“Хувьцаанд оролцох нь олон нийтийн засаглал”

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

“Хувьцаанд оролцох нь олон нийтийн засаглал”

Хувьцаа гарган хөрөнгө босгох тухай анхны нэгдсэн форум болох “IPO Mongolia 2012”-ыг Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн бирж, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам хамтран өнөөдөр “Blue sky” цамхагт зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болсон уг чуулганд Монголын шилдэг 100 гаруй аж ахуйн нэгж болон гадны мэргэжилтэн гээд нийт 300 гаруй төлөөлөл цугласан юм.  Чуулга уулзалтын зорилго нь Монголын аж ахуйн нэгжүүд хувьцаагаа дотоод болон гадаадад, тэр тусмаа Лондонгийн хөрөнгийн биржид гаргах арга замыг хайх, нөөц бололцоог хангахад чиглэсэн ажээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн хөрөнгийн зах зээлд “толгой цохидог” Лондонгийн биржид манай улс IPO хийх буюу хувьцаа гарган, хөрөнгө босгох боломжтой гэнэ. Түүнчлэн Лондонгийн хөрөнгө оруулагчдыг татах, Монгол Улсад итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Ингэснээр баялаг дээр тулгуурлан, хөрөнгөө эргэлтэд оруулах, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах хөгжлийн түүчээ хэмээн мэргэжилтнүүд онцолж байна. Харин хувьцаа гаргахын тулд компанийн засаглал болоод аудитын тайлан олон улсын шаардлагыг хангасан байх гэнэ.

Монголын хөрөнгийн зах зээлийн бодлого зохицуулалтын тухай Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлдийн асуултад хариуллаа.

-Манай улсын эдийн засагт хөрөнгийн зах зээл хэрхэн нөлөөлдөг вэ? 

-Манай эдийн засаг санхүүгийн эх үүсвэрийнхээ 5-10 хувийг л хөрөнгийн зах зээл дээрээс босгож, 90-ээс дээш хувийг нь банкны өндөр хүүтэй богино хугацаатай зээлээр арилжааны банкнаас босгож байна. Зах зээл хөгжсөн орнуудад энэ харьцаа 50х50 байдаг. Энэ нь манай улсын хувьд боломж байна гэсэн үг. Боломжийг бодитой байлгахын тулд хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлсэн төвшинд ажиллах боломжийг нь шийдэж өгье гэж холбогдох шийвдэр, тогтоол гаргасан. Иймээс дэлхийн зах зээлийн эцэг болсон Лондонгийн хөрөнгийн биржийг авчирлаа. Ингээд үндсэндээ хөрөнгийн биржийн дэд бүтэц, эрх зүйн орчин, боловсон хүчнийг бүхэлд нь зах зээлийн харилцааны сонгодог хууль эрх зүйн орчин нэг мөрөөр гарах ёстой.

-Олон улсын хөрөнгийн зах зээлд гарахад компанийн засаглал юугаараа чухал вэ?

-Засгийн газрын зүгээс ч тэр, тухайн компанийн оршин тогтнохын хувьд ч засаглалын асуудал их чухал. Өндөр хөгжилтэй ядуу орнуудын  хувьд  хооронд засаглалын асуудал л тулгардаг. Засаглал сайтай бол эдийн засгийн үзүүлэлт хангалтгүй бага байсан ч эдийн засаг нь хөгждөг юм. Энэ засаглал гээд байгаа нь тухайн компанийн бүтцийг хэлээд байгаа юм. Компанийн засаглалын хуульд зааснаар ТУЗ болон УЗ-ийн статусын тухай л даа.

-Зөвхөн төрийн бус компаниудыг биш, төрийн өмчит компаниудыг олон нийтийн засаглал руу шилжүүлнэ гэж их ярьдаг болсон. Үүний тод жишээ нь мэдээж Тавантолгойн хувьцааны асуудал байх?

-Ерөөсөө олигархижсан тогтолцооноос олон нийтийн засаглалд шилжье гээд байгаа юм.  Өөрөөр хэлбэл, цөөнхийн эзэмшлээс олон нийтийн хүртээмж болгох тухай асуудал. Түүний хүрээнд засгийн газраас хөрөнгийн биржээр дамжуулж төрийн өмчийн томоохон компаниудыг хувьчилна гэсэн чиглэл гаргасан. Тод жишээ нь бол мэдээж Тавантолгойн хувьцааг ард иргэдэд өгсөн. 536 хувьцааг иргэнд өгснөөр хөрөнгийн бирж дээр харилцаанд орох эрхтэй болж байна. Энэ нь “Тавантолгой” компани дээр хяналт тавих эрх нь нээгдэж байгаа юм. Бусад компаниудыг ийшээ оруулмаар байна. Өөр томоохон компани болох “Эрдэнэт”, агаарын тээврийн МИАТ ,Төмөр замын хувьцааг нээлттэй болгох тухай ч юм уу, үндэсний томоохон компаниудаа хувьцаа гаргахыг уриалж байна.

Монголын хөрөнгийн биржийн хэвлэл мэдээллийн албаны дарга Э.Одбаяр

-Гадаадын хөрөнгийн зах зээлд IPO хийх ажлыг эрчимжүүлэхээр болж байна?

-Тэгэлгүй яахав. Өнөөдрийн чуулга уулзалтын гол зорилго энд оршиж, чухам ямар аргаар нэвтрэх вэ гэдгийг тодорхойлох юм л даа. Ер нь Монголд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадны компаниуд Лондонд үнэт цаас гаргасан байдаг. Өнөөдрийн хурал нь Монгол, Лондонгийн хамтын ажлын нэг хэсэг юм. Цаашдаа бүх төрлийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг том жижиг хамаагүй аж ахуй нэгжүүд компанийн засаглал, санхүүгийн байдлаа шийдсэн бол дэлхийд хувьцаагаа гаргаж болох юм.

-Хөрөнгийн зах зээлийг, хувьцаагаар ашиг олохыг одоогийн байдлаар олон нийт зөвхөн мэргэжлийнхний хүрээнд яригдах асуудал гээд ойлгодог?

-Энэ нь хөрөнгийн зах зээлд байр сууриа эзэлдэг компаниудын мэргэжлийн байгууллагын хамааралтай асуудал биш.  Үнэт цаас гаргагч аливаа аж ахуй нэгж, хөрөнгө оруулагч компаниуд өөрсдөө шинэ гарцыг олох, хөрөнгө оруулагчдыг татах ач холбогдолтой л доо. Хөрөнгийн зах зээл гэхээр ер нь хэрэглэгч нь хөрөнгө оруулагч, бүтээгдэхүүн нийлүүлэгч нь үнэт цаас гаргагчид гэж ойлгож болно. Хооронд нь холбох зорилгоор анх удаа энэ форумыг зохион байгуулж, талуудыг холбож өгч байна.

Монголын Олон улсын хөрөнгийн корпорацийн ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ

-IPO хийхийн тулд компаниудад ямар шаардлага тавьдаг вэ?

-Олон улсын зах зээлд гарахын тулд компанийн засаглалаа сайжруулах хэрэгтэй. Монгол компаниуд ихэвчлэн нэг компанийн эзэмшилд байдаг бол олон нийтийн эзэмшилтэй болно гэсэн үг. Үүнд хөндлөнгийн хараат бус гишүүнтэй байх, санхүүгийн тайлан эмх цэгцтэй, олон улсын нягтлан болох стандартад хүрсэн байх шаардлагатай. Дэлхийд дөрвөн том аудитын байгууллага байдаг бөгөөд түүгээр санхүүгийн тайлангаа баталгаажуулах хэрэгтэй. Энэ бүгдийг хийсэн байхад хувьцаагаа гаргах боломжтой. Эдгээр хоёр үндсэн асуудал байдаг.

-Хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай юм бол?

-Гадаадын хөрөнгийн биржид гарах нэг шалгуур үзүүлэлт болсон санхүүгийн тайлангийн стандарт гэдэг тухай дурдсан. Харин энэ Аудитын тайлангийн хувьд олон улсын түвшинг харьцуулж үзэхэд, гадаадын шалгалт хийдэг компаниуд манайд  боломжийн үнээр ажиллаж байна.  Сингапурт бол томоохон компанийн нэг жилийн тайланг хоёр сая ам.доллараар хийдэг. Монголд бол 100-200 мянган ам.доллараар хийлгэх боломж байна. Ер нь санхүүгийн тайлан болон биржид бүртгүүлэх бусад зардалтайгаа нийлээд дунд зэргийн компанийн хувьд 1-2 сая ам.долларын зардал гардаг.

-Монголын хөрөнгийн зах зээлийн хандлага хэр байгаа вэ. Одоо бол хөгжих боломж бий гээд байгаа?

-Монголын хөрөнгийн зах зээлийг ажиглаад байхад төслийн чанартай байгаа мэт. Нэг хүн бизнес төлөвлөгөөгөөр мөнгө босгож байгаа юм. Илүү санаачилгатай ажиллах хэрэгтэй болов уу. Монголын топ 100 компаниас дөнгөж найм нь хувьцаатай байгаа гэсэн судалгаа бий. Дэлхийд 100 том компанийн 88 нь хувьцаатай байна. Манай компаниуд хөгжлийнхөө шатанд явж байгаа учир ойрын таван жилдээ IPO хийх шатандаа хүрэх байх.

Харин Монголын бирж дээр гадаадын уул уурхайн компаниуд хувьцаа гаргах сонирхол бас байдаг. Монгол хүмүүс хувьцааг нь эзэмшиж байвал эрсдлээс хамгаалах гарц гарч ирдэг гэдэг. Яагаад гэхээр монголын баялгийг гадаадад худалдаж байна гэсэн яриа гардагтай холбоотой. Энэ нь нэг талаар өрөөсгөл ойлголт. Монгол хүн ч гэсэн энэ хувьцааг авах  боломжтой.

Ийнхүү хөрөнгийн зах зээлд Монгол Улс хөл тавихад нөхцөл боломж бий хэмээн тодорхойлж, цаашид арга замыг илүү хялбарчлах ажлыг эхлүүлж байгаа нь сайхан хэрэг хэмээн хуралд оролцогсод онцолж байна.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж