Хөгжлийн банк хөрөнгө оруулагчидтай уулзана

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк хөрөнгө оруулагчидтай уулзана

Монголын Хөгжлийн банк энэ оноос эхлэн 600 сая ам.долларын бонд гаргахаар болоод байгаа. Энэ хүрээнд бондын хөтөлбөрийг өнгөрсөн оны 12 дугаар сард батлаад байгаа билээ. Уг бондыг гаргах асуудлаар Хөгжлийн банк энэ долоо хоногт олон улсын хөрөнгө оруулагчидтай уулзалт хийхээр болсон байна.

Уулзалт энэ сарын 8-наас эхлэх бөгөөд хэд хэдэн удаагийн цуврал уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн талаар Bloomberg агентлаг мэдээлжээ. Монголын Хөгжлийн банк бондын хөтөлбөрөө ""ING Group"", "Deutsche Bank" болон "HSBC" банкуудтай хамтран хэрэгжүүлэхээр болсон. Дээрх хөрөнгө оруулалтын банкууд удахгүй зохион байгуулагдах уулзалтад оролцоно гэдгээ ч бас илэрхийлээд байгаа ажээ.

Монголын хөгжлийн банкны бондын санхүүжилтээр Засгийн газар эхний ээлжинд шинэ төмөр зам, цахилгаан станц барьж, уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч байгаа билээ. Түүнчлэн "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ч Хөгжлийн банкны бондыг дайчлахаар шийдвэр гарсан.

Монголын хөгжлийн банк байгуулагдсанаасаа хойш бонд гаргах асуудлыг ярьж эхний ээлжинд дотоодын хөрөнгийн бирж дээр 800 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болоод байсан ч өөрчлөгдөж, зөвхөн гадаадын зах зээл дээр гаргахаар болсон. Энэ хүрээнд Сингапурын хөрөнгийн биржтэй хамтрахаар болоод байгаа. Харин энэхүү бондыг чухам хэн худалдаж авах вэ гэдэг нь магадгүй эргэлзээтэй асуудал. Тиймээс Хөгжлийн банкныхан удахгүй гаргах гэж буй бондынхоо давуу талуудыг хөрөнгө оруулагчдад танилцуулахаар дээрх уулзалтыг зохион байгуулахаар болжээ.

"Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн арванхоёрдугаар сард нэг жилийн хугацаатай 20 сая ам.долларын бонд гаргасан юм. Хөгжлийн банкны бонд зургаан хувийн хүүтэй, нэг хувийн шимтгэлтэй байсан" гэж тус банкны гүйцэтгэх захирал Л.Болормаа ярьсан байна.

Л.Дэлгэр

"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж