Байнгын хорооны хуралдаан эхлэх үед УИХ-ын гишүүн Х.Жекей “Хэлэлцэх асуудлын хүрээнд улсын нууцтай холбоотой асуудал хөндөгдөх болж байгаа учраас хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх шаардлагатай байна” гэсэн горимын санал гаргасан юм. Харин сайд Ж.Энхбаярыг огцруулах асуудлыг өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Энэ асуудал нь улсын нууцад хамаарахгүй. Тэр тусмаа Батлан хамгаалахын сайд нь хэвлэлд ярилцлага өгөхдөө Зэвсэгт хүчнийг улстөрийн тэмцэлд татан оруулах гэж байна гэсэн урьд өмнө сонсож байгаагүй дүгнэлт хийсэн байр суурийг илэрхийлсэн тул энэ асуудлыг бүр нээлттэйгээр хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Үзэж байгаагаар барахгүй бүр шаардаж байна” гэсэн юм.
Гэхдээ хуульд зааснаар УИХ-ын гишүүн горимын санал гаргасан нөхцөлд гишүүдээр санал хураалгадаг. Ингээд УИХ-ын гишүүн Х.Жекейгийн гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцож байсан 12 гишүүнээс долоо нь эл саналыг дэмжсэнээр байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлээд байна. Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан зарлаж, эл асуудлыг мөн авч хэлэлцэнэ. Гэхдээ чуулганы нэгдсэн хуралдаан бас л хаалттай хуралдах болж байна.