”Шоовдорлогдсон” хүүхдүүд

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

”Шоовдорлогдсон” хүүхдүүд

Нийслэлийн 29 дүгээр дунд cypгууль гэхээр хараагүй, хэлгүй, дүлий хүүхдүүдийн сургууль хэмээн зарим нэг нь өрөвдсөн, нөгөө хэсэг нь шоолонгуй аястай хариулдаг. Хэдийгээр тус сургуулийн сурагчид хөгжлийн бэрхшээлтэй ч сэтгэж чаддаг учраас бусдын адил сурч, боловсорч, нийгэмдээ ажиллаж хөдөлмөрлөх эрхтэй.

29 дүгээр сургуулийн үүдээр ороход багш нар, жижүүр, хувцасны өлгүүр, цайны газар, анги, танхимууд гээд бусад сургуулиас ялгарах зүйл үгүй ажээ. Харин цаанаа л нэг дүнсгэр, нам, гүм орчин угтах нь энд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг гэдгийг сануулна. Тэд ааваа, ээжээ, багшаа, найзаа гэж хэлж чадахгүй ч сэтгэл зүрхээрээ, нүдээрээ хайртайгаа илэрхийлж, тэднийгээ дууддаг. Хэдийгээр энэ хүүхдүүд эхээс төрөхдөө эсвэл ямар нэгэн золгүй тохиолдлоор сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй болсон ч нийгмээсээ гадуурхагдах учиргүй билээ. Гэтэл улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг, онцгой анхаарал шаардлагатай зургаан сургуулийг хуулинд өөрчлөлт орсон нэрийдлээр НЗДТГ-т шилжүүлжээ.

Уг нь бусад өндөр хөгжилтэй орнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг сургууль төрийн тусгай хамгаалалтад байдаг төдийгүй улсаас онцгой анхаарал тавьдаг байна. Харамсалтай нь манай улсад тэднийг хараагүй, дүлий болохоор нь салбарын яам нь хүртэл ийнхүү шоовдорложээ. Эдүгээ 48 жилийн түүхтэй 29 дүгээр сургуульд одоогийн байдлаар Улаанбаатар хотын бүх дүүрэг болон 21 аймгаас ирсэн 300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцдаг байна.

Хэдийгээр жил бүр урсгал засвар хийдэг боловч анги, танхим болон сургуулийн байр хуучирч муудсан нь илт. Гадаадын төсөл, тусламжийн шугамаар өгсөн тоног төхөөрөмжөөр ангиа тохижуулсныг эс тооцвол энд нүдэнд торойх зүйл үнэндээ алга.

Сургуулийн байр, анги танхимын хуучин муу байдал дүүрсэн хэрэг гэж бодоход тус сургуульд тусгайлан боловсруулсан хичээлийн хөтөлбөр ч байдаггүй гэнэ. Хэдэн багш нар нь ажилласан жилийнхээ туршлагад тулгуурлан шавь нараа сургалтын программаас хоцроохгүйг хичээдэг аж. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах чадвар харилцан адилгүйтэй адил сэтгэн бодох чадвар нь ч өөр өөр гэдэг нь Бямбаа багшийн ангид суралцдаг сурагчдаас харагдаж байв.

Хэдийгээр Бямбаа багш хоёрдугаар ангитай боловч түүний ангид 7-17 насны хүүхдүүд суралцдаг. Дорнод аймгийн Халх гол сумаас ирсэн 17 настай сурагч хичээлдээ сонирхолтой төдийгүй онц сурлагатай бол 10 настай Даваадорж одоо л дөнгөж нэрээ бичиж сурч байгаа гэнэ. Сонсголын бэрхшээлтэй 20 настай залуугийн сэтгэн бодох чадвар нь гурван настай эрүүл хүүхдийнхтэй адил гэж бодохоор энэ сургуулийн багш нараас ямар их хөдөлмөр шаардагддаг нь илэрхий.

Уг нь гадаадын орнуудад нэг ангид таван сурагч суралцдаг бол манайд нэг ангид 15 хүүхэд сурдаг байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй нэг сурагч таван эрүүл хүүхэдтэй тэнцдэг гэнэ. Энэ мэт олон асуудлаас гадна дайран дээр давс гэгчээр тус сургуульд нэгэн асуудал өрнөсөн нь багш, удирдлагуудын тэмцэл юм. Энэхүү тэмцэл захирлын үүрэг гүйцэтгэгч болон ҮЭ-ийн алдаатай үйл ажиллагаанаас эхтэй гэнэ.

Учир нь тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч М.Ганцэцэг гэгч нь хуурамч дипломоо нуун дарагдуулж, жил гаруй хугацаанд тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд хамт олноо удаа дараа заналхийлж, дарамталж байжээ. Түүгээр ч зогсохгүй нийгмийн даатгалын 511929 тоот дэвтэрт 1996 оны есдүгээр сараас эхлэн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр бичилт баталгаажуулалт хийгдсэн боловч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн архиваас гаргуулсан лавлагаагаар 1998 оны эхний дөрвөн сард хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого тодорхойгүй шимтгэл төлөөгүй нь тодорхой болсон байна.

Мөн байгууллагын хамтын гэрээгээр зохицуулах асуудлаа хөдөлмөрийн гэрээндээ бүрэн тусгаагүй, дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлээгүй байсан зэрэг олон арван зөрчил Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын үеэр илэрчээ. Шалгалтын үеэр захирлын үүрэг гүйцэтгэгч М.Ганцэцэгийн ДИ №165520 тоот диплом хуурамч гэдэг нь илэрсэн нь Боловсролын тухай хуулийн 9.1 дүгээр заалтыг зөрчсөн үйлдэл болсон аж.

Ингээд тус сургуулын удирдлага, багш нартай уулзлаа.

Тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч М.Ганцэцэг: Нэр төрд маань халдсан хүмүүсийг шүүхэд өгнө

-Дүүргээс болон Нийслэлийн боловсролын газраас үүрэг өгсөн учраас энэ ажлыг би өнөөдрийг хүртэл хийж байгаа. Ленинградын багшийн их сургуульд дөрвөн жил сураад тавдугаар курстээ дипломынхоо ажлыг эх орондоо хамгаалахаар ирсэн юм. Энэ сургуульд нэг жил дадлага хийсэн. Харамсалтай нь буцаад явах байсан боловч ар гэрийн шалтгаанаар явж чадаагүй юм. Тиймээс намайг хуурамч дипломтой гэсэн яриа гарсан. Намайг захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн үеэс албан тушаалд санаархагчид энэ яриаг гаргасан.

Одоо бүр нэр төрд маань халдаж, эрүүл мэндээрээ ч хохирч байна. Хэдийгээр би сургуулиа төгсч чадаагүй ч дипломоо сүүлд нь очиж авсан. Тэгээд ч үе үеийн төгсөгчид маань бүгд их дээд сургуульд суралцаад, сайн сайхан явж байгаа. Надад хүүхдийн эрх ашгийг хохироогоод, улсын ажил замхруулсан юм байхгүй. Өнгөрсөн оны хавар зарласан удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцсэн учраас би жил гаруйн хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр ажилласан юм. Тендер зарлаад хоёрдугаар шатанд үлдсэн дөрвөн хүнээс би хоёрдугаарт явж байсан учраас энэхүү албан тушаалыг давхар хаших эрхтэй болсон. Учир нь эхний байранд орсон хүн нь тодорхой шалтгаанаар татгалзсан юм. Уг нь 2000 оноос хойш төгссөн хүмүүс Ленинградын багшийн их сургуулийн архиваас лавлагаа авдаг юм билээ. Надад ийм боломж байхгүй байна.

Би өнөөдөр 300 гаруй хүүхдийн хувь заяаг хариуцаад ажиллаж байгаа хүний хувьд энэ мэт хэрүүлийн чанартай зүйлийн араас хөөцөлдөж явах зав байхгүй. Заавал ийм байдлаар намайг өдөөн хатгаж, дарамталж байгаа нь утгагүй зүйл гэж бодож байна. Албан тушаалын төлөө улайрч, ажил хийлгэхгүй захирал болохын төлөө ямар ч хамаагүй арга хэрэглэхээс сийхгүй хүмүүс намайг ийм байдалд оруулж байна. Багш, ажилчид нийлсэн 10 гаруй хүн намайг хүнд байдалд оруулаад байна. Тэд бол ажлаа хийж чаддаггүй, ёс зүйгүй, сурагчидтай зүй бусаар харилцдаг багш нар.

Цаашдаа миний хувьд ОХУ-д очиж асуудлаа шийдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн манай сургуулийн талаар Shuud телевизээр ямар ч үндэслэлгүй худал мэдээлэл цацагдсан. Тодруулбал, манай сургуулийн талаар сурагчид нь боорцгондоо хахаж үхсэн гэсэн худлаа мэдээлэл цацагдсан юм. Манай сургуулийн түүхэнд хэзээ ч ийм явдал тохиолдож байгаагүй. Тиймээс миний нэр төрд халдсан хүмүүсийг шүүхэд өгнө. Манай сургуулийн талаар арай хэтэрхий мэдээлэл цацагдсан. Аливаа юманд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Бидний ард 300 гаруй хүүхдийн эцэг, эх, ар гэр нь байгаа. Тэд энэ мэдээг сонсоод манай сургуулийн талаар юу гэж бодох нь ойлгомжтой. Би ч гэсэн хүн шүү дээ. Мод, чулуун зүрхтэй хүн биш учраас миний хувьд өдөр бүр даралт ихэсч эрүүл мэндээрээ, хохирч байна.

Бичиг баримтын асуудлаас болоод ийм байдалд хүрээд байна. Үүн дээр дөрөөлж хэсэг хүмүүс намайг маш хэцүү байдалд оруулж байна. Ер нь тэгээд диплом гэдэг чинь цаас төдий л зүйл. Хэдийгээр би сургуулиа төгсч чадаагүй боловч мэдлэг боловсрол дутаад, хүүхдийн эрх ашгийг хохироогоод байсан юм байхгүй гэдгийг хаана ч хэлнэ.

Согогзүйч багш М.Гүнжээ: Энэ сургуульд бугшсан худал хуурмагийг илчилсэн

-Манай ҮЭ үргэлж багш нарынхаа эсрэг байдаг байсан. ҮЭ уг нь багш ажилчдынхаа эрх ашгийн төлөө аливаа үйл ажиллагаагаа явуулдаг байхад манай сургуулийн ҮЭ биднийг аль болохоор доош нь хийж, хийсэн ажлыг маань үгүйсгэж байсан. ҮЭ-ийг удирдаж байсан Н.Давааноровыг бид санхүүгийн шалгалтаар оруулбал оруулах байсан боловч удахгүй тэтгэвэртээ гарах хүний насыг нь хүндэтгээд больсон юм. Учир нь 10 жил ажилласан ҮЭ-ийн дансыг нь тэглэж дараагийн удирдлагадаа шилжүүлсэн. Энэ Давааноров гэгч нь Ганцэцэгийн ойрын хүн. Ер нь тоочоод байвал олон бэрхшээл байгаа.

Тухайлбал, сургуулийн хичээлийн хөтөлбөр гэж байх ёстой. Түүнээс улбаалж багш нар өөр өөрийнхөө төлөвлөгөөг боловсруулах ёстой. Гэтэл манай сургуульд ямар ч сургалтын нэгдсэн хөтөлбөр байхгүй. Мөн Мөнхбаатар багшийг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халж, түүнийгээ бидэнд ч мэдэгдээгүй. Ажлын үзүүлэлтийг өөрийнхөө үзэмжээр худлаа дүгнэдэг. Манай сургуульд одоо бараг тусгай мэргэжлийн багш гэж байхгүй болсон.

Тэр ч бүү хэл зүгээр курс төгссөн хүн багшилж байна. Гэтэл манай сургуульд тусгай мэргэжлийн, хүүхдэд хайртай, ажилдаа дур сонирхолтой хүн багшлах хэрэгтэй. Бидний энэ ажил багшаас зөвхөн ур чадвар төдийгүй сэтгэл шаарддаг юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллана гэдэг хэн дуртайгийнх нь хийдэг ажил биш. Бид тууштай тэмцсэндээ энэ сургуульд бугшсан бүх худал хуурмаг байдлыг дэлгэж чадсандаа сэтгэл хангалуун байна.

Бага ангийн багш Золзаяа: Сургууль дотроо ч чөлөөтэй алхаж чадахгүй байна

-М.Ганцэцэгийн диплом хуурамч гэдэг нь нэгэнт илэрхий болсон байхад одоо болтол өөрөө үгүйсгэж байгаад гайхаж байна. Тодруулбал, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын зөвлөх С.Банзрагчаас ирүүлсэн мэдэгдэлд Монголын иргэн Мэнд-Амарын Ганцэцэгт ДИ №165520 тоот дипломыг тус сургуулиас олгоогүй. Харин М.Ганцэцэг нь 1989 оны есдүгээр сарын нэгнээс 1995 оны 11 дүгээр сарын нэгний хооронд тус сургуулийн холбогдох ангид суралцаж байгаад ар гэрийн гачигдлын улмаас сургуулиас хасагдсан болохыг дурьдсан байгаа. Манай сургуульд шалгалт хийсэн хүмүүс албан ёсоор хариугаа танилцуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор биднийг худлаа мэдээлэл цацаад, хүний муу үзээд байгаа юм шиг ойлгож байна.

Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтынхаа хариуг албан ёсоор мэдэгдэх хэрэгтэй. Жил бүр манайд янз бүрийн шалгалт ирдэг байсан хэрнээ М.Ганцэцэгийн заль мэхийг яагаад илрүүлээгүй байсан юм бэ. Төрийн хариуцлагатай албанд яагаад хуурамч дипломтой хүнийг байлгаад, ажил албыг хийдүүлж байгааг ойлгохгүй байна. Бид хүний муу үзэх гээд ингээд байгаа юм биш. Удаа дараагийн зүй бус үйлдлийг нь илчилж, сургуульдаа үүсээд байгаа нөхцөл байдлыг зөв зүйтэй шийдүүлэхийг л хүсч байна. Диплом гэдэг зөвхөн цаас, ажилдаа чадвартай гэж манай нэг багш хэлсэн. Хүүхэд эцэг, эхчүүдийн нүдэн дээр манай сургуулийн байдал илэрхий байгаа. Бид өдөржингөө компьютерийн ард оффист суудаг хүмүүс биш. 300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байна. Тайван ч ажлаа хийж чадахгүй сургуулиараа ч чөлөөтэй алхаж чадахгүй байна. М.Ганцэцэг биднийг байнга дарамталдаг.

Нийслэлийн Боловсролын газрын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Т.Ням-Очир: 29 дүгээр сургууль удахгүй захиралтай болно

-Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн заалтаар улсын хэмжээнд үйлчилж байгаа төрийн өмчийн сургуулиудын удирдлагыг томилох, солих эрх НЗДТГ-г бий. 2011 оны нэгдүгээр сараас төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулсантай холбоотой тухайн сургуулиудын захирлыг томилох чөлөөлөх эрхийг Нийслэлийн захирагчид шилжүүлсэн юм. 29 дүгээр сургуулийн хувьд хуучин захирал н.Гэлэгжамц нь өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн учраас БСШУЯ-ны дэргэдэх төрийн албаны зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтын дагуу М.Ганцэцэг тухайн албан тушаалыг гүйцэтгэх эрхтэй болсон.

Харамсалтай нь М.Ганцэцэгийн диплом хуурамч гэдэг нь илэрсэн учраас удирдлагын манлайлал, эрхзүйн чадамжгүй гэдэг нь тодорхой болсон. Ингээд Нийслэлийн Засаг даргад 29 дүгээр сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг шинээр томилох тухай албан бичиг явуулсан бөгөөд албан бичгийн хариу ирсэн. Энэ дагуу эрхзүйн чадамжтай энэ байгууллагыг хэвийн удирдах чадвартай хүнээр удирдуулах Нийслэлийн Засаг даргын тушаалаар энэ сарын 5-наас Б.Батсайхныг захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.

Б.Батсайхан нь Чингэлтэй дүүргийн "Олонлог" сургуульд мэдээлэл зүйн багшаар ажиллаж байсан бөгөөд 1990 онд МУИС-ийг математикийн багшийн мэргэжлээр төгссөн бөгөөд 20 гаруй жил боловсролын салбарт ажиллаж байгаа юм. Харин захирлын сонгон шалгаруулалтыг удахгүй явуулах бөгөөд энэ долоо хоногтоо багтаагаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлана. Харин харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн хувьд захирал нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тогтоолоор бол 116 дугаар сургуулийн захирлаар Одгэрэл гэдэг хүн тодорсон байгаа.

Х.Өнөржаргал

"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж