Шүүхийн багц хуулиудын эхнийх УИХ-аар батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Шүүхийн багц хуулиудын эхнийх УИХ-аар батлагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүхийн багц хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барьсан билээ. Өнөөдөр УИХ-аар Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиуд тус тус батлагдан гарлаа.  Шүүхийн шинэчлэлийн багц хууль нь шүүхийн шинэтгэлийн амин чухал асуудлууд болох шүүхийн бие даасан, нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүхийн захиргаа, төсвийг бие даалгах,  шүүх, шүүгчийн ажлын ачааллыг зохистой болгох, шүүгчийн ур чадвар, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх замаар шударга шүүхээр шийдвэрлүүлэх Үндсэн хуулийн зарчмыг бодитойгоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой юм.  Мөн УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэх хуулийн төсөлд тус багц хуулийн дараагийн хуулиуд болох Шүүхийн захиргааны тухай хуулийн төсөл, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төслүүд орох юм. Ингээд 2012 оны 3 дугаар сарын 7-нд УИХ-аар батлагдсан Шүүхийн тухай багц хуулийн эхний гурван хуулийн талаар товч мэдээллийг тус тус хүргэж байна.

1. Шүүхийн тухай хууль

Энэхүү хуульд шүүхийн бие даасан байдал, зохистой ачааллыг бий болгох, ил тод нээлттэй байх зарчмыг баталгаажуулах, шүүхийн дотоод хараат бус байдлыг бууруулах шинэчлэлийн зохицуулалт багтсан. Шүүхийн бие даасан байдлыг баталгаажуулах зорилгоор эдийн засаг, улс төр, эрх зүй, аюулгүй байдал, зохион байгуулалт зэрэг цогц баталгааг хуулинд заасан. Үүнд гүйцэтгэх эрх мэдэл шүүхийн төсвийг хасч, танадаг байдлыг зогсоох үүднээс бие даасан засаглалын хувьд төсвөө УИХ-д шууд өргөн мэдүүлэх, батлахдаа урсгал зардал, цалинг хасахгүй байх зарчмыг  заасан.

Шүүгчийн ачаалал хот суурин газар, хөдөө орон нутагт харилцан адилгүй байдгаас эдийн засгийн үр ашгийн хувьд учир дутагдалтай байдаг ба шүүхийн тогтолцоо нь орон нутгийн засаг захиргаанд тулгуурласанаар тухайн засаг захиргааны хөндлөнгийн нөлөөлөл бий болгож байдаг тул энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс шүүхийн тогтолцоог нутаг дэвсгэрийн байршил, хүн амын нягтаршил, хэрэг, маргааны шийдвэрлэлтийн тоо зэргийг харгалзан тойргийн зарчмаар байгуулна. Шүүгч эрүү, иргэн, захиргааны маргааныг  шийдвэрлэхэд тухайн салбарын нарийн мэдлэг, мэргэшсэн байдал нь  нэн чухал ба энэ нь иргэний шударга шүүхээр шийдүүлэх эрхийн нэг үндэс болдог тул анхан болон давж заалдах шатны шүүхийг эрүү, иргэн, захиргаа зэрэг хэрэг, маргааны төрлөөр дагнан байгуулна. Энэ зарчмын үүднээс УДШ-ийн эрүү, иргэн, захиргааны танхимын шүүгчид танхим хооронд сэлгэн ажиллахыг хориглоно.

Шүүхийн дотоод  хараат бус байдлыг бууруулах зорилгоор шүүхийн захиргааны удирдлагын чиг үүргийг салгаж, бүх шатны Ерөнхий шүүгчийн хэрэг хуваарилах, шүүх бүрэлдхүүн томилох зэрэг бүрэн эрхийг хязгаарласан.

УДШ-ийн ачааллыг багасгах, шийдвэрийн чанарыг сайжруулах, эцэс төгсгөлгүй давж заалддаг тогтолцоог өөрчлөх зорилгоор УДШ хэргийн үйл баримтыг авч хянахгүйгээр, зөвхөн эрх зүйн маргааныг хянан үзнэ. Мөн талуудын гомдлоос гадна зөвхөн Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр хяналтын журмаар хянан шийдвэрлэнэ. УДШ-ийн бүх гишүүдийн хуралдаан буюу 4 дэх хяналтын шат байхгүй болно.

Мөн УДШ нь хуулийн албан ёсны тайлбар гаргахдаа тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах ба ингэснээр УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халддаг байдлыг өөрчилнө.  УДШ-ийн мэргэжлийн удирдлагын эрх хэмжээг хязгаарласан ба энэ нь шүүхийн төвлөрсөн удирдлагыг сааруулах, шүүгчийн дотоод хараат бус байдлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Шүүхийн шийдвэрийн боловсруулалтыг сайжруулах зорилгоор  шийдвэрийн хууль зүйн үндэслэл, тогтоох хэсгийн заалтыг тодорхой бичих стандарт бий болгох ба энэ нь маргалдагч талууд шийдвэр гарах болсон үндэслэлийг бүрэн ойлгож, хүлээн авах, улмаар шаардлагагүйгээр давж заалдах байдлыг бууруулна.

Шүүхийн шийдвэр нээлттэй байж, заавал тухайн шүүхийн цахим хуудсанд байрлуулна. Шүүгчийн дотоод итгэл, үнэмшил хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор шүүгч тухайн хэргийн асуудлаар ““тусгай саналтай” байж болох ба  хэргийн хавтаст хавсаргана. УДШ-ийн “тусгай санал” шийдвэрийн хамт хэвлэгдэнэ.

2.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль

Энэ хуулийн зорилго нь шүүхийн шинэчлэлийн чухал хэсэг болох шүүгчийн шалгуурыг тодорхой болгох, босгыг өндөрсгөх, сонгон шалгаруулах журмыг нарийвчлан зохицуулах, ил тод, шударга болгох, шүүгчийн хариуцлага, ёс зүйг өндөржүүлэх, шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулах явдал юм.

Шүүгч болон Ерөнхий шүүгчид тавигдах шалгуурыг шүүхийн шат тус бүрд тодорхойлж, одоогийн шүүгчийн туслах зэрэг захиргааны ажилтан шүүгч болдог тогтолцоог халж, хуульд заасан болзол шаардлагыг хангасан өмгөөлөгч, прокурор болон хуулийн сургуулийн профессор зэрэг зохих туршлагатай хүн шүүгчид нэрээ дэвшүүлнэ.

Шүүхийн мэргэшлийн хороо нэр дэвшигчдээс ерөнхий эрдмийн шалгалт авахгүйгээр мэдлэг, ур чадварын үнэлгээ гаргана. Хуульчдын Холбоо шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаархи дүгнэлтийг гаргана. Шүүхийн Ерөнхий зөвлөл нь Мэргэшлийн хорооны үнэлгээ, Хуульчдын Холбооны дүгнэлтийг үндэслэн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг үнэлгээний дүнгээр эрэмбэлж гарган,  илээр санал хураан олонхийн санал авсан 2-3 хүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Ерөнхийлөгч татгалзвал нэрсийн жагсаалтын дараагийн нэр дэвшигчийг өргөн мэдүүлнэ. 

Давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжин шүүгчээр дэвших ба харин УДШ-д эрх зүйн маргаан шийдвэрлэдэг тул өмгөөлөгч, прокурор, хуулийн профессороор 10 жил ажилласан этгээд нэрээ дэвшүүлж болно. Шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх, чөлөөлөх, дуусгавар болгох үндэслэлийг тодорхой заасан.

Шүүгчийн  зэрэг, дэвээр үнэлдэг байдлыг халан харин шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг 3-5 жилд дүгнэх ба ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанараас хамааран цалингийн нэмэгдэл авна. 

Шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулах зорилгоор аливаа хөндлөнгийн нөлөөллийг хориглон, түүнээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн мэдүүлгийг шүүгч хэрэг бүрт хөтлөж, хавтаст хэрэгт хавсаргана. Хэрэв нөлөөлөл байсан нь тогтоогдвол Шүүхийн Ерөнхий Зөвлөл холбогдох арга хэмжээ авч, нийтэд мэдээлнэ. Шүүгчийн хараат бус байдалд халдсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан.

Шүүгчийн нийгэм, эдийн засгийн баталгааг цогцоор зохицуулан УИХ-аас шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулахгүйгээр батлах, шүүгчээр ажилласан 5 дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос 2 хувиар нэмэгдэх, амь нас, гэнэтийн ослын даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна. 55 насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгож болохоос гадна шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгож  болно.

Шүүгчийн хариуцлагыг  цогцоор  зохицуулан  хориглох зүйл, иргэний эрхэд
тавигдах хязгаарлалт, сонирхлын зөрчлийн зохицуулалт зэргийг тодорхой заасан. Мөн ёс зүйн дүрэм зөрчсөн тохиолдолд хүлээлгэх сахилгын хариуцлага, Ёс зүйн хорооны шийдвэрлэх журмыг дэлгэрэнгүй зохицуулсан.  

3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль

Монгол Улсын эдийн засгийн хурдацтай өсөлт, томоохон төсөл, хөрөнгө оруулалт нэмэгдснээр  чанартай хууль зүйн туслалцаа, үйлчилгээний эрэлт хэрэгцээ ихээр нэмэгдэж, үүнээс үүдэн энэ салбарт дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлага  бий болж, хуульчдын тогтолцооны шинэчлэлийг шүүх эрх мэдлийн шинэчлэлийн  хүрээнд шийдвэрлэх шаардлага тулгарч байна. 

Энэхүү хуулиар зохицуулалт дутмаг байгаа хууль зүйн дэд  бүтэц, хуульчдын
мэргэжлийн хүрээ, тэдний мэргэжлийн үйл ажиллагааг зохицуулах нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, хуульчийн үйл ажиллагаа, хууль зүйн туслалцааг цогц байдлаар зохицуулснаараа онцлог юм.

Дэлхийн нийтлэг жишиг болох BAR буюу хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Хуульчдын холбоог байгуулан, хуульчийн шалгалтад тэнцэж, элсэх өргөдлөө өгсөн хүн бүр эрхэлж буй ажил хэргээс үл хамааран  гишүүн байна. Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн шалгалт зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, үргэлжилсэн сургалт зохион байгуулах, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм батлах, хууль зүйн сургуулиудыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран магадлан итгэмжлэх, шүүгчид нэр дэвшигчдэд дүгнэлт гаргах,  өмгөөлөгч, шүүгч, прокурор шүүн таслах ажиллагаанд мэргэжлийн алдаа гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэнэ.  Мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагад ийнхүү төрийн чиг үүргийг шилжүүлснээр төвлөрлийг сааруулах, мэргэшлийн чанар, хариуцлагыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. 

Энэ хуулийн ач холбогдол нь хуульчдын мэргэжлийн нэгдсэн хариуцлагын тогтолцоог бий болгож, шүүх, прокурор, өмгөөлөгчийн гаргасан мэргэжлийн алдааг хянан шийдвэрлэдэг механизм бүрдүүлж  буй явдал юм. Хуульчийн шалгалтыг 1 шатлалтай болгож,  өмгөөллийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг боловсронгуй болгож, зохион байгуулалтын хэлбэрийн хувьд олон улсын жишгээр нөхөрлөлийн хэлбэртэй байхаар зохицуулсан.   

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж