Ерөнхий сайд нийслэлд ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд нийслэлд ажиллалаа

Ерөнхий сайд С.Батболдын нийслэлд ажиллах хөтөлбөр шинэ хорооллын анхны байрны шав тавих ёслолын арга хэмжээгээр эхэллээ.  Гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөрийн хүрээнд айл өрхийг шилжүүлэн түр суурьшуулах “300 айлын орон сууц”-ны барилгын шав тавих ёслолын ажиллагаанд хотын дарга болон албаны бусад хүмүүс оролсон. Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдах уг барилгын хөрөнгө оруулалтад нийслэлийн төсвөөс 10,2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. 300 айлын орон сууц нь тус бүр 150 айлын, 15 давхар цутгамал төмөр бетон үндсэн хийц бүхий, газар хөдлөлтөнд тэсвэртэй, Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээнд холбогдсон, орчин үеийн хоёр ширхэг орон сууц  байх юм. Уг барилгыг барьснаар өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглаж буй газрыг эргэлтэнд оруулж, газраа орон сууцаар солих сонирхолтой айл өрхийг түр байршуулах боломж бүрдэх юм. Иймд шав тавих ажиллагаа нь зөвхөн нэгэн орон сууцны асуудал шийдэгдэж буй хэрэг биш бөгөөд “7 дугаар хороолол” хэмээх нэгэн орон сууцны хорооллыг барих ажлын эхлэлийн арга хэмжээ байлаа.  
Эм үйлдвэрлэгчидтэй хийсэн уулзалт ч ихээхэн ажил хэрэгч байдалд болсон. Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга С.Туул, НМХГ-ийн дарга Л.Бямбасүрэн, хотын дарга Г.Мөнхбаяр нарын төлөөлөл эм, эмийн үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагуудын захирлуудтай уулзаж эм үйлдвэрлэгчдэд тулгардаг бэрхшээл, нийслэлийн иргэдийн эмийн хангамж, чанар, үйлчилгээ, үнэ ханштай танилцсан. Эм үйлдвэрлэгчид эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихийг хүсч, хямд үнээр орж ирж байгаа Хятадын эмийн бүтээгдэхүүнтэй үнийн бодлогоор өрсөлдөх боломж бага байгааг анхаарууллаа. Үүний дараа Ерөнхий сайд “Таван эрдэнэ” хүнсний захаар орж иргэд, худалдан авагчид, бизнес эрхлэгчидтэй уулзан, өргөн хэрэглээний барааны үнэ ханш, нийлүүлэлттэй танилцсан.
“Таван эрдэнэ” зах дээр хонины мах 4800-5000 төгрөг, үхрийн мах 6000 төгрөгний ханштай байлаа. Захын эзэн Н.Раднаа Ерөнхий сайдад барааны үнэ ханш, эрэлт, нийлүүлэлтийн талаар танилцуулсан. Ерөнхий сайдыг хүлээн авахын тулд захын удирдлагууд нэлээд анхаарсан нь ажиглагдав. Худалдан авагчдын зүгээс ч “Дарга нарын далимд нь сайхан мах авчих юм биш үү” гэх яриа дуулдаж байсан.  Ерөнхий сайд, хотын удирдлагууд махны үнэ ханштай танилцсаныхаа дараа мах үйлдвэрлэгчидтэй уулзахаар “Мах маркет”-ийг зорив.
Үдийн 13.00 цагт үйлдвэр дээр ирж, мах боловсруулах үйлд­­­­­­вэрийн үйл ажиллагаатай танилцлаа. “Жаст Агро” ХХК-ийн “Мах маркет” нь нөөцийн махыг бэлтгэгч томоохон үйлдвэрүүдийн нэг. 11 салбар үйлдвэртэй, сүлжээ үйлдвэрүүдийг бий болгосноор мах махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чадал нь нэмэгдсэн байна. Нийт үйлдвэрүүдийн нядалгааны хүчин чадал хоногт 1730  бод, 8900 бог, хадгалах хүчин чадал 19,200 тонн гэнэ. “Мах маркет” сүлжээ үйлдвэрүүдийн давуу тал нь малчдын малыг дундын зуучлалгүйгээр,  үйлдвэр дээрээ шууд худалдан авснаар  бэлтгэсэн малын тоо өсч, технологийн дагуу боловсруулснаар махны чанар ч сайжран махны гарцыг 1,4-2,0 хувиар нэмэгдүүлсэн байна. Мөн орон нутгийн онцлог болон зах зээлийн байдлыг харгалзаж үнийн уян хатан бодлого барьснаар өртгийг хямдруулаад зогсохгүй малчин өрхийн амьжиргааг тэтгэх, малын хулгайтай тэмцэх зэрэг нийгмийн ач холбогдолтой ажил болж байна гэв. Энэ ажлын хүрээнд 559 ажлын байрыг шинээр бий болгожээ.
Мах үйлдвэрлэгчид Ерөнхий сайдад шинээр мах боловсруулах үйлдвэр барихын оронд одоо ажиллаж байгаа үйлдвэрүүдээ дэмжих, урт хугацааны бага хүүтэй зээл олгох, дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах зорилгоор мах боловсруулах үйлдвэр барих тусгай зөвшөөрлийг олгох эрхийг Мах үйлдвэрлэгчдийн холбоонд өгөх, амьд бод малын экспортыг хориглох, хятадын зах зээлд мах экспортлоход импортын татвар өндөр байгааг анхааралдаа авахыг хүслээ.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж