Бид үнэндээ эмэгтэй хүнийг эвдэж, хэмхэлж байж орчлонд дуугаа хадаан ирдэг. Үүнийг ганц удаа алтан саваа тэлж үзээгүй хүн ойлгох ч үгүй биз. Төрж байгаа эхийн гавлын яснаас бусад нь заадлаараа салдаг гэдэг. Амь, ахуй, амьдрал бүх юм огт хэрэггүй зүйл болон хувирч, гагцхүү хором мөч бүхнийг янгинан тачлах өвдөлтийг туулж барах гэж шүд зуун тэсч байж бид үр хүүхдээ алган дээрээ тосон авдаг. Гэсэн ч тийм их үнээр олдсон алаг үрээ улам ихээр хайрлан тэвэрч, түүнийхээ төлөө амь бие, хамаг амьдралаа бүхлээр нь зориулах өөр нэгэн сэтгэлийн үүдийг өөртөө нээж чаддаг гайхамшиг бол ээж.
Гоо үзэсгэлэнтэй байна гэдэг гайхамшиг. Тийм гайхамшигт зориулж шүлэг бичдэггүй чулуун зүрхтэн ховор биз. Гэвч эхчүүд минь гоо үзэсгэлэн, залуу настай үхэн хатан зууралдахаасаа урьдаар үр хүүхдийнхээ төлөө үхэж ч чадахаар амьдралын бартааг үүрч гардаг. Тэдний гадаад төрхийг эвдэлж хэмхэлчихээд, дараа нь авгай, янхан, хөгшин үнээ, чавганц гэж бохир заваан нэр бүхнээр гутаан доромжилдог. Гэсэн ч тэдний үр хүүхдээ гэх сэтгэлийг эвдэх тийм их хүч гарч ирээгүй л байна. Цаашдаа ч чадахгүй биз. Бусдыг хайрлах сэтгэлийнх нь галыг унтрааж чадах тийм хүчтэй хүйтэн ус бүтээгдээгүй л байна. Бүтээгдэх ч үгүй биз. Бүх доромжлолыг хүртэх хэрнээ бүх гамшиг, бүхийн л зовлонг үүрч гарч чаддаг аугаа сэтгэлтэй эмэгтэй хүн та бол гайхамшиг.
Эвдэлж булсан бие, эвдэгдсэн яс, эвдэгдэж байгаа гоо үзэсгэлэн, эвдүүлэхээр зэхэж байгаа бүсгүй таны хувь тавилангийн өмнө мэхийе. Бид нэг л замаар замнаж, нэг л ухаарлын утаснаас атгаж чаддаг. Биднийг эвдэж хэмхэлсэн ч устгаж унтрааж хэн ч чадахгүй. Таныг эмэгтэй хүн болж төрсний чинь төлөө гүнээ хүндэтгэж байна.
Манай гариг дээр эмэгтэй хүн болж төрсөнийхөө төлөө бусдад адлагдаж, гудамжинд хаягдаж, улс төрийн тавцан дээрээс халдагад өртөн амиа алдаж, хүү төрүүлээгүйнхээ төлөө зодуулж, тамлуулж, сайхан төрсөнийхөө төлөө доромжуулж гутаалгаж, бараа таваар шиг зарагдаж, гуйлгачилж байгаа сая сая эмэгтэйчүүд бидний цаг үед зэрэгцэн амьдарч байна. Тэдний дуу хоолойг боомилон хориж, тэдний эрх чөлөөг хаан боохыг хүсэгчдийн эсрэг ганцхан өдөр энэ цэнхэр гаригийн бүсгүйчүүд нэгддэг гэдгийг бүү мартаарай.
Та бүхэнд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.
2009 он.