“Камертон-2” гэх хэдийнэ танил хэрнээ шинэ нэр оны өмнөөс эхлэн сонсогдох болж, урлагийн хүн болох мөрөөдөлтэй, гэгээлэг хэрнээ хатуу хүнд шалгууртай энэ өвөрмөц ертөнцөд хөл тавих хүсэлтэй залууст ховорхон тохиох боломж олгосон нь энэхүү төсөл юм. Төслийн хүрээнд “Камертон-2” хамтлагийг байгуулна. Мэдээж тэд Монголын хөгжмийн ертөнцийн “акулууд”-ын нэрний араас “2” гэх тоо залгаж, хамтлагаа нэрлэхгүй ч “ах нарынхаа” туршлагаар даацтай, чанартай уран бүтээл туурвиж, нэг талаасаа “Камертон” хамтлагийн өрсөлдөгчид болох учиртай. Төслийг “B” продакшн, “Боловсрол суваг”, “Music Box” телевиз, “Камертон” хамтлаг хамтран хэрэгжүүлж буй.
Шалгаруулалтын зохион байгуулалтыг цэгцтэй байлгах үүднээс цагийн зохицуулалт хийжээ. Оролцогчдыг шалгаж буй танхимын гадна “Чимээгүй. Бичлэг хийж байна” гэх бичиг өлгөсөн тул шоуны оролцогчид хаалганы цаана авьяасаа нээн харуулах бусдыгаа чих тавин чагнана. Шүүгчдийн хувьд Д.Болд, Г.Мэнд-Амар, Л.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат нарын “Камертон”-ы дөрвөл ажиллаж буй. Хааяахан хатуу ширүүн үг унагах тэд “Энэ бол урлагийн алтан тайз. Халаасандаа гараа хийгээд зогсч байгаа чинь хүндлэл алга”, “Яагаад зүү хүрэв үү, үгүй юү хагарах гэж байгаа шаар шиг аажуухан дуулаад байна вэ”, “Хүүхдийн хөөрхөн хоолой”, “Болж байна аа, гэхдээ тийм ч тасархай биш. Яг л дундаж байна”, “Дараагийн шатанд бидний зөвлөгөө, шүүмжлэлийг хүлээж авна гэж найдаад тэнцүүллээ” гэхчилэн шүүгчдийн үг хаалганы цаанаас сонстоно. Энэ нь ч гадаа хүлээж буй оролцогчдод нэг талаас үнэгүй зөвлөгөө, нөгөө талаар сэтгэл зүйн бэлтгэл болж байлаа. Шалгаруулалтад тэнцэж, дараагийн шатанд өрсөлдөх эрхийн бичиг гардсан нэг нь нүүр дүүрэн мишээл тодруулсаар гарч ирэх бол тэнцээгүй зарим нь урам нь хугарсан, сэтгэл дундуур, өөрийгөө чамласан, толгой гудайсан, харин зарим нэг нь хайхрамжгүй байдлаар гарч одно лээ.
Шалгаруулалтын завсарлагааны үеэр “Камертон” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбат буюу Эбатай уулзаж, ярилцлаа.
-“Камертон-2” шоу эхэллээ. Ялагчдыг таван жилийн продюсерийн гэрээ хүлээж байгаа. Өрсөлдөөн ширүүн байх шиг байна?
-Нэгдүгээр шатны шалгаруулалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Гол нь “тэнцлээ” гээд цаас бариад гарах биш, цаашид хөгжих авьяастай хүүхдийг олж нээнэ гэдэг амаргүй даваа юм. Оролцогчид богино хугацаанд буюу 3-5 минутад багтаж, бидэнд байгаа бүх авьяасаа үзүүлэх ёстой. Гэтэл хугацаанд өөрийгөө нээж чадахгүй байгаа залуус ч байна. Тиймээс тэр хүний цаана нуугдаж буй зүйлийг олж харахыг л ихэд хичээж байна даа. 150 сая төгрөгийн, продюсерийн таван жилийн гэрээ үзэглэнэ гэдэг Монголын хөгжмийн салбарт урьд өмнө байгаагүй боломж учраас хүнээ зөв олоод, гаргаад ирэх юм сан гэж их хичээж байна. Тэд нар маань цаашид дуугаар дамжуулж, Монголын залуус эрч хүч, сайхан амьдралын гэрээ гэгээ өгөөсэй гэж хүсч байгаа.
-Тэгээд та бүхний тэрхүү хүсч, хүлээж байгаа оролцогч хэр их байна?
-Шалгаруулалт дөнгөж эхэлж байгаа болохоор шууд дүгнээд хэлчихэд хэцүү л дээ. Хамтлаг гэдэг бол багийн, хамтаараа байдаг зүйл учраас бид нарт тэр хүний цаадах хувь төлөвшил, хувийн зохион байгуулалт зэргийг олж харахад бэрх. Гоцлол дуучны хувьд энэ хүн иймэрхүү хоолойтой дуучин байна, ингээд цаашид явчих юм байна гэж бодож болно. Гэтэл сайн хоолойтой дуучин байлаа гэхэд хамтын таарамж байхгүй, нэг нэгнээ хүндэлж чадахгүй бол хэцүү.
-Дөрвөн шүүгчийн хувьд санал хэр зөрчилдөж байна. Шүүлт нэлээд ширүүн байх шиг санагдлаа?
-Санал их тэнцэж байна. Бид дөрөв чинь нэг нэгнийгээ их л хүлээн зөвшөөрдөг шүү дээ, уг нь. Үнэхээр хоёр, хоёроороо санал хуваагдсан тохиолдолд дийлэнхдээ хамтлагийн ахлагчийн үгийг сонсч байна. Бид нар оролцогчдод нэг боломж өгөхөд хэцүү зүйл байхгүй л дээ. Гол нь авьяастай залуусыг биеэ барих, өөрийгөө зөв илэрхийлж чадаагүйгээс болж хасчихаад, эсрэгээр цаашид хөгжих чадваргүй хүүхэд дээр маргаад байх вий гэж санаа зовж байна. Шоунд бүртгүүлдсэн залуус бүгд удаан хугацаанд бэлтгэж, хүлээж, хүсч, догдолж ирсэн болохоор бидний зүгээс ул суурьтай хандахгүй бол болохгүй шүү дээ.
-Дууны сонголтын хувьд дийлэнх оролцогч танай хамтлагийн дуунуудыг дуулж байгаа харагдлаа?
-Дууны сонголт дээр шүүмжилмээр юм байна. Уянгын дуу их сонгох юм. Цаашид энэ хамтлаг төлөвшөөд явахад залуусын эрч хүчийг гаргах төлөвлөгөөтэй. Ингээд л нөгөө уянгын дуунууд гарч ирээд байх юм бол магадгүй хурдан хэмнэлтэй, жааз ч юм уу, олны мэдэхгүй дууг сонгоод орж ирсэн залуучуудад бид арай өөр, эрч хүчмэдэрсэн талаас нь хандахыг ч үгүйсгэхгүй байна. Таван оролцогч дараалаад “Амин нутаг” дууг яг адилхан дуулаад ороод ирэх юм. Монголчууд бүгдээрээ л “Амин нутаг” дууг дуулж чадна. Нийтээрээ хавтгайраад, сайхан гар гараасаа барилцаад дуулдаг шүү дээ.
“Камертон-2” шоуны оролцогчдод зөвлөхөд сандралгүйгээр, бэлтгэсэн дуугаа бүрэн дүүрэн дуулж, авьяасаа дэлгэн харуулаарай. Учир нь шүүгчид яг тэр хүний тухайн үед үзүүлсэн дуулалтыг харгалзан тэмцээнд тэнцэх, үгүйг нь шийднэ. Түүнчлэн дууны сонголтын хувьд заавал “Камертон” хамтлагийн дуу гэж заагаагүй бөгөөд өөрийнхөө хамгийн сайн дуулж чадах гадаад, монгол ямар ч дуу дуулах боломжтой юм байна шүү. Амжилт залуус аа.