Нийслэлийн хүн амын 2012 оны хэрэгцээнд зориулан нийт 12,0 мянган тонн нөөцийн махыг 20 аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлж, нэгдүгээр сарын 15-наас эхлэн есөн дүүргийн 326 цэгээр худалдаж эхэлсэн. Нөөцийн махны жижиглэнгийн үнэ зах зээл дэх махны үнээс 2500-3000 төгрөгөөр хямд байгаа нь эрэлтийг ихэсгэсэн.
Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатай авч эхэллээ. Засгийн газрын өнгөрсөн сард гаргасан тогтоолоор аймгуудаас нөөцийн махыг нэмж татах, санхүүгийн асуудлыг шийдсэн байна. Энэ дагуу нийслэлийн холбогдох албаныхан аймгийн төвүүдэд ажиллаж мах нэмж бэлтгэсэн юм. Нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж сард 3000 тонн буюу өдөрт дунджаар 100 тонн мах худалдах юм. Эхний ээлжийн худалдах нөөцийн махыг өчигдрөөс Хөвсгөл аймгаас Улаанбаатар луу нийлүүлж эхэлсэн бөгөөд бусад аймгууд нөөцийн махаа шат дараатай нийлүүлэх аж. Харин худалдах цэг болон хуваарийг тухай бүр нь гаргах юм байна.