Монголын олон компанийг удирдан залж, орлого ашгийг нь нэмэгдүүлж, иргэдэд ажил хөдөлмөр эрхлэх бололцоог өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийн тоо улам бүр өсөн нэмэгдсээр байна. Бизнесийн салбарт одтой яваа эдгээр эмэгтэйчүүд эдийн зсгийн өсөлт, нийгмийн хөгжлийн амин чухал хөдөлгөгч хүчин гэдэг нь дамжиггүй бөгөөд тэдний манлайлал асар чухал үүрэгтэй. Дэлхийн олон улс орны жишгээс харахад эмэгтэйчүүд авлигын эсрэг тууштай зогсож, хөгжил шинэтгэлийг илүүтэй дэмжиж, харилцаа холбоо, худалдааг хөгжүүлэх боломжийг илүү бүрдүүлж чаддаг нь нэгэнт нотлогдсон. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын (МҮХАҮТ) дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн, “Хатан сүлжээ” компаний Ерөнхий захирал Б. Бадамханд хэлэхдээ “Монгол Улсын 2010 оны шилдэг 100 аж ахуйн нэгжийн дотор эмэгтэй захиралтай компани 26 байсан. Эмэгтэйчүүд төрөлхийн шударга, уян хатан, тууштай, дайчин зан чанартай байдаг нь бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд нь маш том давуу тал болдог” гэжээ. Үүний нэг нотолгоо нь эмэгтэй удирдлагатай компаниуд МҮХАҮТ-ийн гишүүн байгууллагуудын дөнгөж 10 хувийг (2500-аас 260 нь) бүрдүүлдэгхэдий ч тэдгээрийн дөрөвний нэг нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрээрээ дээгүүр эрэмбэлэгдсэнээс харагдаж байна. Эдгээр компаниудын ихэнх нь хувийн хэвшлийн компаниуд юм. Хувийн хэвшил ДНБ-ий 80 орчим хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 88 орчим хувийг ажлын байраар хангаж байна.
Бусад орны туршлагаас харахад бизнест амжилт олсон эмэгтэйчүүд өөрсдийн орон нутаг төдийгүй улс орондоо манлайлагч байх чадвартай байдаг бөгөөд гэр бүл, олон нийт цаашлаад улс орны өмнө тулгарч буй асуудлуудыг бүрэн шийдвэрлэхийн тулд бодлого боловсруулах түвшинд эдгээр эмэгтэйчүүдийн төлөөлөл зайлшгүй байх ёстой.
Дэлхийн Банк, Дэлхийн Эдийн Засгийн Форум болон бусад судалгаа шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд, корпорациудын хийсэн олон судалгааэмэгтэйчүүдэд хийсэн хөрөнгө оруулалт маш өндөр үр өгөөжтэй байдгийг нотолж байна. Дэлхийн Эдийн Засгийн Форум байгууллагын нэгэн тайланд тухайн аль нэг улс орон дахь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хоорондох эрх тэгш байдлыг дараах дөрвөн үзүүлэлтээр харьцуулан судалжээ. Үүнд: болосвролын түвшин, эрүүл мэнд ба эсэн мэнд амьдрах чадвар, эдийн засгийн боломж, улс төрийн чадамж зэрэг үзүүлэлтүүд багтсан байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд эдгээр үзүүлэлтээр ялгаа багатай эсвэл огт ялгаа байхгүй улс орнууд илүү бүтээмж өндөртэй, эдийн засгийн өрсөлдөх чадвар сайтай орнууд байсан нь харагдсан. Жендэрийн тэгш байдал нь эдийн засгийн өсөлтийг өндөр байлгах, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулдаг учир аль ч улс орны хөгжил дэвшилд амин чухал үүрэгтэй. Дэлхийн Банкны тодорхойлсноор “Жендэрийн тэгш байдлыг хангах нь ухаалаг эдийн засаг мөн” юм.
Эмэгтэй бизнес эрхлэгчид бусдын төлөө их зүйлийг хийж чадна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар эдийн засгийн өсөлтөд илүү үүрэг гүйцэтгэж, ажлын байрыг бий болгодог нь баримт нотолгооноос харагддаг. Мөн эмэгтэй эзэдтэй компаниуд өсөлтийн түвшин нь өндөр, зээлийн эргэн төлөлт нь илүү найдвартай байдаг.
Түүнчлэн засгийн газар болонхууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүд эрх тэгш төлөөлөлтэй байгаа улс оронд бодлого, шийдвэр илүү тэнцвэртэй, нийгмийн бүх давхаргын үзэл бодол илүү төлөөлөлтэй байх хандлагатай байдаг.
Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй бизнес эрхлэгч, манлайлагч эмэгтэйчүүдэд бид өнөөдөр баяр хүргэж байна.