“Архигүй Монгол”-ыг дэмжсэн өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

“Архигүй Монгол”-ыг дэмжсэн өдөрлөг боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг дэмжин Олон нийт, цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөрийн хүрээнд ЦЕГ-ын харьяа Төмөр зам дахь цагдаагийн хэлтэс, Монголын эмэгтэйчүүд, хүүхдийн архидалт, мансуурлын эсрэг нийгэмлэг, чөлөөт уран бүтээлчид хамтран “Хэвтэж буй хүн” өдөрлөг зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ өдөрлөгийн нээлт өнөөдөр төмөр замын төв буудлын арын талбайд 2012 оны 3 дугаар сарын 06 нд болж, УБТЗ-ын удирдах газар, “Хөх Монгол” бүлгэм дэмжин оролцлоо.

Өдөрлөгийн үеэр архины хор уршгийг бодитой харуулах, энэ талаар бичсэн ухаарлын шүлгүүд, санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тараах ажээ. Мөн архины эсрэг аяныг дэмжигчдийн гарын үсгийг цуглуулах, тэдний санал хүсэлтийг нь авч холбогдох байгууллагуудад хүргэх юм байна.

Олон нийт, цагдаагийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн төдийгүй төрийн болон төрийн бус байгууллага, уран бүтээлчид хамтран архины эсрэг сурталчилгааг бодит байдлаар хүргэх энэхүү шинэлэг арга хэмжээний үеэр оролцогчид уриалга гаргав.

Уриалгад “Та бид амь нас, эрүүл мэнд, ажил алба, аз жаргалтай амьдрал, аав ээжийнхээ хайр энэрэлд умбах алаг үрсийнхээ баяр баясгаланг “Архи” хэмээх гашуун ундаагаар сольж сэтгэлийн айдас, гунигийн нулимсыг урсгах эрх байгаа гэж үү.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг дэмжиж аливаа баяр ёслол, уулзалт, үдэшлэгийг архигүйгээр тэмдэглэх, сахилга хариуцлагыг сайжруулан ёс зүйтэй иргэн, манлайлагч хамт олон болохыг уриалж байна. Архидалтын эсрэг олуулаа нэгдэцгээе” гэжээ.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж