2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь нас хохирч, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарт холбогдох хэргийг шүүх хурал өнгөрөгч хоёрдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болох байсан ч хоёр өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй учир гуравдугаар сарын 14-нийг хүртэл хурлын товыг хойшлуулсан юм. Энэ үеэр Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралдаанд гэрчээр байлцуулах хүсэлт гаргасан юм. Үүний дагуу өнгөрөгч долоо хоногт буюу энэ сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарт шүүх хуралд гэрчээр оролцох зарлан дуудах бичиг хүргүүлсэн талаар мэдээлсэн. Тэгвэл ганцаараа зарлан дуудах бичгээ хүлээж аваагүй байсан ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэр, ажлын газрын хаягаар шүүх хуралд гэрчээр оролцох зарлан дуудах бичгийг хоёр өдрийн өмнө илгээжээ. Тэрбээр шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах талаар албан ёсоор мэдэгдэж, шүүх хурлыг нээлттэй явуулсан тохиолдолд гэрчээр оролцохоо мэдэгдсэн. Гэвч Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдсан хурлын протокол болон бусад зүйлс шүүх хурлаар яригдах учир нээлттэй явуулах боломжгүй талаар шүүгчид байр сууриа илэрхийлж байгаа юм.
С.Отгон