ЦЕГ-ын харьяа Төмөр замын цагдаагийн хэлтэс, Монголын эмэгтэйчүүд, хүүхдийн архидалт мансуурлын эсрэг нийгэмлэг, чөлөөт уран бүтээлчид хамтран “Хэвтэж буй хүн” өдөрлөгийг өчигдөр, өнөөдөр хоёр өдөр зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Архигүй Монголын төлөө” уриалгыг дэмжих үүднээс Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэс нэр бүхий газруудтай хамтран архидалтын хор уршгийг сурталчилсан байна. Олон нийт, цагдаагийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн уг арга хэмжээгээний үеэр төрийн болон төрийн бус байгууллага, уран бүтээлчид хамтран архины эсрэг сурталчилгааг бодит байдлаар хүргэхийн тулд уриалга гаргажээ.
Уриалгад "Та бид амь нас, эрүүл мэнд, ажил алба, аз жаргалтай амьдрал, аав ээжийнхээ хайр энэрэлд умбах алаг үрсийнхээ баяр баясгаланг "Архи" хэмээх гашуун ундаагаар сольж сэтгэлийн айдас, гунигийн нулимсыг урсгах эрх байгаа гэж үү” гэжээ.
Өдөрлөгийн үер архидан согтуурснаас үүдэн үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо баримт болон хоногт хэрэглэж байгаа архины хэмжээ, түүнээс үүдэн гарч буй гэмт хэрэг, ослын талаар мэдээлсэн тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.