Хятадын зураач Кян Йигийн уран бүтээлийн хэв маягийг график юм уу акриль уран зурагтай хольж хутгах нь цөөнгүй. Үнэхээр л график зураг… Гэхдээ 100 хувь компьютерийн… Ур чадвараа ийнхүү төгс болтол нь хурцлахад зураач маш олон жил зарцуулсан ч өнөөг хүртэл суралцсаар байгаа гэж агуу Тим Бёртоны уран сэтгэмжит хүүхэлдэйн киноны кадр мэт зураг бүтээдэг урлаач маань ярьдаг гэнэ.
Тод бөгөөд цэгцтэй зураас, хэлбэрийг хэргээр хайхрамжгүй татсан элемент, нялсан будагтай холих нь энэ авьяаслаг зураачийн дуртай арга барил нь юм. Бүтээлийнх нь хурц, содон өнгө нь зураачийн сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлнэ. Энэхүү өвөрмөц зураг нь шууд үзэгчийн анхаарлыг татах бөгөөд цаашаа бүх зургийг нь үзэж байж л сэтгэл ханамаар. Ер бусын, өөр ертөнцийн тухай зургуудаас гадна жирийн, энгийн амьдралын гэмээр бүтээлүүд ч байдаг нь тун содон.
Хүн ба амьтан, байгаль болон тахиралдсан гудамж, зам ба тэнгэр… Энэ бүхэн Кян Йигийн өвөрмөц бүтээлд тусгалаа олсон. Илүү ихийг үзэхийг хүсвэл зураачийн сайтаар зочлоорой.