Эдийн засгийн чуулган 2010 онос хойш 3 дахь удаагаа бол байна. Жилээс жилд энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа арга барил сайжирч байгаад зохион байгуулагчдад баяр хүргэмээр байна. Монгол улс энэ мэтээр асуудлаа ярьж чаддаг болсон нь бусад орнуудаас давуу тал гэж бодож байна. Ярьж байгаа нь нийгэмд дохио өгч, асуудал буйг хэлж байгаа чухал зүйл юм боловуу гэж харж байна. Энэ давуу талаасаа цаашаа ахих ёстой.
Хэлэлцүүлгийн зохион байгуулалт сайн, хэлбэр сайн байгаа. Гэхдээ нөгөө талаас гүйцэтгэл байхгүй байна. 2010 онд Эрнандо Де Сото ирээд, Монголын ядуу хүмүүстэй холбоотой чухал чухал асуудал дэвшүүлсэн. Ядууст хамгийн их баялаг байна. Тэдэнд газар нь байна, байр орон сууц нь байна. Үүнийгээ эргэлтэд оруулах хэрэгтэй. Ингэж чадвал Монголд асар их боломж байна гэж хэлсэн. Энэ чиглэлээр ямар нэг ахиц дэвшил гарсангүй.
2011 оны Эдийн засгийн форумаар уул уурхайн салбарыг голчлон ярьж байсан. Тэр дундаа төмөр замын талаар нэлээд ярьсан. Гэтэл одоо болтол шийдэгдээгүй байна. Цахилгаан станцын асуудал мөн адил. Төмөртэйн ордын талаар их ярьдаг, шүүмжлэлд өртөж байсан. Би бас очсон газар бүртээ хэлдэг Монголд байсан Төмөртэйн уул хилийн гадаа гараад бууж байна. Ингэж болохгүй. Үүн дээр татвар тогтоох хэрэгтэй. Төмрөө боловсруулах гэтэл уул нь нүүгээд гараад явчихсан байх вий. Энэ мэт асуудлаар төрийн зүгээс шийдлээ гаргаж явах хэрэгтэй байгаа.
Бид нэг л хувь заяатай. Тиймээс илүү сэтгэл гаргаж асуудалд хандах хэрэгтэй. Би өмнөх хоёр жилийн хэлэлцүүлэгт хоёуланд нь их ач холбогдол өгч оролцож байсан. Харин энэ удаагийн Форумд зориулж үг бэлдсэнгүй. Ганцxан шалтгаан нь гүйцэтгэл алга. Баахан ярьж, дүгнэлтэд хүрдэг. Тэгээд хийж байгаа тодорхой ажил үгүй энэ байдлаараа үргэлжлүүлэх хэрэггүй юм биш үү. Эдийн засгийн форум цаашдаа ач холбогдолтой зүйл биш болох нь байна. Гэхдээ энэ хэлэлцүүлэг үргэлжлэх ёстой. Гол нь шийдлүүдээ гаргаж хийдэг байх хэрэгтэй.
Шууд дамжуулсан телевизүүдийн ачаар зурагтаар нэлээн үзлээ. Хамгийн анхаарал татсан сэдэв бол энэ жил эрсдэлийн асуудал байсан. Эдийн засгийн өсөлт 17 хувь байна гэж яриад байгаа. Гэтэл нөгөө талд нь төрийн зардал 57 хувиар өсчөөд байгаа. Саяхан Улаан гишүүн телевизээр үйлдвэрлэл 30 хувиар уначихаад байна гэж ярьсан. Нэлээд судалгаа хийсэн байх. Өссөн юм нь зөвхөн уул уурхай дээр л харагдаж байгаа. Яг Монгол өөрөө бүтээж хийж байгаа юм алга байна шүү дээ.
Уул уурхай бараадсан, эсвэл төр бараадсан хэсгүүдээс бусад сектор Монголд уналтын байдалтай байна. Энэ бол Монголын хамгийн том эрсдэл юм. Бүүр тодорхой, энэ жил ийм асуудлыг шийднэ гээд Сайд нараа суулгаж байгаад тогтсон. Өмнөх үр дүн нь хаана байна гэж эхэлж ярьдаг, тэгээд дараа нь дэвшүүлэх гэж буй зорилтоо ярьдаг болъё.
Ажлын байр нэмэгдэж байна гээд байгаа. Гэтэл төрд 40 мянган ажлын байр нэмэгдсэн. Уул уурхай дагаад 20 мянган байр нэмэгдсэн. Төрд хэдэн жилийн өмнө 100 мянга хүрэхгүй ажлын байр байсан. Одоо бараг 150 мянга болж байна. Асуудал ингээд л буруу яваад байна. Нэг зүйлийг ингэж хоёр гурван удаа яриад л байдаг. Тэгээд шийдэл байхгүй тохиолдолд иргэд бухимддаг. Эцэст нь нийгмийн тогтворгүй байдал руу хөтөлдөг.
Төрийн ярих дургүй хоёр сэдэв бий. Ямар бодлого алдаатай байна гээд буруугаа ерөөсөө ярьдаггүй. Ялангуяа сонгууль ойртсон энэ үед бүр ярихгүй. Хоёр дахь нь хуулийн хэрэгжилт, шударга ёсны асуудал. Жишээ нь авилгын асуудал. Одоо Монголд авилгыг Ерөнхийлөгч ярьдаг, эсвэл гадаадын хүн л ярьдаг болж байна. Сая бол энэ талаар Форум дээр хурал удирдсан гадаадын хүн л ярилаа шүү дээ. Найман хүн тайзан дээр сууж байхад Монголын авилгын асуудал хариуцсан нь гадаад хүн. Төр нь ерөөсөө ярьдаггүй. Үүн шиг утгагүй юм байж болох уу.
Миний бодлоор төрийн хоёрхон үүрэг л байгаа юм. Нэгдүгээрт үйлчлэх туслах, нөгөө нь хуулиа хэрэгжүүлэх. Өөр олон юм руу орж улс орон, ард түмнийхээ амьдралд хүндрэл учруулж болохгүй. Төр ашигтай бага хүүтэй зээлийг нь аваад, харин хувийн хэвшилд өндөр үнэтэй зээл нь үлддэг. Төр ажлын байрыг нь булаагаад, хувийн хэвшилд юм үлддэггүй. Ингэж болохгүй. Төр нь үйлчилдгээрээ үйлчлээд, туслаад явах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн үүрэг ч тэр, ард түмэнд үйлчлэх юм. Төр хуулийн хэрэгжилтийг хариуцдаг гэдгээ маш сайн ойлгох ёстой.
Төрийг тойроод хөнгөлөлт зэрэг нь байна. Уул уурхай дээр тэр ашигт боломжууд нь байгаад байна. Бусад салбар, жижиг дунд үйлдвэр дээр нь бол алга. Биднийг авч явах ёстой хувийн хэвшил ийм байдлаас болоод явахгүй байгаа нь эргээд бидний зорьсон ардчилал, сайн сайхан зүйлийг унагах эрсдэлтэй. Тэгэхээр амьдрах чадвартай хувийн хэвшлээ хоёр талаас нь дэмжээд өгөх хэрэгтэй. Тодорхой шийдлүүдийг гаргах нь зүйтэй. Татварыг нь чөлөөлдөг ч юм уу, дарамтыг нь багасгадаг ч юм уу. Таатай нөхцөлийг нь бүрдүүлэхгүйгээр энэ салбарууд босохгүй.
Монголын хувьд улс төр хамгийн том эрсдэл болоод байна. АНУ-ын Ерөнхийлөгч асан Р.Рейган "Төр бол асуудал" гэж хэлсэн байдаг. Харин Монголын нөхцөлд “Төр бол эрсдэл” гэж хэлмээр байна. Улс төр бол аюул.
Төсвийн тогтворжуулалтын хууль гаргалаа гээд ярьж байсан. Гэтэл хэрэгжүүлэх хугацаа нь 2013 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш. Хуулиа баталчихаад 2 жил хэрэгжүүлэхгүй байж байна. Энэ нийгэмд болохгүй байгаа зүйлийг шийдэх гэж л энэ хуулийг баталсан шүү дээ. Яагаад заавал 2013 оноос хэрэгжүүлэх хэрэгтэй гэж. Ашиг сонирхлын тухай хууль батлаад хэрэгжүүлж эхлэх хугацаа нь долдугаар сарын 15-наас хойш. Одоо УИХ-д нэр дэвших гэж байгаа нөхдүүдэд, байгуулагдах гэж байгаа Засгийн газарт тэр ашиг сонирхол хамаагүй юм уу. Би хамгийн хамаатай гэж бодож байна. Иймэрхүү байдлаар асуудал шийдэхээс байнга хойш суудаг нь өөрөө том асуудал болоод байна.
Банкны асуудлаар ярьсан гэж байна. Мөнгөний ханш уналаа гээд байгаа. 60 хувь нь улс төрийн асуудал оролцооноос болсон гэсэн судалгаа бий. 60 хувийг нь өөрсдөө бий болгочихоод Монголбанк руу дайрч очоод нөөцөө гаргаж зар, ханшийг тогтвортой барь гэдэг. Ингэж шаардаж байгаа нь Монголыг л баллана гэсэн үг. Тэгээд Монголд үйлдвэрлэл хөгжихгүй, аль нэгэн газар үйлдвэрлэл хөгжинө гэсэн үг. Шатахууны асуудал 6 сарын өмнө гарахад асуудал хариуцсан сайд нь шатахууны газруудад очиж лацдаад хэнд шатахуун зарах вэ, хэнд зарахгүй вэ гэдгийг хүртэл зааж өгсөн.
Энэ бол аюул. Ингэхийн оронд шатахууны нөөцийг бий болгох асуудлыг шийдэх ёстой байсан. Нийт хэрэгцээний 60 хувийг авдаг уул уурхайдаа өндөр татвар тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол чөлөөлөх юмгүй болтлоо Монголын төр уначихсан явж байна. Хэрэв тэгээд тэндээс бага ашиг орж ирж байвал нөгөө боловсруулах үйлдвэр, нүүрснээс шатахуун гаргах талаар төр бодож эхэлнэ. Ингэхгүй л бол 5, 6 жил яриад ч ажил явахгүй.
Орон сууцны зээл гээд ярьж байна. Энэ бол бараг моргэйжийн зээл биш, халамжийн асуудал болчих гээд байна. Хүүхэд төрүүлсэн ээжид өгнө гэж байгаа бол энэ утгаа алдана. Би нэг зүйлд баярладаг. Монгол улсын Ерөнхийлөгч болоод надад орон сууц хуваарилах юм уу, мэддэг ямар ч эрх байхгүй. Хэлсээр байтал харин өөдөөс “Та Ардын их хурлын депутат байсан. Таны нэр дээр 70 сая төгрөг байгаа. Танд нэг орон сууцны эрх байна” гэж байгаа юм. Ганц орон сууцны эрхтэй байгаадаа л баярлаж байна. Хэрэв төр орон сууцыг мэддэг байсан бол яах болж байна вэ. Үүнээс салгах гэж л бид ардчилсан хувьсгалыг хийсэн шүү дээ.
Өнөөдөр энэ гар утасны компаниуд төрийн мэдэлд байсан бол юу болох билээ. 6 оронтой утасны дугаар хэвээрээ л байж байхсан. Эрчим хүчний салбар хамгийн доор буюу 15 дугаар байранд жагсаж байна. Төрийн мэдэлд байдаг учраас л тэр. Төрийн үүргийг зөвхөн даатгалд үлдээгээд, бусад асуудлыг төр хаях хэрэгтэй. Тэгсэн бол гар утасны салбар шиг өрсөлдөх чадвараараа босоод ирчихсэн байх ёстой. Ресторанууд дээр үеийнх шигээ төрийн мэдэлд байсан бол бид нар сайн хоол идэх гэж Эрээн явах байсан. Харин өнөөдөр бол бид хаана ч сайн хоол идэж байна. Төр ингэж оролцоогоо татаж авсан газар босч ирээд байна. Харин төр хэт оролцоод байгаа тэр газар л ажил унаад байна.
Энэ алдаагаа бид маш сайн ярих хэрэгтэй. Тэр алдааг гаргагчдад би ч орж байгаа. Хамгийн гол алдаагаа ойлгосон бол тэрийгээ залруулж чаддаг, дахин давтахгүй байх л хэрэгтэй. Сонгуулиар бэлэн мөнгө амладгаа болиулах гээд хууль баталсан нь үүний нэг шинж гэж ойлгох хэрэгтэй. Ер нь халамжаар явбал Монголын ард түмний бүтээлч байдлыг устгах болно.
Арабын орнууд сайхан байна гээд л ярьдаг. Би Арабын орнуудаар айлчилж үзлээ. Гэтэл тэд Монгол сайхан шүү дээ, Монголын ард түмэн юм хийх тэмүүлэлтэй харагддаг гэж хэлдэг. Арабд бол амар ч болно. Харин амьдрах газар биш. Монголыг ийм газар болгож болохгүй. Цаашдаа буруу гэж бодсон зүйлээ хийдэггүй байх хэрэгтэй. Сонгогддог ч бай, үгүй ч бай ийм зориг гарж чаддаг баймаар байна.
Монголын дэд бүтэц бас л их эрсдэл дагуулж байгаа. Хятадаас 8 зам ирж байхад бидний угтаж авч байгаа нь ердөө хоёрхон. 80 литр ус өгье гэж байхад 20 литрийн сав бариад зогсч байгаатай адилхан. Замын -Үүдийн эрсдэл гэж нэр томъёо гарсан байна. Тэнд нэг даргын жолооч бол 10 вагон ачуулах эрхтэй. Ямар дарга гэдгийг нь мэдэхгүй. Гэтэл энгийн хүн ямар нэг хахуульгүйгээр вагон ачуулах гэж 10 хонож байна. Даргын жолоочийг хахуульдаж чадсан бол 2 вагоныг нь авч чаддаг. Үүнийг төрийн зовлон гэж байгаа юм. Ийм асуудлуудаа шийддэг болох хэрэгтэй.
Одоо би ингэж ярилаа гээд асуудал шийдэгдэхгүй. Аягүй бол Форумын дараа хүлээн авалттай байгаа, тэгээд л мартагдана. Одоо би хувийн хэвшлийнхэнд хамгийн их итгэж байна. Хувийнхан өөрсдийгөө энэ төрийн эрсдэлээс хамгаалдаг чадвартай болох хэрэгтэй. Ерөөсөө улс төрийн албан тушаалтан гэдэг энэ зүйлээс л аюул ирж байгаа. Зарим нэг сайд нарыг харахад аюул тарихаар харагдаад байна. Бас нөгөө талд нь шинэ сонгуулиар гарч ирэх гээд байгаа хүмүүсийг харъя.
Тэд нар гарч ирээд гайгүй болох байх гэхээр голдуу миний таньдаг хүмүүс, голдуу бүүр аймаар улсууд байна шүү дээ. Тэд нар нь гараад ирвэл Монгол орших уу, үгүй юу гэмээр. Миний хэлдэг нэг үг бий. Дарга байхдаа л шударга бай. Эрх мэдэлтэй байхдаа асуудлыг шийд. Асуудлын хэцүүгээс битгий ай. Тэгээд л боллоо. Тэгээд 4 жилийн дараа суудлаа тавиад явчихдаг байх хэрэгтэй. Тэртээ тэргүй цаг хугацаагаар шүүгдээд үлдэнэ. Энэ хүн чинь нээрээ л ийм юм хийчихсэн шүү. Мөн ч эрсдэлтэй асуудал байсан, гэхдээ шийдэж чадсан гэж яригдана. Улс төрийн аюулаас хамгаалах дархлаагаа бий болгох нь чухал гэж хэлэх гээд байгаа юм.
Дөрвөн жилд нэг сонгууль болдог. Сонгуулийн нэг жилд нь улстөржчихдөг. Дараа нь байгуулах гэж нэг жил улс төрждөг. Тэгээд үндсэндээ нэг жил л ажил хийдэг. Монгол байгаль цаг агаарын хувьд их хавчигдсан орон. 6 сар хүйтэн байдаг. Их хүнд шүү дээ. Тэгээд зун болоод ажиллая гэхээр бүгдээрээ баяр наадам гээд яваад өгдөг. Ажлын ганц улиралтай гэсэн чинь бүгд амардаг. Хэдийд нь ажиллах юм бэ. Ийм эрсдлүүд байна аа. Тэгэхээр болохгүй байгаа зүйлээ гаргаж тавьдаг, ярьдаг, шийддэг болъё оо гэж уриалах гэсэн юм.