FIFA Ираны охидод боломж олголоо

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

FIFA Ираны охидод боломж олголоо

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Ираны охидын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид толгойгоо ороодог хижаб алчуурын оронд малгай өмсөнө гэвэл залуучуудын анхдугаар олимпийн наадамд оролцох боломжтой гэсэн шийдвэр гаргажээ. Ирэх наймдугаар сард Сингапурт болох залуучуудын анхдугаар олимпийн наадмын охидын хөлбөмбөгийн тэмцээнд оролцох эрхээ авсан Ираны баг тамирчид хижаб алчуурын улмаас олимпод оролцох эрхгүй болж, харин эсрэг талаас FIFA ихээхэн шүүмжлэлд өртсөн билээ. Хөлбөмбөгийн спортод шашны болон улстөрийн нөлөөг үгүй болгох үүднээс FIFA 2007 онд ямар нэг шашны гаралтай эд зүйлстэй талбайд гарахыг хориглож, дүрэмдээ тусгайлан заалт оруулсан юм. Харин лалын шашинтай иран охид шашны ёс жаягийн дагуу хижаб алчуураар толгойгоо боох ёстой учир олимпийн наадмыг орхихоос өөр аргагүйд хүрээд байв.
FIFA дээрх шийдвэрийнхээ талаар хийсэн мэдэгдэлдээ “Ираны хөлбөмбөгийн холбоо болон Ираны олимпийн хорооноос бичгээр хүсэлтээ ирүүлж, тэмцээний үеэр лалын шашны хижаб алчуур толгойдоо зүүхгүй гэдгийг мэдэгдэж, харин тэдний хувьд нааштай ямар нэг шийдвэр гаргахыг хүссэн. Хижаб алчуурын оронд тоглогчид үсээ далдалсан малгай өмсч болно. Гэхдээ чих болон хүзүү ил гарч байх ёстой” гэжээ.
Өнгөрсөн сард FIFA-гаас хижаб алчуурын улмаас Ираны багийн олимпод оролцох эрхийг хассан бөгөөд тэднийг орлож Тайландын тамирчид залуучуудын олимпод оролцохоор болоод байсан юм. Харин дээрх шийдвэр гарсан учир Ираны охидын багийн олимпийн наадамд оролцох эрх нээгджээ.
Дашрамд сануулахад, Сингапурт наймдугаар сарын 12-25-ны хооронд үргэлж залуучуудын анхдугаар олимпийн наадамд 14-18 насны 3600 гаруй тамирчид спортын 26 төрлөөр өрсөлдөх юм.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж