна уу, үзмэн ягаан ч байна уу, ямар ч л байсан Жунай сайдын дээлийн өнгөний сонголт нэг хэсэгтээ л шуугиулах шинжтэй. Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын алба хашдаг тэрбээр малчин эмэгтэйчүүдийг олны нүдэнд дулаахан харагдаг л гэж бодоо биз дээ, юу нь буруу байдаг юм.